Үнэтэй эко эрчим хүч рүү урагшлах уу, хямд нүүрс руу ухрах уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.18-нд нийтлэгдсэн

Үнэтэй эко эрчим хүч рүү урагшлах уу, хямд нүүрс руу ухрах уу?

Үнэтэй эко эрчим хүч рүү урагшлах уу, хямд нүүрс руу ухрах уу?

Москвагаас цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд дайн эхлүүлснээр Европ тив Оросын байгалийн хийгээс хараат байдлаа улам багасгахад түлхэц боллоо. Оросоос хараат байдлаас салахын тулд Европ тив даяар сэргээгдэх эрчим хүчийг түшиглэхээс өөр аргагүй гэж ажиглагчид үзэж байна. Улмаар Украины дайн нь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн алтан боломж байж болно гэж Европын ногоон гэрээний дэд ерөнхийлөгч Франс Тиммерманс мэдэгджээ. Европын комиссоос тооцоолсноор ОХУ-аас авч буй 24 тэрбум куб/метр байгалийн хийг энэ ондоо багтаан сэргээгдэх эрчим хүчээр солих боломжтой аж. Европын ногоон гэрээ нь Европын холбооны эрчим хүчний шилжилтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэгч юм. Брюсселиэс 270 тэрбум еврогийн бондыг гаргаж,  баталсан тус төлөвлөгөөгөөр Европын холбоо нь сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх аж. Шинжээчдийн үзэж буйгаар дайн нь үнэхээр сэргээгдэх эрчим хүчийг стратосферийн түвшинд хүргэж, Европыг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах зорилтоо биелүүлэх замд оруулж болох ч богино хугацаандаа цахилгаан, дулаан тасалдах, үйлдвэрүүд зогсох, эрчим хүчний үнэ өсөх эрсдлийг дагуулна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийн ялгарлын гол буруутан нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, технологийг хөгжүүлэхээр сүүлийн хэдэн жилийн турш ярьж, хөрөнгө мөнгө төсөвлөх болсон. Нөхцөл байдлыг ОХУ өөрт ашигтайгаар эргүүлэн байгалийн хийгээ борлуулах сувгаа нэмж, Герман руу “Хойд урсгал-2” хийн хоолой барьж, төсөл ч ахицтай явж байв. Гэвч Украин руу дайрах Путины шийдвэрээс болж дэлхийн III дайн дэгдвэл Европ хөлдөх эрсдэл нүүрлэсэн.

Олон улсын эрчим хүчний агентлагаас энэ гуравдугаар сард Оросын байгалийн хийн импортыг 63 тэрбум куб/метрээр танах 10 онооны төлөвлөгөөг гаргасан. Энэ нь Европын өнгөрсөн онд импортолсон байгалийн хийн нийт хэмжээний талтай тэнцүү юм. Шинээр дэд бүтцийг бүтээн босгох шаардлагагүйгээр ирэх онд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж тус агентлагаас мэдээлжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллийн дараа Европын комиссоос илүү амбицтай төлөвлөгөөг танилцуулсан нь ирэх Зул сарын баяр гэхэд Орсоын байгалийн хийн импортыг 2/3 хувиар багасгах, цаашлаад 2030 он гэхэд нүүрс, газрын тос гэх мэт бохир түлшээс бүрэн татгалзана гэв. Европын комиссын ерөнхийлөгч Урсула вон дер Лейен гуравдугаар сарын 8-нд уг төлөвлөгөөг танилцуулахдаа, “Биднийг заналхийлж буй нийлүүлэгчээс хамааралтай хэвээр байж болохгүй” гэсэн байна.

ТӨЛӨВЛӨГӨӨ БА БОДИТ БАЙДАЛ

Европ жилд 495 тэрбум куб/метр байгалийн хий хэрэглэдэг. Тэгвэл Европын комиссын мэдээлснээр ОХУ өнгөрсөн онд 155 тэрбум куб/метр байгалийн хий нийлүүлсэн байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн төлөвлөгөөний дагуу ОХУ-аас авах байгалийн хийг 33 тэрбум куб/метрээр багасгахын тулд европчууд халаалтаа Цельсийн 1 градусаар бууруулж, цөмийн эрчим хүч, био-түлшийг түлхүү хэрэглэх шаардлагатай аж. Мөн дахиад 30 тэрбум куб/метр байгалийн хийн оронд АНУ, Карибын тэнгис, Газар дундын тэнгисийн орнуудаас шингэрүүлсэн хий (LNG) авахаар төлөвлөжээ. Ингэснээр ОХУ-аас авах байгалийн хийн хэмжээг нийтдээ 63 тэрбум куб/метрээр багасгах аж.

Европын комиссын “REPowerEU” төлөвлөгөөний дагуу нарны зайн хураагуур суурилуулах ажлыг эрчимжүүлж, өрхийн эдийн засгийг дэмжих байдлаар байгалийн хийн хэрэглээг 40 гаруй тэрбум куб/метрээр багасгана гэж тооцжээ. Мөн Норвеги, Хойд Африк, Азербайжан зэрэг орнуудаас 10 тэрбум куб/метр байгалийн хий болон 50 тэрбум куб/метр шингэрүүлсэн хий авах гэнэ. Дээрх бүгдийг нийлүүлээд тооцвол Оросоос авах байгалийн хийн хэмжээ 100 тэрбум куб/метрээр буурах боломжтой аж.

Гэхдээ Зүүн Өмнөд Европын эрчим хүчний институт (IENE)-ийн тэргүүн Костис Стамболис дээрх төлөвлөгөөг “үлгэр” гэж мэдэгджээ. Түүний тооцоолсноор дэлхийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгчид 20 тэрбум куб/метрийн тогтмол биш үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Мөн Европын холбооны тооцоолсон шиг Оросын бус хийн хоолойгоор 10 тэрбум куб/метр байгалийн хий авна гэж тооцсон нь ч амар биш. Учир нь байгалийн хий импортлогчдын өрсөлдөөн хамгийн их үедээ байгаа. Тиймээс төлөвлөгөө бодит байдал дээр хэрэгжихэд амаргүй бөгөөд улс орнуудын хооронд зөрчил үүсгэж, байгалийн хийн үнийг улам нэмэгдүүлнэ гэдгийг анхааруулжээ.

 

 

Нөгөө талд профессор Жонатан Стерн Европын комиссын тооцооллыг хэрэгжих боломжтой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Эрчим хүчний судалгааны Оксфорд институтийн сүүлд хийсэн судалгаагаар Европ нь магадгүй нэмэлт 40 тэрбум куб/метр шингэрүүлсэн хий болон Оросын бус хоолойгоор авах байгалийн хийг олох боломжтой гэнэ. Гэхдээ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 2-3 жилийн хугацаанд урьдчилан бэлтгэх шаардлагатай гэдгийг онцолсон байна.

Гэвч асуудлын гол нь хэн нь хэнээс татгалзаж байна вэ? Учир нь ОХУ нь Европ руу дамжуулах байгалийн хийн хэмжээгээ хэдийнэ багасгасан. Оксфорд институтийн мэдээллээр ОХУ-аас Европ руу нийлүүлэх байгалийн хий 2017 оноос өмнө өдөрт 473 тэрбум куб/метр байсныг 2019 он гэхэд 360 тэрбум куб/метр болгож бууруулжээ. Хэрэв ОХУ цоргоо бүрэн хаавал Европт байгалийн хийн нийлүүлэлт 40 хувиар буурах бөгөөд аж үйлдвэрлэл зогсч, эрчим хүч тасрах эрсдэлтэй аж. Дээр нь шингэрүүлсэн хийг хөлөг онгоцноос агуулах руу шахахын тулд терминалуудыг барих шаардлагатай. Үүнд Европын ногоон эрчим хүчний шилжилтэд тусгасан шиг хүчлэн тулгалт биш хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж Жонатан Стерн үзжээ. “Та эргэн төлөгдөхөөсөө өмнө 20 жилийн турш ажиллах ёстой урт хугацааны дэд бүтцэд олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын тухай ярьж байна. Энэ нь цэвэр түлшний тэг зорилттой хэр нийцэх вэ?

ТӨСӨВ БА ЗАРДАЛ

Украины дайн эхлэхээс ч өмнө Европын төв банкнаас (ECB) эрчим хүчний үнийн өсөлт нь Европын холбооны эдийн засгийн өсөлтийг 0.5 хувиар бууруулна гэж тооцоолсон. Эрчим хүчний үнэ өнгөрсөн хоёрдугаар сард 30 гаруй хувиар нэмэгдэхэд инфляци өнгөрсөн нэгдүгээр сард 5.1 хувь байснаа хоёрдугаар сард 5.8 хувь болж өсчээ. Тус банкны дарга Кристин Лагарде хэлэхдээ, эрчим хүчний үнэ инфляцийн өсөлтийн гол шалтгаан байсаар ирсэн бөгөөд бусад салбарт үнэ өсөхөд хүргэдэг” гэсэн. Инфляцийн өсөлтөөс үл шалтгаалан Европын төв банк нь ирэх зургадугаар сарыг хүртэл засгийн газрын бондуудыг худалдан авах бөгөөд бодлогын хүүгээ бага хэвээр хадгалах аж. Мөн ижил шалтгааны улмаас Евро бүсийн орнууд хатуу хэмнэлт, өрийн таазаас энэ ондоо татгалзах гэнэ.

Сэргээгдэх эрчим хүчний төлөвлөгөөнүүдийг санхүүжүүлэхийн тулд Европын холбоо нь бохир түлшинд татвар ноогдуулах замаар 200 тэрбум еврог босгох боломжтой гэж тооцжээ. Мөн шингэрүүлсэн хийн терминалыг барихын тулд шинээр еврогийн бонд гаргахаар төлөвлөсөн байна.

НҮҮРСИЙГ ХАЛАХ ХҮСЭЛ БА ЭРЭЛТ

ОХУ, Украины зөрчил зарим талаараа эрчим хүчний дайн болж байгааг зарим ажиглагчид хэлж буй. Цөмийн сүүлчийн реактороо унтраасан Герман улс дайн эхэлснээр хуучин нүүрсний цахилгаан станцаа дахин ажиллуулж эхэлсэн. Энэ нь ОХУ-аас байгалийн хийн цоргоо хаасан нөхцөлд эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалахын тулд хийж буй арга хэмжээ. Германы хувьд эрчим хүчний шилжилт нь төвөгтэй нөхцөл байдал үүсгээд буй. Тиймээс тус улсын Доод Саксони мужийн эрчим хүчний сайд Олаф Лиесийн хэлэхдээ, энэ нөхцөлд нүүрс гол үүргийг гүйцэтгэнэ гэдгийг онцолжээ. Тус муж нь 2030 он гэхэд нүүрсийг хэрэглээнээс хасах төлөвлөгөөтэй ч бүрэн хэрэгжих боломжгүй гэдгийг тэрбээр мэдэгджээ. Германд нийт 45 гигаватт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцууд байдаг. Эдгээрийн талыг нь зогсоосон боловч үлдсэн хэсгийг нь эрчим хүчний аюулгүй байдлын төлөө ажиллуулсаар байгаа. Харин Оросын байгалийн хийн хамаарлаас салахын тулд стратегийн нүүрсний нөөц бүрдүүлэхээ 20 хоногийн өмнө зарласан.

ОХУ цоргоо хаах айдсаас үүдэн нүүрсний хэрэглээ, импорт огцом нэмэгдсэнээр дулааны болон хатуу нүүрсний ханш метр/тонн нь 462 ам.долларт хүрч өссөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүрсний хэрэглээг бууруулахыг дэлхий нийт зорьж байгаа. Гэвч нүүрс нь эрчим хүчний гол хэрэглээ хэвээр байна. Тухайлбал, дэлхийн эрчим хүчний 35 хувийг нүүрснээс хангаж байгаа бөгөөд Хятад, Энэтхэг хоёр гүрэн хамгийн том хэрэглэгчид нь байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж