Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Гэхдээ хуулиа батлаад мартах биш ажил хэрэг болгох нь чухал. Учир нь “Алтан булаг“ чөлөөт бүсийг байгуулаад 18 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 15 жил болж буй. Гэсэн ч тэнд цөөн тооны худалдааны газар байгуулсныг эс тооцвол эдийн засгийн чөлөөт бүс бүрэн утгаар нь байгуулж чадаагүй л явна. Харин өнгөрсөн хугацаанд таван удаа даргыг нь шинэчилжээ. Энэ нь бодлогын тогтворой байдлыг хангахад сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа явуулах боломж бүрдээгүй” гэж Шадар сайд С.Амарсайхан нэгэнтээ хэлж байсан.
Тиймдээ ч Засгийн газрын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах мөрөөдөл цаасан дээрээ л үлдэх вий гэж үл итгэх хүмүүс ч байгаа юм. Одоогоор Хөшигийн хөндийд 31 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Эхний ээлжид зөвхөн 1000 га талбайд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал яригдаж байна.
Шинэ Зуун мод хот, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн ажлын зураг төслүүдэд зориулан 2024 он хүртэлх хугацаанд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүний дагуу дэд бүтцийн зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар батлуулах гэнэ. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол "Чөлөөт бүсэд гадаад, дотоодын жуулчдыг хүлээж авах зочид буудал, үйлчилгээний цогцолборууд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлалын төв, худалдаа, үйлчилгээний төвүүд, мэдээлэл технологийн кластер төв байгуулах, санхүү, бизнесийн төв, эрүүл мэндийн аялал жуулчлалын хэсэг байхаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын ирээдүйн нүүр царай болох томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр Засгийн газрын зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50-60 мянган ажлын байр шинээр бий болно” гэдгийг онцлов.
МОНГОЛ УЛС КАЗИНОТОЙ БОЛНО
Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төсөлтэй зэрэгцээд Монголд казино байгуулах асуудал ч давхар хөндөгдөж байна. Уул уурхайн экспортоос хэт хамааралтай Монгол Улсын “хүрэн” эдийн засгийг солонгоруулж, аялал жуулчлал болон худалдаа, үйлчилгээний салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Монголд казино байгуулах анх санаачилга 22 жилийн өмнөөс гарсан харамсалтай нь зарим нэг хүнийг буруутган шүүхээс ял шийтгэл оноож байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд казинотой болох зургаан удаагийн санаачилга “анигдсан” байна. Хамгийн сүүлд 2020 онд Казиногийн хуулийг буцаасан байдаг.
Харин энэ удаагийн парламент ямар ч байсан Казиногийн хуулийг батлах бололтой. Урьдчилсан байдлаар Сангийн яамныхны тооцож буйгаар эхний жилд казиногоос 138 орчим тэрбум төгрөг, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбус төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзжээ. Уг хуулийг хамгийн ихээр дэмжиж буй гишүүдийн нэг болох Ж.Мөнхбат “Казиногийн талаар ярихаар хадны мангаа үзсэн мэт ярьцгаадаг. Казино байгуулах нь зөв. Ингээд ярихаар хүмүүс намайг янз бүрээр гоочилж ярих л байх. Казиног дагасан гадаадынхан буу зэвсэг барьж орж ирнэ гэсэн хоцрогдсон ойлголтоо таягдан хая аа. Монголд ирсэн жуулчин буудлын мөнгө төлж, хуушуур бууз идээд жанжин малгай, морин хуурийн тоглоом, говийн ороолт авч байгаа. Үүнээс өөр эдийн засагт орж байгаа зүйл алга. Тиймээс жуулчдын бодит орлогыг эх орондоо үлдээх бодлогыг төр дэмжих ёстой” гэдгийг хатуухан сануулсан.
МӨРӨӨДЛИЙН "ШИНЭ ЗУУН МОД" ХОТ
Хөшигийн хөндийн чөлөөт бүстэй зэрэгцэн шинэ суурьшлын бүс байгуулах тооцоо судалгааг ч хэдийнэ хийсэн. Шинэ Зуун мод хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэх тооцоог гаргажээ. Сонсоход сайхан хэдий ч итгэхэд бас хэцүү юм. Учир нь зах, худалдааны төвүүдийг өнөөдрийг хүртэл нүүлгэж чадаагүй, 10 жил ярьсан ч бахь байдгаараа. Угтаа авто замын түгжрэлийг бууруулахын тулд зах болон их, дээд сургууль, хотын захиргааг хотоос нүүлгэх асуудлыг үе үеийн хотын дарга нар улиг болтлоо ярьсан. Бодлогоо цаасан дээр зурагласнаас хойших хугацаанд “Хотоос нүүлгэнэ” гэх ярианд монголчууд бид ээнэгшин дассан гэхэд болно.
Жилд дунджаар нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд нийслэл хотноо шинээр шилжин, суурьшиж, жил бүр 70-80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгддэг. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амын төвлөрлийн гол шалтгаан болж буй.
Дагуул хотын тухай 20 жилийн өмнө дуугарч байсан ч өнөөдрийг хүртэл нийслэлдээ багтахаа байтлаа чихэлдэж, уулын орой дээр хүртэл гэр байшин бариад сууж байгаа нь төрийн бодлого шийдвэр хүндээ хүрдэггүйн бодит жишээ.
Хөшигийн хөндийн нисэх буудлаа барих гэж долоон жил болсон. Одоо дагуул хотуудаа түүнээс ч олон жил болж байж барих биз. Хэзээ баригдаж дуусах талаар салбарын сайд нь "Дагуул хотууд өнөө маргаашдаа, нэг жилийн дотор монгол гэр барьж, буулгаж байгаа юм шиг баригдчихгүй. Хөшигийн хөндийд байгуулагдах хотын ирээдүйн төвлөрлийг цогцоор авч үзэх ёстой. Газар доор маш олон ажил хийгдэж байж байшин босно. Яриад л маргааш нь байшин барьдаггүй. 30 гаруй мянган хүн амтай хот байгуулахын тулд доод тал нь 10-30 жил бүтээн байгуулалт хийгдэнэ" гэжээ.
Ийнхүү Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, эргэлтэд оруулахаар эрх баригчид ийнхүү мөрөөдөж сууна.
Холбоотой мэдээ