Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Бентли ирэх онуудын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өчигдөр /2022.03.15/ танилцууллаа. Тэд 2025 оноос эхлэн таван жилийн хугацаанд жил бүр шинэ цахилгаан машин үйлдвэрлэнэ гэв.
Их Британид төвтэй Бентли компани нь 2021 онд 389 сая еврогийн ашиг олсон байна. Энэ нь 2020 онд 20 сая еврогийн ашигтай ажилласнаа бодвол огцом өсөлттэй үзүүлэлт юм. Тодруулбал, тэдний шинэ хайбрид загварын машин хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байсан тул нийлүүлэлт 31 хувиар өсчээ. Нийт 14569 автомашин зах зээлд нийлүүлэгдсэн байна.
Дэлхий даяар бүх л автомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй машин үйлдвэрлэх уриалга гаргах болсон. Тиймээс Бентли компани ч бас цахилгаан автомашинд шилжих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж байна. Бентли нь 1998 оноос хойш Вольксваген компанийн харьяан дор үйл ажиллагаагаа явуулж буй. Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч Вольксваген компани нь Теслатай өрсөлдөхийн тулд эрчим хүчний дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх болжээ.
Бентли 2030 он гэхэд нүүрсхүчлийн хий огт ялгаруулдаггүй автомашинтай болохыг зорьж байна. Энэ зорилгынхоо хүрээнд үйлдвэртээ 10 жилийн хугацаанд гурван тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS