Пирлод энэ долоо хоног баяр хөөртэй мартагдахын аргагүй болж байна. Учир нь тэрбээр найман жил үерхсэн найз бүсгүй болох Валентина Балдинитайгаа өнгөрөгч Даваа гаригт Турин хотноо гэрлэж төд удалгүй өөрийгөө Италийн хөлбөмбөгийн алдрын танхимд албан ёсоор багтсан гэдгээ зарлажээ.
Пирло 2020 онд Италийн хөлбөмбөгийн алдрын танхимд багтсан хэдий ч Covid-19-ийн улмаас уг үйл ажиллагаа хойшлогдсон юм. Тэгвэл тэрбээр ирэх тавдугаар сард шагналаа авахаар болжээ. Италийн шигшээ багийн бэлтгэл бааз Коверчиано дахь хөлбөмбөгийн музей болох Музео дель Калциод уламжлал болгон өөрийн тоглож байх үеийн ямар нэгэн дурсгалын зүйл бэлэглэхээр болсон аж.
Өдгөө 42 настай тэрбээр “"Алдрын танхимд бичигдэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Би юу авч очихоо мэдэхгүй байна. Өмсгөлүүдийнхээ нэгнээсээ, бөмбөг эсвэл гэрт байгаа ямар нэг дурсгалын зүйлээ сонгоно. Музео дель Калцио бол хүнд итгэл найдвар төрүүлдэг, үзэсгэлэнтэй сайхан газар. Энэ газар олон шинэ цомоор арвижих болно" гэв.
Италийн шигшээ багт түүнтэй хамтран тоглож явсан Алессандро Дел Пьеро, Франческо Тотти, Алессандро Неста нар хэдийнэ алдрын танхимд багтсан байдаг бол дасгалжуулагчдаас Антонио Конте, Карло Маззон нар байдаг ажээ.
Пирло алдарын танхимд багтсан багийн андууд, найзуудынхаа талаар ярихдаа "Неста бол миний хамгийн сайн найзуудын нэг. Бид уралдаан тэмцээний оролцох үеэрээ нэг өрөөнд байрладаг байсан. Дасгалжуулагч Конте удирдлага доор би гайхалтай аялалын туулж өнгөрөөсөн. Бид хамтдаа маш сайхан цаг хугацааг туулсан бөгөөд одоо ч гэсэн холбоотой байдаг. Италийн шигшээ багийн дасгалжуулагчийн албанд байдаг Леле Ориали ч гэсэн мөн тийм байдаг. Харин дасгалжуулагч Маззон миний хөлбөмбөг байрлалыг Брешиа багт байхад өөрчилсөн буянтай хүн. Би түүний хийсэн бүхэнд үргэлж талархаж явах болно" гэлээ.
Холбоотой мэдээ