Архи асгаж архидалттай тэмцэхгүй!

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Архи асгаж архидалттай тэмцэхгүй!

Архи асгаж архидалттай тэмцэхгүй!

Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай болсон тухай судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргажээ. Уг судалгаанд Монгол Улсад архины дон туссан 10 мянган хүн бий гэсэн байна. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй хүнийхээс 10 жилээр бага байгаад архи  нөлөөлсөн гэдгийг тодотгоод  “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг  эхлүүлэх талаар дуулгасан. Уг мэдэгдлийн дараа Монголын залуучуудын холбооны дарга О.Гэрэлт-Од  дээрх хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлж шилтэй архийг асгаж пиардсан нь багагүй шүүмжлэл дагуулав.

Архитай тэмцье гэвэл архи асгах биш эхлээд асуудалтай нь тэмцэх хэрэгтэй. Асуудал нь авлига, халамж, ажилгүйдэл юм. Архи бол хэрэглээ. Тиймээс зөв, зохистой хэрэглэх тухай л ярихаас архи битгий уу гэж уриалаад уг асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй. Дэлхий дээр архидалттай тэмцсэн үй түмэн жишээ бий. Гэхдээ, амжилт олсон нь цөөхөн.  

Авлигажсан нийгэмд ажилгүйдэл ихэсдэг. Тиймээс төрийн албан дахь авлигалыг бууруулахгүйгээр архитай дайн зарлаад ямар ч үр дүнгүй үлдэнэ. Өвчнөө онож эмчлэхгүй бол улам хүндэрдэг шиг асуудлынхаа үндэсийг нь олж шийдвэрлэхгүй бол бүр илүү том асуудал дагуулж мэднэ.

Архигүйдлийн үндсэн шалтгаан бол ажилгүйдэл, халамж хоёр. Тоон мэдээнээс харахад цар тахлын улмаас 2021 онд ажилгүй иргэдийн тоо 18.5 мянгаар өсчээ.

Ажилгүйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь, 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 4.2 хувь нь дипломын дээд, 0.7 хувь магистр түүнээс дээш боловсролын түвшинтэй байна. Энэ бол зөвхөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээлэл. Бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоог хэлэхэд хэцүү. Ямар ч байсан бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээллийг харахад дээд боловсролын дипломтой ажилгүй иргэд жин дарж байна. Гэвч залуусын дийлэнх нь  “ажил олдохгүй байна” гэх үгээр ам тагалдаг.

Дээр нь төр халамжийг зайлшгүй хэрэгцээтэй хэсэгт хүргэж чаддаггүй. Үүний үр дүнд хар залуугаасаа ажил хийх сонирхолгүй арми хэдэн үеэрээ бий болжээ. Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий.

Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насныхан ажил орлогогүй байгаа нь архидалтын  гол шалтгаан болчхоод байна.  Төрийн халамж хэт данхайсан нь хөдөлмөрийн зах зээлд ийнхүү  сөрөг үр дагавар авчрах болжээ.

 "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хуулий төсөлд архи граммлаж зарах тухай ч тусгасан нь нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Хууль санаачлагчид "Уг хуулийн зорилт нь үйлдвэрлэгчдийг хязгаарлахгүй. Гол нь зохистой хэрэглээг хэрхэн бий болгох, олон нийтийг архи, согтууруулах ундаанд хэрхэн хариуцлагатай ханддаг болгох вэ гэдэгт оршино” гэж хэлж байлаа.  Харамсалтай нь, хууль батлаад ч  архины хэрэглээг  зохицуулах боломжгүй. Хууль чангарах тусам худалдаа далд байдалд шилжинэ. Эцэстээ "Азийн чоно" уугаад олон хүн амиа алдсан тохиолдол бийг сана.  Өөрөөр хэлбэл, хориглох тусам  хэрэглээ нууц болж, “шаг” нь хаданд гардаг. Цар тахлын үеэр архи, согтууруулах ундааны бүхэл бүтэн шагчдын сүлжээ бий болсныг олон нийтийн сүлжээн дэх зараас харчихад л болно.

Хуулийн төсөлд тусгаснаар:

  • “Баар, ресторан нь 38 градусаас дээш архи, вискиг үйлчлүүлэгчдээ граммлаж зарна. Хамт олноороо, найз нөхдөөрөө үйлчлүүлсэн ч шилээр нь авч хэрэглэх боломжгүй, граммлаж  авна” гэжээ. Гэвч архи, согтууруулах ундааг хэрэглэе гэвэл граммлаж авсан ч хэтрүүлж хэрэглэж болно, шилээр авсан ч ёроолыг нь гартал уухгүй байж болно. Хүний ухамсраас л шалтгаалдаг.
  • Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архийг зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана. Түүнээс нийтэд буюу дэлгүүрээр худалдаалахгүй.
  • Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна. Ингэснээр үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор шахах замаар градусыг жил бүр багасгах хөтөлбөр хэрэгжих боломжтой. 

Нэгэн жишээ дурдъя. Дэлхийн хамгийн баян эдийн засагтай АНУ 1964 онд Ерөнхийлөгч Линдон Жонсоны үед “Ядуурлын эсрэг дайн” гэгчийг зарлажээ. Ингэснээр АНУ-ын муж  болгон хонжворт сугалаа зохион байгуулж, олсон мөнгөөрөө боловсролын салбараа санхүүжүүлдэг байжээ. Тэр сугалаанд ихэвчлэн ядуу хүмүүс оролцдог тул хонжвор таарсан хүмүүс нь ч гэсэн мөн л голчлон ядуучууд. Хожих хожихдоо зарим нэг нь хэдэн арван саяар нь хождог. Гэвч судалгаанаас үзэхэд хэдхэн жилийн дотор тэдний ихэнх нь буцаад гудамжинд гарч, нийгмийн халамжид эргээд оржээ. Ядуурлыг устгахад мөнгөний дүн хамаагүй бөгөөд галыг тосоор унтраахын адил бэлэн мөнгө тараах тусам ядуурал улам гаардгийг Америкийн ядуурлын эсрэг дайны туршлага харуулсан юм.

Тиймээс төр  архидалттай тэмцье гэвэл согтууруулах ундааг граммлаж зарах хууль баталж, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж байхаар иргэдээ ажилтай, орлоготой  болгоход л анхаарах шаардлагатай болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж