Боловсролын салбарт 30 жил ажилласан багш хүүхэд цохисон, зодсон гэх асуудал өнөөдөр нийгмийн хэлэлцүүлэг болж байна. Олон нийтийн сүлжээнээс харахад зарим нь багш нарыг буруутгаж, зарим нь өмөөрчээ. Салбарын сайд нь уг асуудлаар яаран дүгнэлт хийсэн нь дайрин дээр нь давж үрэв. Мэдээж, сурагчдад гар хүрсэн нь багшийн буруу. Хүний хүүхдийг сурсангүй гэж зодож эрх багшид бүр эцэг эхчүүдэд ч байхгүй.
Нэг ангийн 50-60 хүүхдэд хичээл заахад хэцүү. Стресстэх, бухимдах асуудал ч үүснэ. Энэ явдал бол Монголын багш нар том сургамж ч болсон.
Учир нь, нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдгийн тод жишээ нь энэ. Багш нар бүгд хүчирхийлэгч үү? гэвэл өрөөсгөл болно. Харин багш нар заах арга барилаа л өөрчлөх болжээ. Сахилгагүй хүүхдийг загнаж, гар хүрч хүмүүжүүлдэг нь хоцрогдож, эсрэгээрээ гэмт хэрэгтэн болох, адаглаад л ёс зүйн хариуцлага хүлээж ажлаасаа гарахад хүрнэ.
Сүүлийн жилүүдэд багш нар хүүхдэд гар хүрсэн тухай, ялгаварлан гадуурхсан тухай шүүмжлэл тасрахаа больсон нь өнөөх л хуучны сэтгэлгээ, арга барил үе уламжлагдсаар ирснийг ч харуулж буй. Магадгүй “сүртэй юм” гэж бодсон ганц үг, үйлдэл нь энэ мэтээр нийгмийг доргиож мэднэ. Нөгөө талаасаа хүүхдээ сургууль, сурган хүмүүжүүлэгчид даатгаад өнгөрдөг эцэг эхчүүд бий. Тэд ч бас үр хүүхдээ анхаарах ёстой.
Энэ хэрэг явдаас үүдэс олон нийтийн сүлжээнд багш нар нүүр номдоо үзэл бодлоо илэрхийлжээ.
- Миний бие одоо тавдугаар анги төгсгөж буй залуу багш. Царай нь харагдахгүй, цалин нь ч үзэгдэхгүй, ажилтайгаа гэртэй ирдэг, үр хүүхэд , хань ижилдээ зарцуулах цаг тун хомс. Гэсэн ч хүсч, мөрөөдөж сонгосон мэргэжил минь учраас нэгч гэсэн хүүхдийг сургачих юмсан гэсэн чин хүслээр бага ангийн багшаар найм дахь жилдээ ажиллаж байна. Хэтэрхий дураараа, эрх танхил өссөн хүүхдүүдийн арга эвийг олох, эцэг эхийнхээ ая талыг олно гэдэг тун хэцүү гэдгийг багшийн ажлыг хийхээр л мэдэрнэ. Бас энэ бүхнийг тэсвэрлэнэ, тэвчинэ, хүлцэнгүй номхон байна, хүнлэг энэрэнгүй байна гэдэг маш их тэсвэр тэвчээр. Хэтэрхий дураараа, Хүн л юм чинь уурлана, уцаарлана, гомдоно, ядарна, зүдэрнэ, гайхна. Гэсэн ч хэнд ч гомдоллох эрхгүй чимээгүй л ажиллана. Гурав, дөрвөн хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж 40 гарсан хүүхэдтэй багш руу элдвээр дайрах боловсон сэхээтэн их бий. Хүний эрх ярьсан энэ нийгэмд багшийн эрх чинь өдөр бүр зөрчигдөж, түүний ар гэр үр хүүхдийн эрх ашигч давхар зөрчигддөг гэдгийг олоод харчих ноёнтон хаа нэгтээ байдаг ч болоосой гэж бодох өдөр цөөнгүй. Энэ тавдугаар ангиа төгсгөөд багшийн ажлаа больё гэдэг халширсан, зүрхшээсэн өдрүүд ч цөөнгүй гэдгийг нуухгүй ээ.
- Багш болохоор суралцаж буй оюутан, залуу багш нар минь эртхэн замаа бодож мэргэжлээ сольсон нь дээр дээ. Зүгээр л сэтгэлийн там. Ажиллаад ч нэргүй. Хүмүүжилгүй хүүхдүүд арганд орохгүй хэцүү. Хөл хорионоос хойших нэгэн эмгэнэлт үе ч бий боллоо. Багшийн цалин хөлс хэзээ ч нэмэгдэхгүй нь тодорхой болсон. Замаа л бодсон нь шулуун даа.
- Багшийг хүмүүсийн дийлэнх нь бага насныхаа хамгийн сайхан гэж хүндэлдэг болов уу. Би ч бас хайртай багшаараа төсөөлж тэрхүү мэргэжлийг сонгосон гэж боддог. Бага ангийн багшийгаа олон хавтас эргүүлээд хуудас хуудсаар нь цэгцэлж байдаг тэр зураглалыг хамгийн сайхан мэдрэмж гэж багшийгаа хүндэлж энэ мэргэжлийг сонгосон. Угтаа бол зүгээр л бүх хүн багшийг хүндэлдэг багш хүн бүх юмыг мэддэг ухаантан юм байна л гэсэн бодлын үүднээс шүү дээ. Даан ч сургуулиа төгсөөд ажилд ороход юун тэр миний мөрөөдөл, төсөөлөл зүгээр л эцэг эх, хүүхдүүддээ ноёлуулсан өөрийгөө хамгаалах нэг ч үг хэлэх эрхгүй зүгээр дипломтой асрагч юм шиг л санагдах юмдаа. Ажиллаад олон жил болоогүй ч шантрах гээд байна.
- Би уг нь мэргэжилдээ дуртай , хүүхдүүдэд ч бас хайртай. Гэхдээ багшийн ажил дарамттай, ядаргаатай/ бөөн бичиг цаас/. Одоо зарим хүүхдүүд ч айхтар болсон багшийнхаа үгийг сонсдоггүй, оройжин бэлдсэн хичээлийг маань хайхрахгүй өөрт нь хэрэггүй зүйл зааж байгаа мэт аашлахаар ямар ч урамгүй. Сэтгэлээр унадаг. Багшаар гурван жил ажиллах хугацаандаа ойлгосон ганц зүйл минь, хүнийг биеийн биш оюуны хөдөлмөр илүү ядрааж, стрессдүүлдэг юм байна гэдгийг. Тэгээд л багш биш өөр мэргэжлээр ажиллахыг зорьж байна даа.
Энэ бүхэнд багш эцэг эх хоёулаа буруутай. Нэг нь заах аргаа, нөгөө нь хүүхдэдээ анхаарал хандуулдаг болох ёстой. Нөгөөтээгүүр багш нарын хэлдгээр хүүхдүүд “айхтар” болсон. Тиймээс ч заах арга барилаа өөрчлөхийг нийгэм нь сануулж, сурагчид нь багшийгаа “хүчирхийлэгч” гэж ойлгох хандлага ч нийтлэг байна. Сурлагын дүн, байгаа байдлаар нь ялгаварлан гадуурхах нь нийтлэг болохыг ч хүүхдүүд хэлдэг.
Гэтэл эцэг эх нь завгүй гээд хүүхдээ сонсдоггүй, хоорондоо ярилцдаггүй болох нь ч ердийн л юм шиг асуудал болжээ. Эцэг эх, багшийн хүмүүжил хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг тухай сэтгэл зүйчид “Гэр бүлийн асуудал нь хүүхдээр дамжин илэрч байдаг” гэж тодорхойлж байгаа юм.
Ихэвчлэн бага ангийнхны хувьд багш, эцэг эхийн харилцаа нягт байдаг бол өсвөр насныхны хувьд эцэг эхчүүд хүүхдээ багшид нь найдаад, даатгаад орхих хандлага нийтлэг аж. Ямартай ч эцэг эх, багш нар хүүхдийг нас бага учраас сэтгэлзүйн хямралд өртдөг гэж үздэг, тэднийг сонсдоггүй нь хамгийн том алдаа болж байна. Гэтэл хүүхдийг сонсохгүй, үл ойшоох нь сэтгэл гутралд өртөх, дэлгэцийн хамааралтай болох, улмаар бие хүн болж төлөвшсөн ч өөртөө итгэлгүй болох зэрэг олон сөрөг нөлөөтэй. Уг нь нэг үеэ бодвол сургуулиуд сэтгэлзүйчтэй болсон ч энэ нь хангалтгүй байна.
Энэ бол ганц багшийг муулах, түүн рүү бүгдээрэй давшлах асуудал биш. Асуудлынх нь шалтгааныг олох ёстой. Асуудлын шалтгаан нь нөгөө л анги дүүргэлт, ачаалал, хоцрогдсон арга зүй. Өөрөөр хэлбэл, боловсролын салбар боловсрох цаг болжээ гэсэн үг.
Холбоотой мэдээ