Өмнөд Солонгосын ерөнхий прокурор асан Юн Сук Ёл ерөнхийлөгчөөр сонгогдоод долоохон хонож байна. Юн Сук Ёл Хөх ордонд орсноор улс орны дотоод бодлого төдийгүй гадаад бодлого, бүс нутгийн холбоотнуудтай харилцах харилцаанд томоохон өөрчлөлт гарах шинжтэй болов.
ШИНЭ ГАДААД БОДЛОГО
Юн Сук Ёл нь Хойд Солонгос, Хятадын асуудал дээр хатуу консерватив байр суурьтай байдаг. Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Иний Хойд Солонгост зөөлөн ханддаг, Хятадтай хэт ойр дотно байдаг даруухан прагматизмаас эрс татгалзсан. Түүнчлэн Өмнөд Солонгосын гадаад бодлогыг либерализм ба авторитаризм гэсэн хоёр төрлийн үзэл суртлын агуулгад ангилан авч үздэг. Гэсэн хэдий ч түүнийг хуучинсаг үзэлтэй хүн гэх нь бас учир дутагдалтай.
Ардын хүчний намын гадаад бодлогын чиглэлийг үнэт зүйлд тулгуурласан, үзэл суртлын хувьд догматик “либерал-интернационалист”, популист гэж гурав ангилна. АНУ, Японтой стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхийн тулд чөлөөт худалдааны гэрээ, Номхон далай дамнасан худалдааны хэлэлцээрт тулгуурлан, дотооддоо нягт уялдаа холбоотой байхыг дэмждэг гадаад бодлогын чиглэлийг үзэл суртлын хувьд догматик “либерал-интернационалист” гэж хэлээд буй.
Түүнчлэн, Хойд Солонгосын цэргийн аюул заналхийллийн эсрэг цэрэгжилтийг эрчимжүүлэх “милитарист-неоконсерватив” бодлого ч үүнд хамаарна. Гурав дахь ангилал болох популист чиглэл нь үзэл суртал, үнэт зүйлд тулгуурладаггүй гэдгээрээ өмнөх хоёроосоо ялгарна.
Энэ нь Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйлстэй тэмцэхэд уян хатан арга хэрэгсэл ашиглах бодлого юм. Юн Сук Ёлын хувьд намдаа харьцангуй шинэ хүний тоонд орох бөгөөд гурав дахь ангилалд хамаардаг.
Юн Сук Ёл тавдугаар сард төрийн эрхийг албан ёсоор авна. Эндээс эхлээд Өмнөд Солонгосын гадаад бодлого хэрхэх бол?
Юуны өмнө АНУ-тай олон талт болон хоёр талт аюулгүй байдлын харилцааг сэргээхэд анхаарал хандуулна. Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын гурван талт аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Дональд Трамп, Жо Байден нарын үед Вашингтоны тэргүүлэх бодлого болсон. Юны засаг захиргааны үед Өмнөд Солонгос нь Пёньяны эсрэг хүчээ зузаатгахын тулд АНУ-ын дэмжлэгийг чухалчлах бололтой. Өмнөд Солонгос 2021 он гарснаас хойш удаа дарааллан пуужин харвасан. Нэгдүгээр сарын 30-нд харвасан пуужин нь л гэхэд Умардын 2017 оноос хойш туршсан хамгийн хол тусгалын пуужин байсан.
Мүүн Жэ Иний бүхий л хүчин чармайлт, зөөлөн бодлого хангалтгүй байсан гэдгийг энэ үйл явдал нь батлан харуулсан юм. Тиймээс шинэ ерөнхийлөгч хэдийгээр милитарист үзэлтэн биш ч гэлээ Умардаас ирэх аюулаас сэргийлэхийн тулд АНУ-тай цэргийн харилцаагаа хоёр дахин нэмэгдүүлэхээс өөр сонголт байхгүй гэж Сөүл үзэж байна.
Хоёрдугаарт, Сөүл болон Бээжингийн эдийн засаг, санхүү, худалдааны харилцаа нь аль Мүн Жэ Инээс ч өмнөх үеийн явдал. Өмнөд Солонгос нь төрөлтийн тоогоор дэлхийд доогуур байр эзэлдэг, эдийн засгийн зогсонги байдлаас айдаг улс юм. Тиймээс эдийн засаг, худалдааны түншлэлийг төрөлжүүлэх нь нэн чухал асуудал болно. Хятад улс урт хугацаандаа биш юм гэхэд богино болон дунд хугацаандаа Өмнөд Солонгосын худалдааны түнш хэвээр байх ба АНУ-аас ч илүү экспорт, импортын томоохон түнш нь юм. Хятад, АНУ хоёр улс аль аль нь сүүлийн жилүүдэд олон сорилттой тулгараад буй.
Тухайлбал, Хятад улсад хүн амын өсөлт удааширч, үл хөдлөх хөрөнгийн тодорхойгүй байдал үүсч буй бол АНУ-д инфляци нэмэгдэж, дотоодын аж үйлдвэрүүдээ гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах бодлого баримталж байна.
Эдгээр нөхцөл байдалд үндэслээд Хятад, АНУ аль аль нь өөрсдийгөө Сөүлийн урт хугацааны эдийн засгийн түнш гэж харахгүй байж болзошгүй. Тиймээс Өмнөд Солонгос улс Вьетнам, Энэтхэг, Европын холбоо зэрэг хөгжиж буй зах зээлийг судлавал илүү үр дүнтэй байж мэднэ.
ХЯТАДАД ДАЙХ ҮГ
Хятад улс дэлхий дахинд нөлөөллөө улам л тэлж буй хэдий ч Өмнөд Солонгосын залуу үеийнхэний дунд Бээжингийн гадаад бодлогод эргэлзэх хандлага нэмэгдэх болсон. Юн Сук Ёл ерөнхийлөгч болсноор Өмнөд Солонгос улс Хятадаас хэт хараат байдлаасаа сална гэсэн хүлээлт үүсээд буй. Эдийн засгийн дипломат бодлого дангаараа хүчирхэг, найдвартай эвслийг баталгаажуулах хэрэгсэл болж чадахгүй гэдгийг Бээжин хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Хэрвээ Хятад улс Өмнөд Солонгосчуудад илүү таалагдахуйц үг хэллэгээр дамжуулан соёлын солилцоо хийж, зөөлөн хүчийг хөгжүүлэхийг эрмэлзвэл хамгийн зардал багатай, үр дүнтэй аргаар харилцаагаа хадгалж үлдэнэ.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