Чуулган: Өрөөрөө Монголын Засгийн газар тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Өрөөрөө Монголын Засгийн газар тэргүүлж байна

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэлж байна.


13 : 59
2022-3-17

"Казино ярихаар хадны мангаа мэт ярьцгаадаг"

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

-Монгол Улсын эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар авч явдаг. Монголд ирдэг 400 мянга гаруй жуулчдынхаа 5-10 төгрөгийг эдийн засагт үлдээж, иргэдийнхээ амьдралд зарцуулах бодлогыг цаашид бий болгох хэрэгтэй. Тиймээс асуудлуудыг зоригтой шийд. Үүний нэг нь Казиногийн хууль. Энэ талаар ярихаар хадны мангаа мэт ярьцгаадаг. Казино байгуулах нь зөв гэхээр хүмүүс намайг янз бүрээр гоочилж ярьж бичих л байх. Казиног дагасан гадаадынхан буу зэвсэг барьж орж ирнэ гэсэн хоцрогдсон ойлголтоо таягдан хая аа. Монголд ирсэн жуулчин буудлын мөнгө төлж, хуушуур бууз идээд жанжин малгай, морин хуурийн тоглоом, говийн ороолт авч байгаа. Үүнээс өөр эдийн засагт орж байгаа зүйлгүй. Тиймээс жуулчдын бодит орлогыг эх орондоо үлдээх бодлогыг төр дэмжих ёстой. Нүүдлийн өв соёлийг сурталчилсан том хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй. Дэлхийд ганцхан нүүдэлчин соёлтой гээд гайхуулаад байдаг. Гэтэл нийслэлээс гараад гэр бүлээрээ морин аялал хийх газар алга. Ядаж морин тойруулга хиймээр байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Хөшигийн хөндий орчимд хашаалсан олон газар бий. Газар аваад өндөр үнээр зарахыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Газар чөлөөлөлтийг хэрхэн хийх вэ?

-Ажлын хэсэг:

-Хөшигийн хөндийд Шинэ зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахтай холбогдуулан нийтдээ 31 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хэрэгцээнд авахдаа хоёр үе шаттайгаар авсан. 2010 онд анх 12 мянган га газар буюу нисэх буудлын орчмыг, 2021 онд 19 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан. Өмнө нь авсан 12 мянган га газар дээр газар чөлөөлөлтүүд бүрэн хийсэн. Сүүлд авсан газарт газар чөлөөлөлтийг хийх ажлын хэсэг Барилга хот байгуулалтын сайд байгуулсан. Өнөөдрийн байдлаар 232 нэгж эзэмшигчийн эрхийг хүчингүй болгож газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Цаашид үе шаттайгаар хийнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:
– Агуулгын хувьд дэмжиж байгаа ч ажил хэрэг болгоход түүхий байна. Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого" гээд баахан том, том төслүүд танилцуулж байна. Хийх нь зөв. Гэхдээ мөнгө нь хаана байгаа юм. Төсөвт мөнгө байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Яаж хийх юм бүү мэд. Өчигдөр байнгын хороон дээр концессоор хийх талаар ярьсан. Дэд бүтцийн санхүүжилтийг хийхийн тулд концессоор хийвэл зардал их, эрсдэл өндөр. Эрсдэлийг нь Засгийн газар үүрч баталгаа гаргана гэсэн үг. Концесс өрийн бүртгэлээр 100 хувь бүртгэгддэг. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 69 хувийг эзэлж байна. Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын хувьд нэг хүнд ногдох өрөөрөө Монголын Засгийн газар тэргүүлж байна. Үүнээс үүдэн эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж байна. Мөнгө байхгүй бол ажил явахгүй. Сангийн яамныхан сайн мэдэж байгаа. Дэд бүтцийг шийдэхийн тулд төсөв чухал. Төсөв дээрээ энэ асуудлыг яаж тусгах төлөвлөлтөө гаргаж ирээд хувийн сектор нь дэд бүтэц дээр санхүүжилтээ хийх нь зөв. Яг ямар эх үүсвэрээр дэд бүтцийг шийдэх вэ?
Эдийн засгийн хөгжлийн сайд С.Наранцогт:
-Дэд бүтцийн хувьд ерөнхий төлөвлөгөө нь хийж байгаа. Дэд бүтцийг хариусан захиргаа байгуулсан. Төсөв дээр 35 тэрбум төгрөг тусгасан. Үүний нэлээдгүй хэсэг нь ТЭЗҮ-д зарцуулна. Олон улсын жишгээс харахад мэдээллийн технологийн кластер эхэлж байгуулах нь зүйтэй юм билээ. Үүнийгээ дагаад аялал жуулчлал, тээвэр ложистик хөгжих боломжтой. Нисэх буудалд төвлөрсөн чөлөөт бүсүүдийг харахад ихэнх нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьсан байдаг.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Хөшигийн хөндий рүү төрийн байгууллагуудыг шилжүүлэх шийдэл гаргасан уу. Төрийн байгууллагуудыг шилжүүлэх нь боломжгүй зүйл. Тэгвэл чөлөөт биш суурьшлын бүс болчихно шүү дээ.
Ажлын хэсэг:
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ үе шаттай, төлөвлөгөөний дагуу хийнэ. Хөшигийн хөндийн шинэ хот болох Шинэ зуун мод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яамнаас боловсруулж ирэх дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Энэ хүрээнд Шинэ зуун мод хот руу зарим төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ. Нэгдсэн байрын зураг төслийг боловсруулах ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газар дээр төрийн байгууллага байршихгүй. Өөр бүсэд байршина.
Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:
-Эдийн засгийн чөлөөт бүс дээр судалгааны ажлыг маш сайн хийж байна. Дэлхийн 150 оронд 5400 гаруй чөлөөт бүсийн 83 нь 2000 оноос хойш нисэх буудлыг түшиглэн байгуулсан байдаг. Хөшигийн хөндий жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой. Угтах үйлчилгээг нь хамт тооцоход жилдээ 7.5 сая хүнд үйлчилнэ. Цаашдаа аялал жуучлалын салбарыг эдийн засгийн бүс дээр хөгжүүлэх нь өндөр ашигтай. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог 1-2 саяд хүргэвэл ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 7-10 хувьд хүрнэ. Эдийн засгийн чөлөөт бүс дээр аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна. Олон улсын санхүүгийн үйлчилгээг бий болгосноор гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Хуулийн төслийг дэмжих ёстой. Гэхдээ 100 хувь итгэл төрөхгүй байна. Өмнөх хоёр чөлөөт бүс өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс дээр төсвөөс хэдэн төгрөг тусгав. Ажлын хэсэг хуралдаанд оролцож байна. Уг нь сайд нар нь өөрсдөө байх ёстой. Бүхэл бүтэн улс орны чухал асуудлыг ярьж байхад сайд нар нь байхгүй. Харамсалтай байна шүү. Гишүүдэд итгэл төрж байж энэ тогтоолын төслийг дэмжинэ. Газар дээр байшин барилга барихаас илүүтэй инженер, шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг яриач ээ. Өмнөх алдаа нь ерөөсөө энэ. Газар доор шугам сүлжээний асуудалд нэг ч төгрөг шийдээгүй 20 жил явж ирсний горыг Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс харуулж байна. Дэд бүтэц нь татагдсан газар хувийн хэвшлийнхэн өөрсдөө гүйгээд ирнэ. 2023 онд ямар ажил хийх юм. Хов хоосон газарт хот байгуулна гээд ярьдаг юу хийх нь тодорхойгүй байна.
Ажлын хэсэг:
-Барилга хот байгуулалтын яамнаас Шинэ зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд төлөвлөлтийн ажлыг эхлээд хийсэн. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн ажлын зураг төслүүдэд зориулаад 2021 оноос хойш нийтдээ 4.1 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дагуу зураг төслийг боловсруулах ажил хийж байна. Ерөнхий төлөвлөгөөг ирэх сард Засгийн газраар батлуулна. Эхний ээлжид хийх дэд бүтцийн зураг төслийн ирэх сард боловсруулж дуусна. Үүнд инженерийн бэлтгэл, ус хангамж, цахилгаан, дулаан хангамж, бохир хамаарна. Зураг төслүүдийг боловсруулж дууссаны дараа зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болно. Урьдчилсан байдлаар 2022 оны улсын төсөвт 2024 он хүртэлх хугацаанд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулсан.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Дэд бүтцэд 33 тэрбум төгрөгийг зарцуулна гэж ойлголоо. Зөв үү. 33 тэрбум төгрөгийн задаргааг нь хэлээч. Макет байхгүй болохоор асуух зүйл их байна. Ажил хэрэгч байдлаар асуудалд хандмаар байна. Засгийн газар үүн дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Цаашдаа хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг нэмэгдүүлэх чухал төсөв.
Ажлын хэсэг:
-33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ зургаан төрлийн дэд бүцтийн ажлуудыг хийнэ. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулахаар байна. Инженерийн бэлтгэл ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан сувгууд, борооны ус зайлуулах шугам сүлжээ хийнэ. Ариутгах татуургын шугам сүлжээний хүрээнд 3000 метр кубийн цэвэрлэх байгууламж барих зураг төсөл хийж байна. Зуун мод болон шинэ нисэх онгоцны буудлын ус хангамжийн эх үүсвэрийг гүний цооногоос авч байна. Үүнийг өргөтгөж нэмэгдүүлээд тэндээсээ усаа авна.
13 : 20
2022-3-17

Хөшигийн хөндийд хот байгуулбал түгжрэл 20 хувь буурна

Гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжив. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.Үргэлжлүүлэн "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр “Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г байгуулан ажиллаж байна. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм. “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-д тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн алхам болно.

Түүнчлэн Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох “Шинэ зуун мод”, “Их дээд сургуулиудын хотхон” байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ. Эдгээр хотыг орчин үеийн загвараар хүрээлэн байгаа орчинд ээлтэй, эдийн засгийн ашигтай, хүний амьдрах, ажиллах нэн таатай орчин бүрэлдсэн, тогтвортой, ногоон, эко ухаалаг хот байлгахаар төлөвлөж байна.

Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна. Түүнчлэн нэг м.кв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна. Чөлөөт бүсэд нэвтрэх визийн тусгай дэглэмийг дагаж газар зүйн хувьд ойрхон, харьцангуй бага зардлаар ирэх боломжтой аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүсэд ая тухтай амрах, зугаалах, худалдан авалт хийх бололцоо бүрдэх тул жуулчдын тоо нэмэгдэж, гадаад худалдаа, үйлдвэрлэл хурдацтай хөгжих давуу тал бий болно.

Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50-60 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд түлхэц болно. “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх тул Монгол Улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй” гэлээ.

 

10 : 42
2022-3-17

"Зэрлэг амьтдыг агнадаг мафи бий болсон"

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхэлж байна. Чуулганаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Дараа нь
• "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
• Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
• Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар хэлэлцэнэ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуульд газрын доорх болон дээрх баялаг Монголын ард түмний өмч байна гэж заасан. Гэтэл өнөөдрийн энэ хуулийн төсөлд уг заалт орхигджээ. Тухайлбал, ашигт малтмалтай холбоотой асуудал монголын ард түмний өмч хөрөнгө гэж үзэж ирсэн. Гэтэл газрын дээрх баялагт орж байгаа ховор ан амьтдыг аялал жуулчлалын зориулалтаар агнах нэрийдлээр нууц тогтоол гаргаж ирсэн. Бүхэл бүтэн мафийн систем бий болсон. Энэ асуудлыг зохицуулах талаар яагаад оруулж ирсэнгүй вэ. Газрын дээрх баялаг болсон зэрлэг ан амьтан түүнтэй холбоотой арилжаалах, худалдаалах,лиценз олголтын асуудал үе, үед яригдаж ирсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн, сум дүүргийн Засаг даргад гаргах заалтыг оруулж ирж байгаа. Иргэдэд нөхөн сэргээлт, үр дүнгийн талаарх мэдээллийг бүрэн хангана. Тиймээс таны асуусан асуулт нийгэмд ил тод болно гэсэн үг. БОАЖЯ өнөөдрийн байдлаар 22 тусгай зөвшөөрөл олгосон. Үүнийг дөрөвдүгээр сардаа багтаан бүгдийг нь цахимжуулна. Өнөөдрийн байдлаар таван зөвшөөрлийг ил тод болгохоор нийтэд зарлана.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Би нөхөн сэргээлтийн талаар асуугаагүй. Газрын дээрх баялаг буюу зэрлэг ан амьтдыг аялал жуулчлалын зориулалтаар олгох талаар асуусан. Та асуултаа ойлгоогүй юм уу, аль эсхүл миний асуултад хариулахаас татгалзаад байна уу. Зэрлэг ан амьтдыг агнаж бизнес хийдэг мафи бий болсон шүү дээ. Засгийн газрын нууц тогтоол гаргаж хийдэг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Ш.Адьшаа гишүүний асуусан асуултад хариулахад хуулийн ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Танд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаасаар хүргүүлж болно.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргаж нөхөн сэргээлт хийх нэрийдлээр шинээр газар ухаж байгаа талаар нутгийн иргэд их ярьдаг. Энэ талаарх судалгаа хийсэн үү. Тойргоор ажиллаж байхад сумдад ажиллаж байгаа ус, цаг уур орчны шинжилгээний албаны ажилтнууд цалингийн асуудал хоцрогдсон талаар ярьцгаасан. Тэр хэдийг тоодог амьтан байдаггүй. Очихоор л энэ асуудлыг ярих юм. Байр нь чанарын стандарт хангахгүй, багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу. Энэ чиглэлээр анхаарч ажиллаач ээ. Хоёрдугаарт. Говийн сумдад улаан номонд орсон цоохор ирвэс ихээр өсч үржих болжээ. Говийн ойролцоох аймгуудад уул уурхайн олборлолт хийдэг учраас дайжиж ирдэг байж ч магадгүй. Цоохор ирвэс нь хүн амьтнаас үргэхээ ч больсон гэнэ. Тэр хавийн хүн айлгаж, мал барьж иддэг талаар ярьж байна. Цаашид энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсын хэмжээнд зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай эвдэрч сүйдсэн 30 мянга орчим га талбай бий. 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтдээ найман га талбайг нөхөн сэргээх асуудлыг тусгасан. Үүнтэй холбогдуулан "Оюутолгой", "Эрдэнэт" үйлдвэртэй хамтарч эхний ээлжид 2300 орчим га талбайг нөхөн сэргээх гэрээ хийсэн. Ус, цаг уур орчны шинжилгээний албаны ажилтнуудын цалин тулгамдсан асуудлуудын нэг мөн. Аймгуудын төвийн байр нь 1956 зарим нь 1967 онд ашиглалтад орсон. Шинэ төхөөрөмж байхгүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтууд хийгээгүй. Энэ мэтээр тулгамдсан олон асуудал байна. Зарим аймгуудад шилжин байрлах байрыг нэмж ашиглахаар тохиролцсон. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай чиглэлд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хариуцлагагүй компаниудын улмаас ховордсон ан амьтан  Хятад руу шахагдах, амьдрах орчин нь хумигдаж байна. Үүн дээр төлөвлөсөн ажил бий.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Өмнөговь аймагт уул уурхайн олборлолт маш их хийдэг учраас амьтад дайжаад Өвөрхангай аймаг руу ихээр орж ирдэг. Малын хоргодол ирвэсээс болж маш их гарч байгааг нутгийн иргэд ярьцгааж байна. Очих бүрт иргэд энэ талаар ярьж байна. Өөдөөс нь улаан номонд орсон амьтан гэхээс өөр хэлэх үг алга. Мэдээж ховордсон ан амьтнаа хамгаалах нь зөв. Гэхдээ малчныг хохироож болохгүй шүү дээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Ховордсон ан амьтныг хамгаалах, нутагшуулах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлуудыг төсөвт суулгасан. Энэ хүрээнд зарим ан амьтныг байгалийн цогцолборт газрууд руу шилжүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Байнгын хорооны санал дүгнэлтэд миний хэлсэн үг дурдагдаагүй байна. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг би хувьдаа дэмжээгүй юм. Учир нь 2021 оны арваннэгдүгээр сард БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан өргөн барьсан. Гэтэл бид Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэгэнт хуульчилсан. Одоо хэлэлцэж байгаа асуудлуудыг гурван сарын өмнө хууль болгоод баталсан. Нэг асуудлыг дахин хэлэлцэх гэж байна. Нийтийн мэдээллийн тухай хуулиар байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээгээр иргэд мэдээлэл авах эрхтэй, төрийн байгууллага мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл одоо энэ асуудлыг хэлэлцэх эсэх талаар яриад сууж байна. Н.Уртнасан сайд яагаад тусдаа уг хуулийг оруулж ирсэн талаар би хувьдаа судалж үзсэн. БОАЖЯ гадаадаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Төслийнхөө хүрээнд ийм хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж гадаадын байгууллагаас мөнгө авдаг бололтой юм. Миний сонссоноор бол Тусгай хамгаалалтын хууль хийнэ гээд нэг тэрбум төгрөг зарсан гэсэн. Зөвхөн нэг хууль батлахад шүү. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өөрчилнө гэх нэрийдлээр гадны байгууллагаас хэдэн төгрөгийн санхүүжилт авсан юм. Ажлаа хийсэн болох гэж баталсан хуулийг яриад сууж байна. Удахгүй Газрын тухай багц хууль, тусгай хамгаалалттай газрын асуудал орж ирнэ. Газрын асуудлаар нэгдмэл удирдлагатай байх ёстой. Үе, үеийн байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуйн сайд нар бүгд өөрсдөө газрыг мэдэх гэж газрын тухай хуулийн шинэчлэлд садаа болдог. Б.Бат-Эрдэнэ сайд залуу хүний хувьд газрын мафийг таслан зогсооно гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Б.Энхбаяр гишүүний хэлдэг шиг хуулиудын давхардал, хийдлийг УИХ хянаж үзмээр байна. Илүү ажил хиймээргүй байна. Байгаль орчны чиглэлийн үнэлгээ шинжилгээ нь байгууллага болон иргэдэд маш их мөнгөний дарамт учруулж байна. Иргэний үгийг би хэлье. Та нар нотол доо. 10:10 метрийн харьцаатай газар дээр байшин барих гэж ёстой үйлээ үзэж байна гэнэ. Гэтэл байгаль орчны хоёр үнэлгээ хийхэд 1.6 сая төгрөг болж байна гэсэн. Хэдүүлээ иргэдийн амьдралын талаар ярья. Бусад улс орны жишиг ямар байдаг юм. Газар худалдаж авсан хүмүүст баахан дарамт учруулдаг нь ямар учиртай юм.

