АНУ-ын телевизийн шоу "The Ellen show"-г санаачлагч, хөтлөгч Эллен ДеЖенерес нэвтрүүлгийнхээ сүүлчийн дугаарыг толилуулахаар бэлдэж байна. Бараг 20 жил үргэлжилсэн алдарт шоу ирэх тавдугаар сарын 26-нд сүүлийн дугаараа хүргэнэ.
Тэрбээр сүүлийн дугаартаа АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама тэргүүтэй олон алдартнуудыг оролцуулах аж. Тухайлбал, Ким Кардашиан, Дэвид Леттерман, Женнифер Гарнер, Чаннинг Татум, Серена Уильямс, Зак Эфрон, Адам Левин, Бехати Принслоо, Гвен Стефани, Дайан Китон зэрэг алдартнууд оролцоно.
Мөн энэ үеэр ажилтнууддаа 2 сая гаруй ам.долларын урамшуулал олгохоор төлөвлөжээ. Урамшууллыг яг ямархуу байдлаар хуваарилах нь тодорхойгүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр, шоунд ажилласан жилээрээ ялгаатай аж. Нэгээс дөрвөн жил ажилласан бол хагас сарын цалин, найм хүртэл жил ажилласан бол 21 хоногийн цалин гэх мэтээр зохицуулна гэв. Хамгийн удаан ажилласан ажилчид зургаан долоо хоногийн цалингийн урамшуулал авах юм байна. Шоуны нийт ажилчдын 30 орчим хувь нь 10 гаруй жил ажиллажээ.
Одоогоос хоёр жилийн өмнө Эллен ДеЖенерес цар тахлын хөл хорионоос болж гэрээсээ ажилласан ажилчдынхаа цалинг хассан гэх дуулианд холбогдсон. Мөн тэрбээр 17 жил хамтран ажилласан продюсерын багийнхныхаа цалинг хасч, заримынх нь гэрээг цуцалжээ.
“Variety” сайтад хамт ажиллагсдынх нь мэдээлснээр багийн бараг бүх гишүүнийхээ цалинг 60 хувиар бууруулсан аж. Гэтэл шоуных нь хандалт хөл хорионоос шалтгаалан буураагүй үргэлжлүүлэн цацагдсаар байсан. Эллен ДеЖенересийн хөрөнгийн хэмжээ 2020 онд 330 сая ам.долларт хүрсэн бөгөөд жилд ярилцлагын шоунаасаа 50 сая ам.долларыг олдог байна.
Үүний зэрэгцээ Эллен ДеЖенерес ярилцлагын шоундаа урьж оролцуулсан зочдодоо ялгавартай хандаж, үл тоомсорлодог гэх яриа ч гарчээ. Тухайлбал, Нидерландын нүүр будалт заадаг блогчин Никки де-Жагерыг шоундаа урьж оролцуулахдаа хүндэтгэлгүй харьцсан гэнэ. Түүнийг ярилцлагын шоунд оролцохоор ирэхэд нь Эллен мэнд ч мэдээгүйгээ барахгүй, доод ажилтан нь түүнд юу хийж болох болохгүйг нь зааварчилсан аж.
ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL
Холбоотой мэдээ