Нийслэлийн хүн ам, машин жил ирэх бүрд нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор хэт төвлөрлийг арилгах, автомашины зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, ногоон байгууламжтай болгох зорилгоо хотын дарга болгон танилцуулдаг. Түүний хүрээнд иргэдийн зарим нэг өмчийг нураах, жишээ нь нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан гражийг албадан буулгах болсон нь нөгөө талдаа иргэдэд учирч буй бодит хохирлыг хэн төлөх вэ гэсэн асуулт үлдээж байна. Төсөвгүй хийгдэх ажил нийслэлд нэг ч үгүй. Их хэмжээний мөнгийг дүүрэг бүр дээр хуваан тавьж, граж буулгах ажлыг энэ сард эрчимжүүлсэн.
Граж буулгах ажилд нийт хэчнээн тэрбум төгрөгийг аль аль дүүрэгт зарцуулахаар тусгасан, газар чөлөөлөлт дээр ямар бүтээн байгуулалт хийгдэх талаар нэгдсэн мэдээллийг өгөх албаны хүн алга. Тэр ч бүү хэл зөвшөөрлийн бичигтэй гражийг албадан буулгаад нөхөн төлбөр өгөхгүй байгаад иргэд гомдолтой байна.
Хотын дарга Д.Сумъяабазар иргэддээ ээлтэй хот байгуулна гэж амалсан. Амлалтаа биелүүлэхийн тулд иргэдээрээ туг тахиж суугааг нийслэлийнхэн шүүмжилж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэр дээрээ шилжүүлж авсан эзэмшил бүхий гражийг нь албан зөвшөөрөлгүй хэмээн албадан нурааж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй үнэлгээний төлбөр өгөх, гэрээ, тохиролцоо юу ч байхгүйгээр л нэг өдөр ч хүрч ирээд нураагаад хаячихаж.
ГРАЖИЙГ ЭЗЭМШЛИЙН АНГИЛАЛ ГАРГАХГҮЙГЭЭР АЛБАДАН НУРААЖ БАЙГААГ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЛЭЭ
Газрын тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, дур мэдэн олон нийтийн эзэмшлийн газар авсан бол Засаг даргын шийдвэрээр граж болон объектыг буулгана гэж заажээ. Харамсалтай нь, нийслэлийн албан хаагчдад ямар ч хамаагүй аргаар хотын даргын шийдвэрийг биелүүлэх нь чухал. Хүний хөрөнгө мөнгө тэдэнд чухал биш. Дүүргүүдийн тухайд авч үзвэл, Баянзүрх, Сонгинорхайрханд ажлын явц эхэлсэн байна.
Граж нь үндсэндээ гурван эзэмшилд хамаарч байгаа юм. Нэгдүгээрт, нийслэлийн зөвшөөрөлтэй. Хоёрдугаарт хувь эзэмшлийн, гуравдугаарт дүүргийн захирамжтай аж. Харин нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшлээр биш бүсээр нь авч үзэж гражийг буулгаж байгаа аж.
Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригийн хэлснээр “Энэ жил нийслэлд 188 байршилд 4860 граж буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн. Газрын эздэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлж байна. 4860 гражийн тухайд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын 15-наас газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ” гэсэн юм. Харин иргэдийн зүгээс гражийг нь буулгах тухай нэг ч удаагийн захирамж ирээгүй гэв. Тодруулбал, энэ сарын 15-наас өмнө хүргүүлсэн хоёр удаагийн захирамж эзэддээ очоогүй байна. Харин газрын албанаас мэдэгдэх хуудас л наажээ. Энэ нь хууль зөрчиж байгааг “Тоосгон граж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо”-ноос хэллээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС БУУЛГАСАН ГРАЖ, ХАЙС, ХАШААНЫ ОРОНД НОГООН БАЙГУУЛАМЖ БИЙ БОЛГОНО
Газар чөлөөлөх талбайд оршин суугчдын саналыг тусгаж байгааг албаны хүмүүс онцолсон. Түүгээр ч зогсохгүй ирэх сарын 1-нээс чөлөөлсөн газарт бүтээн байгуулалт босно гэсэн юм. Өнгөрсөн жилийн тухайд 1000 граж буулгажээ. Уг ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлсэн байна. Харин энэ жил хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөжээ. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авах юм. Гэвч хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг хэн өгөх нь асуулт хэвээр. Гражаа буулгуулах иргэд нийслэлээс ядаж нэг зогсоол эсвэл 5-15 сая төгрөгийн төлбөр өгвөл тус ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийлж буй. Харин энэ хүсэлтийг нь хүлээж авах хүн байхгүй байгаа аж.
Тэгвэл иргэдийн өмчид халдаж байгаа нийслэлийн удирдлагууд энэ ажилд хэдэн төгрөг тусгасан бол. Албан ажлынхаа төсөв санхүүг хэлэхээс эмээж байна гэдэг бол асуудал.
Иргэдэд нийслэлийн удирдлагыг хуулийн дагуу захирамж гарсны дараа шаардлага өгөх ёстой. Захирамж гарч, шаардлага хүргүүлсний дараа шүүхэд хандах боломж бүрдэнэ. Захирамж гараагүй байхад шаардлага өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болохыг иргэд хэллээ. Тиймээс Баянгол болон бусад дүүргийн иргэд Захиргааны шүүхэд өгч эхэлжээ. Ямартай ч албан даалгавраа хүч түрэмгийлэн биелүүлснээр иргэдийн эрх ашиг ийнхүү зөрчигдөх болсон байна.
Холбоотой мэдээ