Ажлын хэсэг:

-Байгалийн нөөц баялгыг ашиглаад явуулж байгаа төсөл хөтөлбөр дээр үнэлгээ хийдэг. Төслөөс байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэхийг тодорхойлдог гэсэн үг. 10:10 метрийн харьцаатай газар дээр байшин барих биш ямар нэгэн төсөл хөтөлбөр байх ёстой. Үнэлгээг хувийн компаниуд хийдэг учраас мөнгөний хэмжээг нь мэдэхгүй байна. ААН төсөлдөө үнэлгээ хийлгэхийн тулд нийслэлийн байгууллагатай хамтардаг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Яам, тамгын газрын мэргэжилтэн, УИХ-ын гишүүд амьдрал дээр буумаар байна. Тэнгэрээс бууж ирээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Аймгуудын утааны асуудал хүндэрсэн. Төр засгийн бодлогын хэмжээнд нэгдмэл байдлаар хөрөнгө оруулалтыг нь шийдээд явах боломж байна уу. Аймгийн төвд утаа ихсэхээр иргэд гишүүдийг ажлаа хий, утааг арилга гэдэг. Уг нь энэ Засгийн газрын ажил. Гэтэл гишүүд нь өөрсдөө хөөцөлдөөд Архангай аймгийн Цэцэрлэг хотод утаагүй түлшний үйлдвэр бариулах зураг төслийг нь хөөцөлдөж байна. Уг нь гишүүд хуулиа баталж, хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах үндсэн ажлаа хиймээр байх юм. Хоёрдугаарт, тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой юу. Архангай аймгийн төвд байдаг Булган уулыг 1956 онд дархад цаазат болгосон. 1990 гаруй онд зэрэглэлийг нь бууруулж түүх соёлын дурсгалт болгосон. Ямар шаардлагаар дархан цаазат болгодог юм. Ер нь стандартаа өөрчилж болохүй юу. Уг нь Булган уул 200-300 жил болсон хүрээ хийдийн хойно байдаг. Тэр уул сүйдээд дууслаа. Харуул хамгаалалт байхгүй учраас түүхийн дурсгалт бүтээлүүд сүйдэж байна. Аялал жуулчлалын маш том брэнд болохоор уул байсан. Жилд 2-3 удаа зулын том арга хэмжээ болдог. Үүн дээр сайд онцгой анхаарал хандуулаад өгөөч.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Сайдын хувьд орчны бохирдлыг бууруулах хорооны даргаар ажилладаг. Ажлаа авсныхаа дараа өнөөдрийг хүртэл орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог гурван удаа хуралдуулсан. Өнгөрсөн хугацаанд зөвхөн нийслэлийн утаанд гол анхаарлаа хандуулж явж ирсэн. Нөгөө талдаа нэгдсэн стандартыг гаргаагүй. Бүх орон нутгийн түвшинд утаа ихэссэн. Тиймээс бид нэгдсэн стандарт тогтоох ёстой гэж үзэж байгаа. Энэ жилийн хувьд 56 орчим тэрбум төгрөг суусан байсан цагаан сарын өмнө төсвийн тодотгол хийж 10 тэрбум төгрөг хасагдсан.
Яндангийн шүүлтүүр гэсэн төр аргацаах байдлыг халах ёстой. 2022-2023 онд нэгдсэн бодлогоор Засгийн газрын хуралдаанд тодорхой асуудлуудыг оруулна. Аймгийн сумдаар явж байхад нийслэлийн утаа харьцангуй гайгүй юм байна лээ. Аймгийн төвүүд арай хэтэрхий түвшинд очсон нь үнэн. Амьсгалахад маш хүндрэлтэй байна. Үүн дээр нэгдсэн төлөвлөгөөг эрдэмтдийн багтай хамтран гаргана.
Ажлын хэсэг:
-Булган уулын ангиллыг ахиулж дархан цаазат ангилал руу оруулах хүсэлт ирсэн. Хариуцсан газар судалгааг нь хийж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэж заасан. Энэ заалт цаасан дээр л үлдэж. БОАЖЯ нэг л учраа олохгүй байна уу даа. Та хэдийн ажил уриа лоозон байдалтай л байна. Нийслэлд агаар, хөрсний бохирдол хэрээс хэтрээд байна. Туул голын эх дээр янз бүрийн "гоё" нэртэй компани олон байна. Дандаа л дарга нарын компаниуд. Гэтэл хотын иргэд бохирдсон Туул голын усыг уудаг. Үүнийг та нар яагаад зогсоож чаддаггүй юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Нийслэлд хүн амын 50 хувь нь төвлөрсөн. Барилга хот байгуулалтын яамтай хамтран орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсэг гаргасан. Инженерүүдтэй хамтран худгийг түшиглэсэн сувагчлалыг бий болгох, эргэж ашиглаж байгаа усыг эргэж татах, дунд нь цооног ухах талаар ярьж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Уул уурхайн компаниудаас болоод Туул, Онон, Байдраг, Хараа, Ерөө гол улаанаараа эргэлээ. Экологийн систем алдагдаад алт ухагчдийн уршгийн улмаас ширгэх аюулд хүрсэн. Бороо ордог тэнгэрээс шороо шуурдаг боллоо. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувийн газар нутаг нь цөлжсөн. 30 мянган га газар уул уурхайн буруу нөлөөллөөс болж сүйдсэн. Хур тунадас 7.9 хувь буурсан. Дулааралт нэмэгдсэн. Үүнийг өөрчлөх арга хэмжээг яагаад авдаггүй юм бэ. Ухсан компаниудаар нь эргээд нөхөн сэргээлт хийлгэх ёстой биз дээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг газар ухчхаад нүх үлдээчих юм. Тэнд нь хэдэн “нинжа” ороод бүр улам ухаад байна. Нутаг орон чинь сүйдээд дууслаа. Үүнийг шийдэхгүй юм уу. Гүйцэтгэлийн аудит дунд нь оруулахгүй хэрэгтэй. Цөлжилтийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авах юм. Хоёрдугаарт, орон нутгийн төрийн байгууллагын эрх мэдлийг өндөр тавьчихаад сүүлдээ Ноён уулыг тусгай хамгаалалтад авна гэхэд орон нутаг нь өгөхгүй гээд сууж байсан удаатай шүү. Та бүхэн мэдэж байгаа биз. Энэ нөхдүүд дархан цаазат газруудыг ухаад ухаж түүхийн дурсгалт зүйлүүдийг тоноод дууслаа. Зарим нэгэн аймгийн Засаг дарга нь уул уурхайн компаниудыг цуглуулаад санхүү бүрдүүлээд явж байна. Мөнгөний хэмжээ зааж өгвөл газар ухуулна гэнэ үү. Ийм л зүйл болоод байна. Туул голын эхийг хамгаалахын тулд юу хийж байгаа юм. Дархан цаазат Богдхан уул дууслаа.
Ажлын хэсэг:
-2022 онд БОАЖ-ын сайдын багцад цөлжилттэй тэмцэхэд 370 сая төгрөг тусгасан. Улмаар цөлжилт хамгийн их байгаа долоон аймагт 80 га талбайд элсний нүүдлийг сааруулах зурвас барихаар ажиллаж байна. Төсвөөс гадна олон улсын байгууллагуудтай хамтран бэлчээрийн хамгааллыг сайжруулах, цөлжилтийг сааруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг төлөвлөөд явж байна. Бидний хүссэн хэмжээнд төсөв олдохгүй байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан байгууллагууд эргэн нөхөн сэргээлт хийх ёстой. Үүн дээр нэг хүндрэл гараад байна. Лицензээ дамжуулаад явчихдаг. Эзэн нь олдохгүй олон жил орхигдсон газрууд бий.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Гурван сарын өмнө баталсан хуулийг одоо дахиад ярьж байна. БОАЖЯ гадаадын олон төсөл хэрэгжүүлдэг. Мөнгийг нь авсан юм чинь хуулиа өөрчлөх ёстой гээд гадна талдаа үүрэг хүлээсэн.10.00-13.00 цагаас эхлээд энэ асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх эсэх дээр гурван цаг зарцуулж байна. Тиймээс уг хуулийг хэлэлцэх шаардлагагүй. Газрын багц хуулийн хүрээнд тусгай хамгаалалттай газрын асуудал хамт орж ирнэ. Богдхан уул дууслаа. Газрынх нь зөвшөөрөл Отог гэдэг нэртэй. Есөн давхар байшинд отоглож байгаа шүү. Отог дээр байгаа орон сууц нь үл хөдлөхийн гэрчилгээтэй. Зарим нь гэрчилгээгүй. Энд газар авсан хүмүүс нь сүүлдээ шударга хүний дүрд эсгэдэг. Л.Гүндалай гээд хүн байна. Богдхан ууланд барилга барих зөвшөөрлийг хүмүүс Л.Гүндалайгаас авдаг юм уу. Л.Гүндалай оронд нь юу авдаг юм. Бүү мэд. Барилга бүрийн нэгдүгээр давхрыг нь авдаг гэх яриа ч бий. Улсын мэдлийн газрыг зарж хувьдаа баяждаг хүмүүс одоо болио. Газрын мафийг Газрын багц хуулиар таслан зогсооно. Үүн дээр БОАЖ-ын сайд идэвхтэй ажиллах хэрэгтэй. Богдхан ууланд газар авсан хүмүүсийн мэдээллийг ил болгоно. Нээлттэй байдлын цаана авлига буурна.
08 : 56
2022-3-17

Чуулган: Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах талаар хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2022.03.17/ дараах асуудлыг хэлэлцэнэ.

ЦАГ  
10.00

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.03.17, 03.18/

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар

· Бусад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж