Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
"Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэх шийд гаргалаа. Өнөөдрийн хуралдаанаар хүнсний ногооны үйлдвэрлэл дэмжих тухай чухал шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал, хүнсний ногоо тариалалтын намрын дүнгээр стандартын шаардлага хангасан ил тариалалтад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр боллоо. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгжүүдэд эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 01-н хүртэл сунгаж өглөө. Цагийн хувьд 18:00-06:00 болгосон.
Түүнчлэн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвөөр худалдан авсан таримлын үнийг 80 хувь хөнгөлөлттэй олгох шийд гаргасан. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Үүнийг мөн 50 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох шийд гаргалаа.
ЗЭЭЛЭЭС ГАДНА ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ ОЛГОНО
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас энэ жил 13.8 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргана. Өнгөрсөн жилийн ургац хураалтаар 567 мянган тонн үр, тариа хурааж авсан. Үүнээс борлуулагдаагүй 50 мянган тонн үр, тариа үлдсэн. Түүнийг хаврын тариалалт эхлэхээс өмнө нөөц бүрдүүлэх болсон. Ингэснээр хаврын тариалт хугацаандаа эхэлнэ. Малчдад зориулсан хөдөө аж ахуйн зээл гаргасан байгаа.
Нийт 400 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг хөдөө аж ахуйн салбарт олгох шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн 100 тэрбум төгрөгийн зээл олгоно.
Нэг онцлог нь хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөг, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс ширний бэлтгэлд 15 тэрбум төгрөг, ноолуурын үйлдвэрийн түүхий эд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх 150 тэрбум төгрөгийг дэмжлэг болгож гаргалаа. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг төлөх шийд гарсан байгаа.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн тогтоолыг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо. Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж тогтсон.
Холбоотой мэдээ