Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя!

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя!

Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя!

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллараас давсан ч баялгаа зөөх замгүй монголчууд энэ  алтан боломж хүртээлгүй.  Монгол Улс хамгийн сайн чанарын коксжих нүүрсээ урд хөршид нийлүүлж байгаа нь экспортын урсгал “амьтай” төдий үргэлжилж буй. Харамсалтай нь,  эрчим хүчний нүүрсээ "хөсөр хаяад" удаж байна. Угтаа бол хог болсон хүрэн нүүрс жилээс жилд хэрэгцээ нь өсч буй эрчим хүчний хэрэглээний гол эх үүсвэр. Ашиглаж чадвал өнөөдөр олж буй “ногоон”-оо хэд дахин нугалах боломж бий. Хүлэмжийн хий ялгаруулдаг, хамгийн бохир түлш гэж  ад үзэгддэг нүүрсний эрэлт хэрэгцээ эрчим хүчний салбарт өссөөр байгаа ч ган замын тээг, жишиг үнэ ирээдүйгээс олох орлогын чөдөр болсоор байна.

                            ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ГАРЦ ТӨМӨР ЗАМ УУ?

Төмөр замыг улстөржүүлж хэрүүлийн “алим” болгосны горыг монголчууд  цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жил хангалттай мэдэрлээ. Өнөөдөр улсын хэмжээнд хуурай замын 42 боомтоос Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт төмөр замаар холбогдсон байдаг. Иймд шийдвэр гаргагчид үндэсний төмөр замын сүлжээтэй болохоор эрэлхийлж томоохон төслүүдийг эхлүүлээд буй. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги мандалын чиглэлийн төмөр замын барилгын ажлыг бүтэн жил ч хүрэхгүй хугацаанд дуусгахаар саяхан нойрноосоо сэрсэн юм шиг аашлах болов. Эдгээр төмөр замын хөдөлгөөнийг нээснээр эдийн засгийг сэргээх гарц гэж тэд  үзэж байгаа юм. Улмаар эрчим хүчний нүүрсээ  эргэлтэд оруулах зорилгоор түүхий нүүрсийг дахин боловсруулах бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөснийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Тэрбээр “Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг нүүрсний ордоос олборлож буй түүхий нүүрсийг дахин боловсруулах бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Тухайлбал, “Эрдэнэс "Тавантолгой” компанийн тухайд  уг ажлыг төлөвлөж ТЭЗҮ нь  бэлэн болж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр хүлээж байна. Мөн хувийн компаниудын тухайд их бага хэмжээгээр нүүрс угаах үйлдвэрүүд бий. Гагцхүү хилийн асуудлуудаас болж, экспортод хүндрэл үүсээд байна.

Энэ нь аль аль талдаа л асуудал бий. Монгол Улсын хувьд экспортын зохион байгуулалт бүрэн төгс гэж хэлэхгүй ч өөрсдийн боломжоороо хичээж ажиллаж байна. Харамсалтай нь Хятадын талаас Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэх бүрт хилээ хязгаарлаж, тээвэрлэлтийг багасгаж байна. Иймд аль аль талдаа асуудал бий. Бидний зүгээс Хятадын талаас хилээ нээхийг  хүлээж байна. Хил нээгдсэн тохиолдолд тээвэрлэлтийг эхлүүлэхэд асуудалгүй” гэсэн юм. Мөн түүний өгсөн мэдээллээр уурхайн аманд нүүрс овоорч, АМНАТ-аас орлого төвлөрүүлэх боломжгүй болжээ. Жишээ нь, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрс олборлолтыг эхлүүлэх боломж нээгдэх гэнэ. Мөн эдийн засагчдын зүгээс төмөр замаа барьснаар нүүрсний экспортоос ашиг хүртэх боломжтойг дуулгасан.

                                         АМНАТ  ЧӨДӨР БОЛЖ БАЙНА

Эрчим хүчний нүүрс үнэгүйдэхэд зөвхөн төмөр замаас шалтгаалахгүй гэдгийг салбарынхан үзэж байгаа. Одоо ч эргэлтэд оруулж ашиг олох боломжтой ч гагцхүү Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ийг тойрсон маргаан хойш нь чангаасаар байгааг салбарынхан хэлж байгаа юм.

"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ: 

-Зах зээлд хэрэглэх нүүрс байгаа ч зарж чадахгүй байна. Сангийн яам өндөр үнэ тогтоохоор борлуулж буй үнээсээ өндөр татвар төлбөл аж ахуйн нэгжүүд олборлолтоо зогсооно. Мөн зөвхөн сайн чанарын коксжих нүүрсээ гаргаж, эрчим хүчний нүүрсний олборлолт нь зогсчихоод өчнөөн сая тонноор овоорсон байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар заасан бүх нийтийн өмч ард түмний мэдлийн газрын хэвлийн  байгалийн баялгийг үнэгүйдүүлж буй татварын орчин, эрхзүйн бичиг баримтын алдаатай үзэгдэл.

Энэ нь Үндсэн хуулийн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, ашигт малтмалыг иж бүрнээр нь ашиглана гэдэг зарчмыг үгүйсгэж буй буруу үр дагаварт хүрч байна. Иймд холбогдох тогтоол журмыг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тул Монголын нүүрс ассоциаци захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Уг нь үнэгүйдэж, овоорсон эрчим хүчний нүүрсийг зах зээлийн эргэлтэд оруулах хоёр боломж бий. Нэгдүгээрт, тээвэр ложистикоо сайжруулж эрчим хүчний нүүрсийг зарах. Хоёрдугаарт, цахилгаан станц барих, нүүрс химийн үйлдвэртэй болох. Угаасаа бид нүүрсэн дээр амьдардаг тул нүүрсээ өндөр үнэтэй бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Нүүрсийг химийн бүтээгдэхүүн болгож чадвал гуравдагч улс руу экспортлоход нэг тонны үнийг 1000, 2000 ам.долларт хүргэхэд ямар ч асуудалгүй. Ийм хэмжээний зүйлийг монголчууд бодох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эл асуудал орхигдчихоод байна.

Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Д.ЭНХБОЛД: 

-Татвар, тээврийн асуудлыг шийдэхгүйгээр эрчим хүчний нүүрсийг өнөөдрийн нөхцөлд экспортлох боломжгүй. Эрчим хүчний нүүрсээ экспортлоё гэвэл төмөр замаас хамаарахгүй өртөг, тээврийн зардлаа багасгах ёстой. Хамгийн гол нь Сангийн яам  олборлосон нүүрснээс АМНАТ авч чадахгүй байгаа тухайд яаманд ч бас асуудал бий. Олборлосон нүүрс нь коксжсон нүүрснээс гурав дахин хямд байхад татвар авах нь борлуулах ямар ч боломжгүй. Уг нь коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсийг экспортлох боломж нь бий.

Ачихад бэлэн нүүрс байгаа ч АМНАТ-ийн жишиг үнийн ангилалыг зөв тооцохгүй, эрчим хүчний нүүрс экспортолбол ямар ч уурхай дампуурна. Дэлхийн зах зээлд кокжсжих нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллар байхад эрчим хүчний нүүрс тонн тутамдаа 190 ам.доллар. Гэвч АМНАТ-ийг 400 ам.доллараар тооцож авах нь ашиг олох нь бүүхэл алдагдалд орно.

Жишиг үнэ нь ойлгомжгүй, олон улсын стандартад хүрэхгүй байгаа нь асар том чөдөр болж байна. Нөгөө талаас дэд бүтэц, тээврийн асуудал. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд үнэтэй нүүрсээ зарж алдагдлаа нөхөхөөс өөр аргагүй байдалд орсныг үгүйсгэхгүй. Биднээс шалтгаалах зүйл тун бага. Бид дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн алтан боломжийг ашиглаж чадахгүй нь.

2008 оноос хойш өнөөдрийг хүртэл төмөр замгүй, өнгөрсөн хугацаанд алдсан боломжийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Одоо төмөр замтай байсан бол гэж яриад ч нэмэргүй. Цаашид салбарт бодит тооцоо, бодит нөхцөл байдал хэрэгтэй. Түүхий нүүрс боловсруулахын тулд техникийн асуудал тулгамдаад байна. Экспортод  Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордын эрчим хүчний нүүрс илүү чанартай. Гэтэл Монголд нийт 160 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцөөс 90 гаруй тонн нь хүрэн нүүрс. Энэ нь илчлэг бага, чанар муутай, хүхэр ихтэй. Нийтлэг зургаараа эрчим хүчний нүүрс хямд байна. Дээр дурдсанаар дэд бүтцээ шийдэж, тээвэрлэлтийн зардлыг хямд болгосноор эрчим хүчний нүүрсээ экспортлох боломжтой. Нөгөөтэйгүүр экспортлох боломжтой эрчим хүчний нүүрс говийн бүсэд байдаг ч угааж боловсруулахад усны асуудал яригдаж байна. Говийн бүсийн эрчим хүчний нүүрсийг угааснаар чанар нь сайжирч үнэ нь өсдөг. Гэвч усны асуудлаас болж бие биеэ үгүйсгэсэн нөхцөл байдалтай байна гэлээ.

УУХҮЯ:  ГҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Засгийн газрын зүгээс АМНАТ-ийг жишиг үнээр тооцох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Энэ нь Монгол Улсад ашигтай гэж үзэж байгаа юм.  Энэ бүх асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа “Эрчим хүчний нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд экспортын асуудал яригдана. Хятадад нүүрсний их хэмжээний эрэлт байна. Энэ хэрэгцээг хангаж нийлүүлэх хүчин чадал нөөц бидэнд бий. Харин тээвэр ложистикийн асуудал чухал. Хоёрдугаарт, боомтын өрсөлдөх чадварын асуудал.

Энэ чиглэлд анхаарч чадвал эрчим хүчний нүүрсээ экспортлох боломжтой. Цаашид хүрэн нүүрсэд тулгуурласан гүн боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах шаардлагатай. Үүнээс хий, газ зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулж болно.

Монгол Улс эрчим хүчний нөөцөөр маш баялаг. Хаягдал нүүрсээ цахилгаан станцууд руу нийлүүлэх байдлаар шахмал түлш зэргээр ашиглах боломжтой.

Эрчим хүчний нүүрсний хэрэгцээ шаардлага их байгаа ч экспортолъё гэхээр хилийн хязгаарлалт, тээвэр ложистикийн асуудал нь бидэнд сул тал болж байна.

Нөгөөтэйгүүр, АМНАТ-ын жишиг үнийн тухайд олоогүй орлогоос доогуур үнэ тогтоохын эсрэг байр суурьтай байна. Хөл хориогүй, экспорт зогсоогүй нөхцөлд өндөр татвар авч болно” гэх тайлбар өгч байв.

Монголын нүүрсийг Хятадын  төвийн болон баруун хойд хэсгийн мужуудын гангийн үйлдвэрүүд импортолдог. Эдийн засаг нь уул уурхайд  түшиглэсэн Монгол Улсын хувьд экспортын урсгалыг таслахгүйн тулд хамгийн сайн чанарын коксжих нүүрсээ дэлхийд байхгүй хямд үнээр өгөхөөс өөр сонголтгүй. Үүнийг дагаад эрчим хүчний нүүрс үнэгүйдэж байгаа нь монголчуудыг илүү их ухаан зарж, хөдөлмөрлөж, үнэд хүргэхийг, хөгжихийг шаардаж байна. Наад зах нь, татварын асуудалд төр хувийн хэвшлийн компаниуд нь санал нэгдэх нь чухал болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж