Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хэрэгжүүлж буй олборлолтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэвлэлийн хурал Уул уурхайн яамны үүдэнд боллоо. Хэвлэлийн хурлаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын байгаль хамгаалагч, залуучууд, өндөр настнууд “Хариуцлагатай, нутаг орондоо эдийн засгийн болоод бүтээн байгуулалтын үр өгөөжтэй уул уурхайг орон нутагтаа ажиллуулах сонирхолтой байна”, “Сэгс цагаан богд уулыг “Эрдэнэ Монгол” ХК сэндийчээд дууслаа” зэрэг асуудлыг бодит байдал дээр ямар байгаа талаар ярьсан юм.
Энэ үеэр Шинэжинст сумын дөрөвдүгээр багийн иргэн н.Бямбадаш “Манай нутгийн малчид өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэл хийж, нутгаасаа сонгогдсон төрийн түшээдэд хүсэлт гаргасан байдаг. Малчдын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд очиж ажиллаж, нутгийн иргэд, малчидтай уулзсан. УИХ-ын гишүүд иргэдэд “Та нар үнэхээр эсэргүүцэж байна уу, хэрэв эсэргүүцэж байвал ингэх хэрэгтэй” гэдэг зөвлөмжийг өгсөн. Одоогийн байдлаар “Эрдэнэ монгол” ХХК яг уул ус, газар шороо ухчихсан юм байхгүй, хайгуулын ажил хийгээд явж байгаа бололтой байдаг. Хариуцлагатай уул уурхайг нутгийн иргэд хүсэж энэ хэвлэлийн хурлыг зарлаж байна” гэсэн юм.
Харин Б.Бямбажаргал “Үнэндээ манай нутагт тогтвортой ажлын байр, тав тухтай амьдрах бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Үүнийг бид зүгээр сууж байгаад олохгүй нь лавтай. Төр засаг, холбогдох яам, газруудын, орон нутгийн удирдлагуудын шат дараат шалгалт, үзлэг, хяналт, Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн олгосон тусгай зөвшөөрөлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, сум, орон нутагт өгөөжтэй уул уурхайг дэмжиж, залуучуудаа нутагтаа ажилтай, орлоготой байхад анхаарах шаардлагатай байна. Ийм үүднээс хариуцлагатай уул уурхайг Эрдэнэ Монгол ХК хийгээсэй, орон нутагт төдийгүй Монгол Улсад өгөөжтэй байгаасай гэдэг үүднээс энэхүү хэвлэлийн хуралд 1000 гаруй километрийн цаанаас ирж оролцлоо. Одоогоор манай нутагт энэ компани олборлолтоо эхлүүлээгүй байгаа нь үнэн. Зарим хүн Сэгс цагаан богдыг ухчихлаа, сүйдэлчихлээ гэж худал мэдээлэл тараагаад байгааг гайхаж байгаа. Ер нь нутгийн хөгшчүүл уул уурхайг эсэргүүцэж, залуучууд ажлын байр, амьдрах боломж, орлоготой болох боломжийг бий болговол дэмжиж ажиллахад бэлэн гэсэн байр суурьтай байгааг хэлэхэд буруудахгүй байх” гэлээ.
Холбоотой мэдээ