Далд үндэсний системтэй модыг өвлөөс бусад улиралд тарих боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.03.17-нд нийтлэгдсэн

Далд үндэсний системтэй модыг өвлөөс бусад улиралд тарих боломжтой

Далд үндэсний системтэй модыг өвлөөс бусад улиралд тарих боломжтой

-Энэ өдрийн мэнд. Та өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Даваадорж овогтой Алтмаа гэдэг. Би 1987-1993 онд агрономч мэргэжлээр төгссөн. 2012 оноос одоог хүртэл УБТ Гарден ХХК-д ажиллаж байна. Энэ хугацаандаа 2017-2019 онд Япон улсын Сайтана хотын Бонсайн хүрээлэнд дадлагажигч хийж, Бонсай модны арчилгаа усалгаа хэлбэржүүлэлтийн талаар нарийн дэс дараатайгаар сурсан.

-Танай компани Мод үржүүлгийн чиглэлээр олон жил ажиллаж байгаа юм байна. Компанийнхаа тухай танилцуулаач.

  • Манай компани нь 2012 оноос одоог хүртэл мод үржүүлэг ойжуулалтын чиглэлээр ажиллаж байгаа ойн мэргэжлийн байгууллага юм. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 3300 м2 орчин үеийн “Ухаалаг” хүлэмж, 1800 м2 энгийн хүлэмжүүд болон ил талбайд   10 нэр төрлийн, нийт 1 сая тарьц суулгац ургуулж байна. Бид олон улсын томоохон төслүүдэд ашигладаг түргэн ургалттай, тэсвэрлэх чадвар өндөр, хүчирхэг үндэсний систем бүхий дэлхийн шалгарсан арга технологийг 2015 оноос хойш Монголдоо анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.

       Бидний хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурьдвал:

  • Туул голын эх Галтай Булнайд 95 га талбайд ойжуулалтын ажил
  • Бороо Гоулдын уул уурхайн 45 га талбайд биологийн нөхөн сэргээлт
  • Төв аймгийн доройтсон уулын нөхөн сэргээлт
  • Гүнтийн давааанд 10 га нөхөн сэргээлт
  • Ховд аймгийн Зэрэг суманд Алтантээл цэцэрлэгт хүрээлэнд 10 000 мод, бут суулгалт
  • Маршалл төгөлд 3500 мод, цэцэрлэгжүүлэлт
  • Дундговь аймгийн “Шарга азарга” хөшөөний 1,5 га талбайн ногоон байгууламж ажил

-Танай компанийн тарьж ургуулж байгаа модны онцлог юу вэ?

-Бид ил болон далд үндэсний системтэй, бортоготой тарьц суулгацыг үрээр тарьж ургуулж байна. Далд үндэсний систем буюу бортоготой мод нь хэзээ ч тарих боломжтой, хялгасан үндэс сайтай бөгөөд шилжүүлэн суулгахад 95 хувийн амьдралтын хувьтай байна. Үндэсний систем сайтай тарьцууд нь шилжүүлэн суулгасан газартаа хурдан дасан зохицож цаашдын өсөлт нь ердийн ил үндэсний системтэй тарьцтай харьцуулахад илүү хурдан ургалттай байдаг. Цаг агаарын хүнд нөхцөлд ч 90-с дээш хувийн ургалттай байдаг. Ил үндэсний системтэй тарьц суулгацыг хавар, намар л шилжүүлэн суулгаж тарих боломжтой байдаг бол далд үндэсний системтэй тарьц суулгацыг 6,7,8-р сард бороо чийг ихтэй үеэр ч тарих боломжтой. Энэ нь нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын амжилтанд нөлөөлөх гол хүчин зүйл юм.

-Монгол орны ойн тухай

-Манай орны ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна Сибирийн их тайгын үргэлжлэл, дэлхийн гурван томоохон усан хагалбарыг дагаж ургадаг уулын ой юм.

-Мод тарих тухай мод тарьснаар гарах өөрчлөлтийн талаар

-Бидний хамгийн их санаа зовж байгаа асуудлын нэг бол Улаанбаатар хотын экосистемийн бохирдлын асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчин өөрчлөлтөд орж хөрс, ус, агаар мэдэгдэхүйц бохирдож жам ёсны тэнцвэрт байдал нь алдагдаж, эргээд хэвийн байдалдаа орохооргүй байдалд ороод байна.

Улаанбаатар хотын нийт хүн ам: 1.6 сая орчим байна.

Ихэнх дэд бүтэц нь 1950 онд харьцангуй бага хэмжээний иргэдэд үйлчлэхээр төлөвлөгдөж баригдсан байдаг. Гэр хороололд 210’000 гаруй өрх амьдарч байгаа ба (Улаанбаатар хотын 65%) төвийн бохир усны шугамд холбогдоогүй байна. Улаанбаатар хот нь уулсын дунд байршилтай бөгөөд энэ нь агаарын бохирдлыг салхиар холдуулахад хүндрэлтэй болгодог.

Бид мод тарьж ургуулснаар өөрсдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах, цөлжилтийг сааруулахад маш их хувь нэмэр оруулж чадна. Тарьсан мод болгоноо цаашид бие даан амьдрах чадвартай болтол нь 3-5 жил арчлан ургуулах шаардлагатай юм.

  • Зуны улиралд орчныхоо шороо тоосны 50%
  • Өвлийн улиралд 37%-ийг өөртөө шингээж агаарын чийгийг 15-20% ихэсгэдэг.
  • Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15% бууруулдаг.
  • Цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх ажил нь хөрсний бүтцийг сайжруулж, агаарыг цэвэршүүлж, техникийн дуу чимээг намжаадаг.
  • Хүчилтөрөгчийг агаарт хамгийн их нийлүүлдэг нь улиас, улиангар бөгөөд 1 га гацууран ойтой харьцуулахад 40 дахин их.
  • 20 настай 1 га нарсан ойн төгөл өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулна.
  • 1 га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8 кг буюу 200 хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг шингээнэ.

-Одоогийн байдлаар манай орны хувьд Мод үржүүлгийн газар болон тарьц суулгацын талаар тоо мэдээлэл танилцуулаач.

-Монгол улсын хэмжээнд 816,9 га талбай бүхий 217 мод үржүүлгийн газарт 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөц байна. Манай компани 2022 оныг 1 сая ширхэг тарьц суулгац, 100 сая /Нэг зуун сая ширхэг/ модны үрийн нөөцтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлж байна.

-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарснаар ард иргэд болон Мод үржүүлгийн салбарт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Тэрбум мод үндэсний хөтөлбөр яригдаж эхэлснээс хойш хүн болгон мод тарих тухай маш их ярьж байна. Мод тарих гэдэг маш нарийн технологи шаардсан ажил байдаг. Энэ салбарын боловсон хүчний бодлого алдагдсан.

Цаашид, тухайн салбарт ажиллах ажилтан болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардалгатай.

Мөн арилжааны банкуудаар олгогддог “Ногоон зээл” нь мод үржүүлгийн салбарт огт олгогддоггүйгээс гадна гадаадын зээл тусламжинд хамрагдах боломжгүй байдаг.

Бэрхшээл гэвэл мод үржүүлгийн салбарт хөнгөлөлттэй зээл, тусламж хомс, төрийн бодлогын  дэмжлэг бага байна.

Цаашид мэргэжлийн байгууллагыг төрөөс бодлогоор дэмжин, хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлж ажиллавал хөгжих боломж их байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж