Гамшгийн үед нийслэлд түр байрлах 31 байр бий

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Гамшгийн үед нийслэлд түр байрлах 31 байр бий

Гамшгийн үед нийслэлд түр байрлах 31 байр бий

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилалт хийдэг. Ийм боловч сүүлийн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургуулийг зохион байгуулаагүй. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулахаар болжээ.  Дуут дохио дуугарах үед иргэдийг сандарч тэвдэхгүй тайван байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сануулж байгаа юм. Тус газрын зөвлөснөөр гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчим баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм байна.

Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж.

Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Монголчууд аливаа гамшгийн үед зөөврийн компьютер, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж, өөрийгөө эрсдэлд оруулдаг байна.  Тиймээс иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх дуут дохио дуугарах дадлага сургуулилалтын үеэр идэвхтэй оролцохыг албаны хүмүүс уриалж байгаа юм. Ийм боловч иргэдийн хувьд газар хөдлөлт болох үеэр сандрах тохиолдол цөөнгүй. Мөн  гамшгийн үед бэлэн байдлыг хангах дадлага сургуулилт хийх зорилгоор дуут дохио дуугардаг ч тоодоггүй нь нууц биш. Үүнийг ч албаны хүмүүс үгүйсгэсэнгүй. Гэсэн ч дадлага сургуулилтад идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм.

Хэрэв муугаар бодоход газар хөдлөлтийн гамшиг болсон үед нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт 31 түр байрыг байгуулахаар төлөвлөсөн байдаг аж. Мөн түр цугларах 111 байршил бий.

Түр цугларах талбайд иргэд очсоны дараа гамшгийн үед ажиллаж буй албан хаагчид орон гэрээ алдсан болон эрсдэлтэй гэж үзсэн иргэдийг эхний ээлжид түр байрлах байр луу нүүлгэн шилжүүлэх аж. Гамшгийн дуут дохио, газар хөдлөлтийн эрсдэлийн талаар ОБЕГ-ын  Дэд бүтэц газар хөдлөлт хариуцсан мэргэжилтэн  Б.Хишигбаатар хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд түр цугларах талбайг 2016 оны 94 дүгээр тогтоолоор түр цугларах талбайг баталгаажуулсан. Энэ нь нийслэлийн ногоон байгууламж болон том зам талбайд байхаар тогтсон. Иргэдийн хувьд дадлага сургуулилалтад оролцох бэлэн байдлаа дор бүрнээ бэлэн байдлаа хангана. Гамшиг болсон үед түр цугларах талбайд иргэдийг бүртгэсний дараа орон гэргүй иргэдийг нүүлгэн шилжүүлэх байршилд шилжүүлнэ. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт 2-3, Баянгол дүүрэгт 3-4 зэрэг түр байр бий. Энэ жилийн хувьд Гамшгийн аюулын тухай дуут дохиоллыг батлах журмыг боловсруулж ажиллаж байна. Дадлага сургуулилалтын үед өөр аятай байх туршилт хийж байна. Гэхдээ дуут дохио дуугарч дадлага сургуулилалтын үеэр иргэдийн мэдэх нэг ая дуугарна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж