"Намууд одон медаль тараах бус бодлогоор өрсөлддөг байя"

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

"Намууд одон медаль тараах бус бодлогоор өрсөлддөг байя"

"Намууд одон медаль тараах бус бодлогоор өрсөлддөг байя"

Улс төрийн намын тухай хууль энэ хаврын чуулганы хамгийн чухал хуулийн нэг болоод буйг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр хэлсэн. Гурван парламент дамжсан энэхүү хуулийн төсөл намуудын анхаарлын төвд байна. Өнгөрсөн хугацаанд Монголын улс төрд намтай холбоотой хуулийн шинэчлэл үгүйлэгдэж байгааг судлаачид онцолсон. Тухайлбал, авлига албан тушаалын гэмт хэрэг, хандив, намын санхүүжилт, гишүүнчлэл энэ хуулиар цэгцрэх учиртай. Иймээс ч улс төрийн хүрээнд намууд үзэл санаагаа нэгтгэж, уг хуулийн төслийг яаравчлан батлуулахыг эрмэлзэж байна.  

Энэ хуулийн талаар УИХ-д суудалтай намын удирдлагуудын байр суурийг хүргэж байна.


МАН-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Учир нь,  өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой 1196 гомдол, мэдээлэл ирснээс 741 нь шалгагдаж, 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш ийм олон хэрэг гарсан нь харамсалтай. Эндээс 90.3 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлсэн байна. Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг нь ил тод болгохоор ажиллаж байна. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана.

АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ёстой. Намын гишүүнчлэл зохион байгуулалт бүх зүйл жирийн гишүүд, иргэдээс холдчихсон. Монголд өнөөдөр бодлого ярьдаг нам байхгүй байна. Нэг хэсэг нь тамга тэмдэг барьдаг, нэг хэсэг нь сонгуулийн үеэр “амилдаг”, нөгөө хэсэг нь төрийг тонодог намуудтай болчихсон байна. Хөгжлийн банк, ЖДҮ-ийн зээл гээд бүх зүйлийг хүмүүс харж байгаа. Эцсийн дүнд эрх баригч нартай холбоотой. Энэ хүмүүс сонгуулийн схем, мөнгө хийдэг зүйл харагдаж байгаа. Сууриар нь өөрчлөх ёстой. Улсын дээд шүүх намыг бүртгээд сууж байдаг дампуу улс Монголоос өөр байхгүй байх. Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг хаврын чуулганд өргөн барьж буй санал санаачилгыг зөв гэж бодож байна. Намууд хөөсөрсөн олон гишүүнчлэлээс татгалз. Хий хоосон намын батлага тараагаад өрсөлддөг байдал цаашдаа явахгүй. Намууд одон медаль тэмдэг тараах бус бодлогоор уралддаг болъё. Цүнх баригчдын нам байж болохгүй. Монголын улс төрийн намууд том байшингаар өрсөлддөг байх ёсгүй. Бодлогын асуудал руу орох ёстой. Намын төсөв зарцуулалт шилэн байх ёстой. Уг хуулийн төслийн ажлын хэсэгт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат орсон. Бидэнд бэлэн хуулийн төсөл байгаа. Монголын ирээдүй болсон зөв зүйл бүртэй эрх баригчидтай хамтарч ажиллана.

ХҮН-ЫН ДАРГА Т.ДОРЖХАНД:

-Монгол Улс 1992 онд парламентын ардчиллыг Үндсэн хуульдаа тунхаглаад 30 жил болсон байна. Парламентын засаглал гэдгийг намуудын бодлогын мэтгэлцээний талбар гэж энгийнээр ойлгох хэрэгтэй. Хэрвээ парламент намуудын бодлого ярьдаг талбар юм бол намууд өөрөө бодлогын институц байх ёстой.

Өөрөөр хэлбэл, намууд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, төлөвшсөн байгууллага болох ёстой юм. Монголын улс төрд 36 бүртгэлтэй нам байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 орчим нам бий. Институцийн шинж чанартай буюу тодорхой үзэл санаанд суурилсан, дүрмээ мөрддөг, гишүүнчлэлтэй, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг нам гэвэл гарын таван хуруунд багтахаар цөөн байна.  Улс төрийн намуудын дийлэнх нь нэг хүний “цүнхний” намууд байна. Цаасан дээрээ нам байгуулж 800 хүний гарын үсэг цуглуулсан ч гэсэн бодит байдалд нэг хүний нам байх жишээтэй. Гэтэл парламентын засаглал бол институцийн засаглал юм. Тэгэхээр Улс төрийн намын тухай хууль улс төрийн нам гэдэг институцийг бэхжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай. Энэ утгаараа парламентыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд маш их ач холбогдолтой.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж