Банкны бус санхүүгийн салбарынхан чууллаа

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Банкны бус санхүүгийн салбарынхан чууллаа

Банкны бус санхүүгийн салбарынхан чууллаа

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо өнгөрсөн оны ажлаа тайлагнан бүх гишүүдийн хурлыг гуравдугаар сарын 11-ний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Хурлаар цар тахал дэлхий нийтийг хамарсан жилүүдэд хэрхэн ажилласан, ямар ахиц дэвшил гарсан хийгээд төлөвлөсөн ажлаа ямар төвшинд хийж гүйцэтгэснээ гишүүддээ тайлагнан 2022 онд ямар ажил хийхээр төлөвлөснөө танилцуулсан юм.

Бүх гишүүдийн хурлыг МББСБХ-ны Ерөнхийлөгч З.Алтанзул нээсэн. Тэрээр “МББСБХ-ны хувьд 2021 он  зорилгодоо хүрсэн амжилттай жил байлаа. Холбооны гишүүн байгууллагууд ч цар тахлын эдийн засгийн хүндрэлтэй үеийг харьцангуй тогтвортой даван туулсан. Үүний гол хүчин зүйл нь тус салбарын эрсдэл удирдах чадамж өндөр байгаагийнх, нөгөөтэйгүүр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн технологид суурилласан санхүүгийн бүтээгдэхүүн буюу финтекийн хөгжил ББСБ-уудын дунд эрчимжсэн жил байсантай холбоотой. Өнөөдөр ББСБ-ууд хол ойроос үл хамаарч ард иргэд, бичил жижиг бизнесүүдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, уламжлалт болон технологид суурилсан хялбар, шуурхай үйлчилгээгээрээ танигддаг боллоо. Цаашид МББСБХолбоо тогтвортой санхүүгийн үзэл баримтлалаа хөгжүүлж, байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглалд анхаарлаа чиглүүлж, үйл ажиллагаа болон эрсдлийн өртөг зардлыг бууруулж хүртээмжийг илүү нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах болно” гэсэн юм.

МББСБХ-ны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр “Өнгөрсөн жил цар тахалын нөлөө үргэлжилсэн хэдий ч банкны бус санхүүгийн салбарын хувьд  хөрөнгийн хэмжээ 2.8 их наяд төгрөгөөр буюу 35 хувиар өссөн. Түүнчлэн зээлийн жигнэсэн дундаж хүү 2.7 хувь болсон бол нийт орлого 521.3 тэрбум төгрөгт хүрлээ. Холбооны ажлын албаны хувьд бид тавьсан зорилгодоо хүрсэн жил байлаа” гэв.

МББСБХолбоо хийх ажлаа төлөвлөхдөө жилээр, улирлаар тоймлож биш сар, долоо хоног, өдрөөр нарийвчлан төлөвлөгдөг аж. Тэр ч бүү хэл сарын онцлог хийгээд салбарын голлох үйл явдал өрнөх цаг хугацааг нарийн тооцоолон төлөвлөсөн нь аргагүй л санхүүгийн салбарынхны онцлог гэлтэй. Өнгөрсөн жилийн ажлын гүйцэтгэл үр дүнгийн талаар гишүүн байгууллагуудын төлөөлөгчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

Банкны бус санхүүгийн салбарынхан зохицуулагч байгууллага болох Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуулийг шинэчлэн найруулах зөвшилцөлд хүрч хуульд өөрсдийн саналаа суулгах ажлыг зохион байгуулан ажилласан нь өнгөрсөн жилийн онцлох ажлын нэг гэж болно. Учир нь сүүлийн 20 гаруй жил зорилттойгоор өөрчлөлт орж байгаа салбарын зохицуулах хуулийг шинэчлэн найруулах нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм. Нөгөөтэйгүүр цахим шилжилт, финтек салбар, комплаенс зэрэг шинэ шинэ ойлголтууд гарч технологид суурилласан санхүүгийн үйлчилгээг банкнаас илүү шуурхай нэвтрүүлэн, нийтийг хамруулж буй энэ үед хуулийн шинэчлэл цагаа олсон өөрчлөлт болно хэмээн салбарын мэргэжилтнүүд олзуурхаж буй ажээ.

 

Цар тахалын нөлөөгөөр хөл хорионы зарчим үйлчилж байсан ч цахим орчны давуу талыг ашиглан зорилтот ажлуудаа тасралтгүй явуулж тодорхой дэвшил бас ахиц гарсныг хуралд оролцогчид онцолж байсан. Тухайлбал хөл хорионы үед бизнесийнхэн “тэг зогсолт” хийж хүндрэлд орж байсан ч технологийн дэвшил, финтекийн нөлөөгөөр банкны бус санхүүгийн салбар 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 703.1 тэрбум төгрөгөөр өсч 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь санхүүгийн салбарын 6.6 хувьтай тэнцэж буй талаар статистик мэдээллээс харж болно. Хурлын үеэр МББСБХ-ны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр “Энэ жил МББСБХ-ны 20 жилийн ой тохиож байгаа. Бид ойн хүрээнд нийгэм рүү чиглэсэн, салбарынхаа нэр хүндийг өсгөх ажлыг түлхүү хийхэд анхаарах ёстой. Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгад маш ихээр анхаарал хандуулж байгаа учраас бид хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож дорвитой шинэчлэл хийлгэхээр зорих хэрэгтэй юм. Учир нь энэ хууль шинэчлэн батлагдсанаар дараагийн 20 жил салбарын хөгжил дэвшил хийгээд алдаа оноог дэнслэх учиртай. Тиймээс хүн бүрийн санал, санаачилга чухал байгаа юм шүү” хэмээн салбарынхандаа аминчлан захиж сануулсан.

Харин энэ жилийн тухайд тэгш ой тохиож буй. Тиймээс салбар хороодын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ “Хороодын сар”-ыг үр бүтээлтэй, өгөөжтэй байдлаар зохион байгуулахаар зэхсэн байна. Түүнчлэн ногоон зээлд түлхүү анхаарч, агаар орчны бохирдуулахгүй байхаар хийж, хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх нь гол зорилго байх болно хэмээн А.Мөнхбаяр захирал хэлсэн юм.

Өнгөрсөнөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн хэлэлцэж ярилцсан банкны бус санхүүгийн салбарынхан “дэндүү даруухан” юм билээ. Ээлж дараалан намуухнаар саналаа хэлж бас баярлаж талархаж, бухимдаж буруушааж байгаагаа илэрхийлж байсан юм. “Микрокредит” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Булганчимэг “Шагналын журмаа эргэж харж өөрчлөх хэрэгтэй юм биш үү. Том, жижиг, дунд гээд ялгаатай байх хэрэгтэй гэж бодож байна. Учир нь жижиг нь томтойгоо харьцуулагдах нь шударга бус шүү дээ” хэмээн саналаа хэлснээс гадна “Холбооны үйл ажиллагаа сүүлийн хоёр жил илт сайжирсан. Цаашид ч энэ эрчээ алдахгүй ажиллаарай” хэмээн урам өгөхөө ч мартсангүй. Харин зочны саналтай нэг шугам дээр зогсч буйгаа холбооны гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр хэлсэн. Ингэхдээ таван жилийн өмнө тогтоосон хураамжийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа гишүүддээ дуулгаад амжина лээ. Ийнхүү хураамж нэмэхэд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банк бусынхны хураамжийг хэвээр үлдээж буйгаа ч хэлсэн. Үүнд зарим банк бусынхан төдийлөн таатай хандсангүй. Актив хөрөнгөөр нь ялгаатай тогтоосон нь илүү шударга гэх санал бас шүүмжлэл “заал”-наас гарч байв. Үүнд МББСБХ-ны ерөнхийлөгч З.Алтанзул “Актив хөрөнгөөр нэмэгдүүлэхийг дэмжих эсэхийг санал асуулгаар тодруулсан. Гэвч үүнийг дэмжээгүй. Магадгүй том, жижгийн ялгаа хэт гаарна гэж харсан юм болов уу гэж ойлгосон” хэмээн тайлбарлав.

Харин “Централ Финанс” ББСБ-ын гүйцэтгэх захирал Э.Өнөрбат “Холбооны гишүүн байна гэдэг нь ресторанд хоол захиалж байгаа биш, харин фитнесст явж байгаатай адил юм. Салбарын эрх ашгийг хамгаалж бидний дуу хоолойг хүргэхээр зорьж ажиллаж байгаа учраас санхүүгийн хувьд МББСБХолбоо чадавхитай байх ёстой. Ингэж байж л тодорхой үр дүнд хүрнэ шүү дээ. Тиймээс хураамж нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Мөнгөн дүнг хувиар илэрхийлэхээр их мэт сэтгэгдэл төрж байгаа юм болов уу. Болит мөнгөн дүнгээр тооцоход их биш байна” хэмээсэн юм.

Ийнхүү болох болохгүйгээ хэлэлцсэн банкны бус санхүүгийн салбарынхны бүх гишүүдийн хурал даруухан эхлээд даруухан төгссөн. Маргаантай, санал зөрсөн асуудлыг ч дэвэргэлгүй хүлээцтэйгээр нэгнээ сонсч ярилцаж байгаа нь улстөрийнхөнд үлгэрлүүлмээр санагдаж байв. Бас нэг зүйл, аливаа хурал зөвлөгөөн том сэдвийг далайцтайгаар хөндөж гарц гаргалгаа олдог байх хэрэгтэй. Гэвч манай улсад том сэдвийг жижигхэн асуудлаар далдлаад, хүчийг нь сулруулаад өнгөрөх нь байдаг. Энэ удаагийн хурлын үеэр ч мөн уг сэвдийг хөндсөн юм. Тухайлбал “Вишнфанд” ББСБ-ын санхүүгийн захирал Цэнгүүн “Салбарын том асуудлыг нухацтай ярилцацгаая. Төрөөс ирж буй тухайлбал хурууны хээг ашигладагийг болиулж байгаа нь үйл ажиллагаанд цаашид хүндрэл учруулахаар байна. Тиймээс энэ сэвдийг түлхүү яримаар байна” хэмээн бодит асуулт тавьсан. Тухайн асуултад МББСБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн С.Отгонбат тодорхой хариултыг өгсөн юм.

МББСБХ сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь эрс сайжирч, маш сайн ажиллаж байгаа хэмээн гишүүдээрээ ажлаа дүгнүүлэн “САЙН” дүн авч МББСБХ-ны энэ удаагийн Бүх гишүүдийн ээлжит хурал өндөрлөлөө.

Сэтгүүлч Д.Оюунчимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж