Өмчлөх эрхийг өмгөөлж өгнө үү, Ерөнхий сайд аа

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Өмчлөх эрхийг өмгөөлж өгнө үү, Ерөнхий сайд аа

Өмчлөх эрхийг өмгөөлж өгнө үү, Ерөнхий сайд аа

Өчигдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ хаврын чуулганаас хүлээгдэж буй гол асуудлын нэг нь яах аргагүй газрын шинэтгэлтэй холбоотой. Тийм ч учраас Ерөнхий сайд энэ баасан гарагт УИХ-ын чуулганд Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн газрын удирдлагын нэгдсэн цахим системийн талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх чигтэй байна.

Энэ хавар УИХ Засгийн газраас санаачилж боловсруулсан Газрын Ерөнхий хууль, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүдийн санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах учиртай. Харин газартай холбогдсон энэ бүх эрх зүйн шинэтгэлийг тал бүрээс нь нухацтай нарийвчлан хэлэлцэж байж сая бүрэн үр дүнд хүрнэ.

Сүүлийн дөрөв тавхан жилийн дотор Улаанбаатар хот хүрээ хаяагаа эрчимтэй тэлсэн. Ялангуяа Зайсан, Нисэх, Яармагаас эхлээд Богд хан уулын ам болгонд барилгажилт эрчимтэй явагдаж хотын шинэ төв, шинэ төвлөрөл бий болсон гэхэд болно. Хамгийн сүүлийн мэдээгээр хотын шинэ суурьшлын бүсэд 100 мянга гаруй иргэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Хамгийн харамсалтай нь тэдгээр иргэдийн багагүй хэсэг нь өнөөг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй байна. Энэ бүхэн анхнаасаа төр, төрийн байгууллагууд өөрсдөө хуулиа хэрэгжүүлээгүй, шат шатандаа санаатай санаагүй хийдэл завхрал гаргасан гажуудлаас эхтэй.

Богдхан уулын тусгай хамгаалалттай гэх газарт эхлээд БОАЖЯ аялал жуулчлалын отог байгуулах нэрээр халхавчлан тусгай зөвшөөрөл олгодог. Харин ийм зөвшөөрөл авсан иргэн ААН-үүд яаж ийгээд барилга эхлүүлэхээс өгсүүлээд барилга дуусах хүртэлх шат шатны зөвшөөрөл олж авч мөнөөх газартаа орон сууц, амины байшин барих үзэгдэл сүүлийн 10 гаруй жил үргэлжилж өдийг хүрсэн. Гэхдээ үүнд данц ганц хувийн хэвшлийг буруутгах нь учир дутагдалтай. Үндсэн хуулийн цэц, БОАЖЯ, ХЗДХЯ, хотын захиргаа ч өөрсдөө энэ бүхэнд манлайлан оролцож өөрсдийнхөө оффис, ажилчдын орон сууцыг уралдан барьж, төвийн шугам сүлжээ татаж, зам дэд бүтэц барьж, эмнэлэг сургууль байгуулж шинэ суурьшлын бүсийг бий болгосон билээ.

Тэгчихээд өнөөдөр шинэ суурьшлын бүсэд барилга орон сууц худалдан авсан иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгохгүй, өөрсдөө хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхийг ч хүсээгүй хуулиараа гул барьж тээг тавих нь тохуурхал гадуурхал биш гэж үү.

Ерөнхий сайдын ярьж буй газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд газрыг телевлех, бүртгэх, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажил чухам эндээс л эхлэх учиртай. Тэгнэ ч гэж олон хүн найдаж хүлээж байна. УИХ-ын чуулганд Ерөнхий сайдын хийх мэдээлэлд газрын эрхийг Иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй орон сууц болон бусад барилгын өмчлөгчдийн газрын эрхийг баталгаажyулах талаар туссан нь ийм найдвар төрүүлж байна.

Саяхан нисэхэд баригдаж байсан орон сууцны барилга түймэрт өртөж иргэдийг цочролд оруулсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “…Нэг ийм эрсдэл гарахад л орон сууц өмчлөгчид юу ч үгүй шууд гудамжинд гарах эрсдэл орон сууц өмчлөгч 355000 иргэнд байж байгаа” хэмээн пэйж хуудсандаа бичсэн байсан.

Тэгвэл газар хөдлөхөд, гал усны гашуун зовлон тохиоход хамаг мөнгөө цуглуулж байж авсан барилга орон сууц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүйн улмаас юу ч биш болж хохирох эрсдэлд ороод буй иргэдээ төр эхэлж анхаарах цаг болсон юм биш үү.

Гэрчилгээгүй үл хөдлөх хөрөнгө бол гэр ч үгүй, юу ч үгүй болохын цондон биш байгаа даа.

Овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдэг үгтэй. Анхнаасаа БОАЖЯ газар олгож, хотын захиргаа, холбогдох яамд ерөнхий төлөвлөгөөг нь баталж, барилга эхлэх зөвшөөрөл олгож, Эрчим хүчний  яам зэрэг бусад төрийн байгууллагууд техникийн нөхцөл, эрчим хүч шугам сүлжээ барих зөвшөөрөл олгоогүйсэн бол иргэд ААН барилга орон сууц барих нь бүү хэл ҮХЦ, Хотын захиргаа, ХЗДХЯ хуулийн дээгүүр давж гишгэн барилга барих нь юу л бол.

Барилга нэгэнт бариагүй бол иргэд байхгүй орон сууцыг юуг нь хаанаас худалдаж авч өнөөдөр төрийг царайчлахдаа тулах билээ дээ. Төр, төрийн яамд, хотын захиргаа өөрсдөө зөвшөөрөл өгч бариулчихаад адаг сүүлд нь барилга барьсан компани, байр худалдаж авсан иргэнээ буруутгаад, хохироогоод байх нь зөв гэж үү Ерөнхий сайд аа.

Уг нь бид Үндсэн хуулиндаа иргэн хүн    “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” хэмээн тов тодорхой заасан. Үндсэн хуулийн энэ заалтаа улам баталгаажуулж “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” хэмээсэн.

Тэгвэл иргэн хүн өмчтэй байх Үндсэн хуулийн энэ заалтыг амь оруулж, иргэдийнхээ өмчлөх эрхийг нь өмгөөлж өгнө үү Ерөнхий сайд аа. Эндээс л таны газрын шинэтгэлийн бодлого гарцаагүй эхлэх ёстой гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж