Аль, ноднин жил Замын-Үүдийн мафитай зад тэмцэхээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар амлаж, зарим нэг арга хэмжээ авсан нь тээвэрлэгчдэд таалагдсангүй. Тээвэрлэгчид ч гэж дээ, тэдний ард байгаа холбоодын эздэд бас авлигач түшмэдэд.
Өнгөрөгч Даваа гаригт Замын-Үүдийн жолооч нар Улаанбаатарт ирж жагсахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗТХЯ-нд шаардлага хүргүүлжээ. Тэдний тавьж байгаа шаардлага нь задгай тээвэр эрхлэх. Авчиг Монголын засаг төр жолооч нарын шаардлагыг хүлээж авдаг юм аа гэхнээ Хятад улс зөвшөөрөх нь юу л бол. Экспорт, импорт нь Хятадаас бүрэн шахуу хамааралтайн хувьд, хоёрт урд хөршийн зүгээс чингэлэгт тээвэр эрхлэхийг Монголын талаас шаардсан болохоор. Хятад улс Эрээний хилийг хаагаад яг дөрвөн сар болж байна, өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сарын 14-нд хааснаас хойш тоолбол. Энэ хугацаанд экспорт, импортоо тэг зогсоочихгүйн тулд Монголын засаг төр “авах хүн бөхийх”-өөс өөр аргагүй хүрсэн.
Нэг.
Замын-Үүдийн хэрүүл бол саяхны асуудал биш. Олон жилийн ужиг тогтсон, зарим байцаагч нар нь авлига авч байгаад гардуулсан тохиолдол цөөнгүй. Авлигад авсан бэлэн мөнгөө шкафныхаа араар нууж байгаад баригдсан бичлэг хэдэн жилийн өмнө “ичтэл шейр”-лэгдэж байлаа. АТГ-ынхан ч Замын-Үүдийн гаалийнхныг үе, үе “ангуучилна”. Тэд ч газар дээрээ байнга баригдана. Төрийн биш мафийн тогтолцоо тэнд хэдийнэ бүрдсэн, ямар сайндаа л Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа “нисдэг бор морь”-ийг нь ниргээд ир гэж явуулах билээ. Гээд нэг хэсэг хүнийг баривчлахаасаа илүү үндсээр нь өөрчлөхгүйгээр Замын-Үүдийн мафитай зад тэмцэх боломжгүй юм.
Ердөө жилийн өмнө ачаа тээврийн зардал 110 сая хүртэл өсч, тэнд илгээгч гэж гоё сүлжээ хэдийнэ бий болсныг Замын-Үүдийн захын нохой ч андахгүй. Ачаа тээврээ амар хялбар авахын тулд Эрээнд байгаа өвөрлөгч болон хятад иргэд, илгээгчдийн нэхсэн мөнгийг нь өгдөг “бичигдээгүй хууль” тэнд үйлчилдэг байсан. Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилоод тээвэрлэлтийн үнийн хөөрөгдлийг шийдэж чадахгүй байсан цаад асуудал нь далд “схем”.
Схемыг нь өөрчлөнгүүт хэдэн жолооч нарыг “босгох” болсны ард тээвэрлэгчдийн холбоо гэж асар том авлигын сүлжээний ашиг орлого буурчихсанд л байгаа юм. Дундын бүсийн тээвэрлэлтийг өнөөдөр цэргийнхэн хариуцаж, чингэлэгт тээвэр явуулснаар ямар ч байсан дундаас нь ашиг, хонжоо хайдаг хэсэг бүлэг хүний амьдрал “хэцүүдсэн” ч байх. Гэхдээ нэг хэсэг хүний шунал хүслээс бол нийт эдийн засгаа сүйтгэж болохгүй. Энгийн иргэд, эцсийн хэрэглэгчдэд бол тээвэрлэлтийн зардлаар далимдуулсан үнийн хөөрөгдөл хэрэггүй юм.
Хоёр.
Замын-Үүдийг түгжрэлийг арилгахын тулд Монгол Улсын Ерөнхий сайд арга ядахдаа захирамж гарган боомтуудад экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан бий. Өнөөдрийн байдлаар өдөрт 65-68 чингэлэг ачаа хилээр нэвтэрдэг, хилийн тэг цэг дээрээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэх болсон. Зэвсэгт хүчний жолооч нарын зардлыг төр дааж байгаа. Атал Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт 3.5 сая төгрөгийн ханштай байна гэхээр бас л өндөр ханш. Товчхондоо, жагсаал, цуглаан хийгээд байгаа жолооч нар Замын-Үүдээс-Улаанбаатар хүртэл тээвэрлэлт хийх боломжтой. Гол нь тэд хилийн задгай тээвэр хийхгүй болохоор амьдрал нь “сүйрчих” гээд байгаа юм байх. Илүү том эрх ашиг тэнд байгаа болохоор л тэр биз.
Ачаа, барааг өнөөдөр гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар оруулж байгаа аж. Өмнө нь тээвэрлэлтийн ханш өндөртэй эсвэл гаалийн бүрдүүлэлт хийхэд хялбар ачаа барааг эхэлж нэвтрүүлдэг, үүнээс болоод тээвэрлэлтийн зардал, авлига хоёр гэрлийн хурдаар өссөн бололтой.
Гурав.
Чингэлэгт тээвэр явуулснаар мэдээж авлига, хүнд суртал бүрэн шийдэгдсэн үү гэвэл бас үгүй. Эрээний гаальд үйл ажиллагаа явуулдаг хятад, өвөрмонгол иргэд хоосон чингэлгээ түргэн буцааж авахын тулд УБТЗ-ын ачаа шилжүүлэх ачих ангийн ажилчдын 1-1.5 сая төгрөгөөр хахуульдах болсон байна. Энэ үйл явдалд Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчдийн “Эвийн-Үүд хамтын жолоо” төрийн бус байгууллага холбоотой гэж холбогдох албаныхан хардаж байгаа аж. Учир нь, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын даргад нь авлига өгөх гэж байгаад баригдсан бололтой.
Үүний өмнө, өнгөрсөн зуны дуулианаар тус салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлсөн, өнөөх нь АТГ-ынхны бараа сургаар ажлын байраа орхиод зугтаасан тухай ч хэвлэлээр мэдээлж байсан юм. Араас томилогдсон нөхөр ахиад л авлигын асуудалд нэр холбогдсон нь төрийн албыг төрийн албаныхнаас цэвэрлэх цаг болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, замын, гаалийн, боомтын түгжрэл болгоны ард “үгсэн хуйвалдсан” төр, төрийн бусчууд, хувийн хэвшлийнхний сүлжээ байдаг, үүнтэй тэмцэхээ ихээ том дуугаар илэрхийлж байсан засгийн тэмцэл харин “замдаа” түгжирчихээгүй л байлтай.
Холбоотой мэдээ