Ардчилсан нам шинэ даргын сунгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд хийхээр болсноо зарласан. АН-ын дарга О.Цогтгэрэл намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар даргын сунгаанд оролцохоо мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэхдээ энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой гэдгийг битүүхэн хэлсэн. Энэ асуудлыг хөндөж, энэ долоо хоногийн "VS" буландаа Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж буй Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын байр суурийг онцолж байна. Тэд өнөөдөр /2022.03.16/ нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Х.Баттулга
Ерөнхийлөгч асан
-Би одоо 21 аймгаараа явна. Ардчилсан намын даргын сунгаа бол ганц намын асуудал биш. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай, ард түмэн нь иргэдээ парламентад сонгодог парламент байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгуульт сунгаа юм. Тийм учраас Ардчилсан намын даргын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс парламентын засаглалтай байх эсэхийг тогтооно. Өнөөдөр төрд хэт олонх гарч, төрийн гурван өндөрлөг нь нэг намаас сонгогдсон. Ардчилсан нийгэмд ямар байгааг бид амьдралаараа, яс махаараа мэдэрч байна.
Тийм учраас Ардчилсан нам парламентад тодорхой хүчин зүйлтэй суух эсэхийг шийдэх сонгууль гэж өөрийгөө сонгуульд "сойж" байна.
Ж.Батсуурь
УИХ-ын гишүүн
-Ардчилсан намыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг бол Х.Баттулга шүү дээ. Тийм болохоор энэ хүнийг дахин шинэ хэв маягаар гарч ирсэн ч асуудлыг шийдвэрлэж, бодлогыг хэрэгжүүлж явж чадахгүй гэж бодож байна. Харин надад бол боломж байна. Яагаад гэвэл би найман сонгуулийн долоод нь ялсан хүн. Монгол Улс 21 аймагтай. Миний хувьд Сүхбаатар аймагт тав дараалан ялж, бодлогоо хэрэгжүүлж байсан.
Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар улс төрийн нэг нам монополь тогтоож байна. Бид бүхэн энийг засч, залруулж ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан парламентад суудалтай ялдаг нам байхын төлөө нэрээ дэвшүүлж байна. Өнгөрсөн 32 жилийн түүхэнд Ардчилсан нам үндсэндээ ялж, олонх болж байгаагүй. Харин улам олуулаа болж байсан түүхтэй. Тэгэхээр миний хувьд олонх болж, ялахын төлөө зүтгэнэ. Ингэж ялахын тулд дунд бөгөөд анхан шатны намаа бэхжүүлж, дарга ангийн эрх мэдлийг дунд, анхан шатанд аваачиж, ард түмний хүсэн хүлээсэн нэр дэвшигч болж, парламентад олон суудал авна. Тэгснээр нийгэмд бухимдаж буй олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэдэг хүсэл эрмэлзэлтэй байна. Хамтын удирдлагын системээр ажиллана. Ард түмний 60 орчим хувь нь биднийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.