УИХ-ын гишүүн Т.Доржхантай Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод ОХУ, Украины дайн Монгол Улсын эдийн засагт ямөр сөрөг нөлөө үзүүлэх талаар ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хууль ямар байдлаар шинэчлэгдэх ёстой юм бол гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улс 1992 онд парламентын ардчиллыг Үндсэн хуульдаа тунхаглаад 30 жил болсон байна.
Парламентын засаглал гэдгийг намуудын бодлогын мэтгэлцээний талбар гэж энгийнээр ойлгох хэрэгтэй. Хэрвээ парламент намуудын бодлого ярьдаг талбар юм бол намууд өөрөө бодлогын институц байх ёстой.
Өөрөөр хэлбэл, намууд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, төлөвшсөн байгууллага болох ёстой юм. Монголын улс төрд 36 бүртгэлтэй нам байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 орчим нам бий. Институцийн шинж чанартай буюу тодорхой үзэл санаанд суурилсан, дүрмээ мөрддөг, гишүүнчлэлтэй, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг нам гэвэл гарын таван хуруунд багтахаар цөөн байна. Улс төрийн намуудын дийлэнх нь нэг хүний “цүнхний” намууд байна. Цаасан дээрээ нам байгуулж 800 хүний гарын үсэг цуглуулсан ч гэсэн бодит байдалд нэг хүний нам байх жишээтэй. Гэтэл парламентын засаглал бол институцийн засаглал юм. Тэгэхээр Улс төрийн намын тухай хууль улс төрийн нам гэдэг институцийг бэхжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай. Энэ утгаараа парламентыг бэхжүүлэх, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд маш их ач холбогдолтой.
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ЗЭРЭГЦЭЭД УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙЖ ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ БОЛНО
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв үү. Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр улс төрд ямар эерэг өөрчлөлт гарах юм бол?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд парламентад суудалтай, суудалгүй бүх намууд парламентын ардчилал руу зуун хувь шилжье гэж тохирсон.
Үндэслэл нь юу байсан гэвэл хоёрдугаар сард болсон Казахстаны асуудал байлаа. Нэг хүний засаглал ямар хэврэг юм бэ гэдгийг харлаа. Үүнээс улбаалж улс орон, газар нутаг, тусгаар тогтнолоо алдах нөхцөл байдал үүссэн.
Хоёрдугаарт, Украин, ОХУ-ын дайны асуудал олны анхааралд байна. ОХУ жишээ нь ерөнхийлөгчийн засаглалтай буюу нэг хүн засагладаг. Өөрөөр хэлбэл, улсдаа хамгийн их рейтингтэй, хамгийн поп хувь хүн засаглаад байна гэсэн үг шүү дээ. Харин Монгол Улс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол дээрх улсуудын адилаар тусгаар тогтнол, газар нутаг, эдийн засгийн хараат бус байдал гэх мэт бүх зүйлээ алдах эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Үүнийг сөрөх тогтолцоо нь парламентын тогтолцоо. Энэ агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Парламентын ардчилал зохих ёсоор ажиллахад сонгуулийн пропорциональ тогтолцоо бол зайлшгүй.
Пропорциональ систем бол намуудын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, үзэл санаа, тэнд ажиллаж буй мэргэжилтнүүд, боловсон хүчнийг харгалзан үзэж, тухайн нам институци нь бидний итгэлийг дааж чадах уу гэдгийг харж байгаад сонголтоо хийдэг тогтолцоо. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт дээрх чиглэл рүү явах нь ээ. Хаврын чуулганаар бид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй оруулж батлуулна гэсэн хүлээлттэй байна. Намууд бодлогоор өрсөлдөж, төрөлжиж, бэхжих шаардлагатай. Энэ бэхжилтийг бий болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй зэрэгцээд Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөж байж цогц шинэчлэл болно.
Миний бие “Зөв хүн электрот эвсэл”-д багтдаг ХҮН, Монголын социал демократ нам, Зүй ёс нам зэрэг намуудыг төлөөлдөгийн хувьд Улс төрийн намын тухай хуулийг маш их хүлээж байгаа. Ажлын хэсэгт нь орсон.
-Мөнгөтэй нь сонгуулийг луйварддаг, эсвэл хандив их өгсөн нь өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг байдлыг хүн бүр ярьдаг. Хуульд өөрчлөлт орсноор намыг авлигаддаг, хандив өгдөг асуудал цэгцрэх үү. Бодит байдал дээр улс төрийн нам шилэн болж чадах уу?
-Энэ хуулиар маш том өөрчлөлт ирэх болов уу. Хандивын хэмжээг хуулиар хязгаарлаж байгаа. Бидний хувьд намын санхүүжилтийг шилэн болгох тал дээр илүү анхаарч байгаа.
ДАЙНААС АШИГ ХОНЖОО ХАРДАГ УЛСТӨРЧИДТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. ОХУ, Украины дайн Монгол Улсад эдийн засаг талаасаа ямар сөрөг нөлөө дагуулж байна вэ. Дайнаас үүдэн олон улсын эдийн засагт шок үүсч байна. Энэ хүндрэлийг бид хэрхэн хохирол багатай даван туулах ёстой юм бол?
-Эдийн засгийн хувьд маш их хүндрэл үүснэ. Дайн болж байна. Зарим нь зэвсэгт мөргөлдөөн, цэргийн тусгай ажиллагаа гэх мэтчилэн янз бүрээр л нэрлэж, ярьж байх шиг байна. Дайны үед эдийн засаг хүндэрнэ. Тухайлбал, дэлхийн хэмжээний дайн байлдаантай үе II дайнаар дууссан. 1945 онд дэлхийн олон улсууд хоорондоо нэгдэж энх тайвныг эрхэмлэж НҮБ-ыг үүсгэн байгуулсан. Дараа нь дэлхийгээ хамтраад босгоё, санхүүжүүлье гээд Дэлхийн банкыг байгуулсан. Мөн нэг санхүүгийн системд орьё гээд Олон улсын валютын санг үүсгэсэн бол дайн тулаангүй, жижиг улс орнуудыг том улсууд дээрэлхдэг байвал хамгаалъя гээд цэргийн эвслийг үүсгэсэн байдаг. Үр дүнд нь дэлхий 70 жил харьцангуй энх тайван байлаа.
Дэлхийн хүн ам ердөө 70 жилийн дотор өмнөх дайн тулаантай байсан 2000 жилтэй харьцуулвал гурав дахин, дэлхийн эдийн засаг 8-10 дахин, дэлхийн худалдаа наймаа 20-30 дахин өссөн. Үр дүнд нь өвчин зовлон, ядуурал буурч, хүн амын дундаж наслалт нэмэгдсэн.
Энгийнээр хэлэхэд хүмүүс заавал дайн байлдаан хийхгүйгээр энх тайван таатай амьдарч болох юм байна гэдгийг нотолсон. Үүнийг яагаад яриад байна вэ гэвэл дайн байлдаантай үед дэлхий дандаа хохирдог.
Хэдийгээр Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт боловч бид дэлхийн, хамтын эрх ашиг гэдэг зүйлийг яримаар байна. Дайнаас улбаалан монголчуудын хувьд маш хүнд байдал үүснэ. Ялангуяа хөрш орон дайн үүсгэлээ. Үр дүнд нь Баруун Европын зах зээл хаалттай боллоо. Яагаад гэвэл манай карго тээвэр бүгд ОХУ-ын нутгаар орж ирдэг.
Урд хөрш халдварын нөхцөл байдлын улмаас хилээ нээх эсэх нь тодорхойгүй байна. Шууд нөлөө гэх юм бол ОХУ-тай хамааралтай байдаг нефть, шатахууныг бусад улс орноос авлаа гэхэд өртөг зардал өснө.
Дээрээс нь хаврын тариалалт, улаан буудайн асуудал гарч ирж байна. Мөн наранцэцэгийн тос, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт байхгүй болох нь ээ. Үр дүнд нь хаврын тариалалтад эрсдэл үүсч байна. Намрын ургацаа авч чадахгүй бол хүнсний хомсдол үүснэ. Цаашаа дам нөлөө байлгүй яах вэ. Дэлхийн эдийн засагт том шок үүсчихлээ. Энэ нь тээвэрлэлт, ложистикийн байдал буюу хоорондоо наймаа хийж чадахгүй болчхоор бараа бүтээгдэхүүний үнэ өсч, дэлхий даяар инфляцын дарамтад орчихлоо.
Статистик мэдээллээс инфляци манай улсад 16 хувьд хүрчихлээ. Ганц инфляцийн асуудал байна уу гээд харахад төлбөрийн балансын буюу ханшны уналт үүсэх эрсдэлтэй болчихлоо. Яагаад гэвэл экспорт байхгүй болчихсон. Бид үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээ гаргадаг орон болохоор хоёр орны бодлого бидний эдийн засгийг нээх үү гэдгээс маш их зүйл хамаарч байна.
-Энэ байдлаараа удаан явбал бид ямар алдагдал хүлээх вэ. Дэлхийн зах зээлд ашигт малтмал, түүхийн эдийн үнэ өссөн алтан боломжийг монголчууд ашиглаж чадсангүй. Экспортын урсгалыг сэргээх гарц нь зөвхөн ганц төмөр замаас хамаарахгүй болов уу. Үүнийг та хэрхэн харж байна?
-Хэдийгээр түүхий эдийн үнэ өсч байгаа ч гэсэн энэ байдал үргэлжилбэл бид экспортын орлогоо алдана, давхар ханшийн асуудал үүснэ. Үр дүнд нь төсвийн орлогоо олж чадахгүй төсвийн баланс, алдагдал өснө. Ихэр алдагдал буюу төсвийн алдагдал, төлбөрийн балансын алдагдал үүснэ.
Энэ жилийн хувьд монголчуудад маш хүнд жил болж байна. Магадгүй сүүлийн 30 жил тохиолдоогүй хүндрэлтэй байдал үүсч болзошгүй. Зарим нөхөд дайны нөхцөл байдалд ашиг хийх талаар ярьж байгаа нь буруу. Жаахан хүнлэг байх нь зүйтэй. Дайнаас хонжоо хайж, ашиг хийх талаар улстөрчид ярьж болохгүй. Харин энэ нөхцөл байдалд бид дотооддын үйлдвэрлэл, хүнсээ өөрсдөө хангадаг болох, дэд бүтэц, эрчим хүчний төслөө хөдөлгөх хэрэгтэй.
Яг энэ мөчид бид төмөр замын асуудлыг ОХУ-ын талтай ярих хэрэгтэй. Тодорхой түвшинд бид төвийг сахиж, найрамдалт харилцаагаа авч үлдэхийг хичээж байна. Нөгөө талдаа өнөөдрийн хүндрэл бол дэд бүтцийн хүндрэл юм. Бид аль болох хоёр хөршөөс хамаарахгүйгээр эдийн засгийн бие даасан хараат бус бодлого явуулах нь зүйтэй. Тэгэхээр дээрх асуудлыг сөргүүлж тавих хэрэгтэй. Эрчим хүчний хямрал, хүнсний хямралаас гарах асуудал руу орох хэрэгтэй. Энэ нөхцөл байдал хэр зэрэг удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Хил гаалийн асуудлыг эрчээ сулруулахгүй анхаар ч гадаад нислэгийн тоог өсгөх сувгаа нэмэх хэрэгтэй. Хоёр хөрштэй зөв харилцаатай байхаас гадна гурав дахь хөршийн бодлогоо мөн үргэлжлүүлэх гээд торгон шийдвэр гаргах мөч ирж байна.
-АН-аас Украины дайныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа. УИХ-д суудалтай намууд дайны асуудлаар дуугарах нь зөв үү. Монгол Улс ямар бодлого баримтлах нь зөв юм бэ?
-Гадаад бодлогын асуудлаар улс төрийн намууд улстөржсөн үйл ажиллагаа явуулах нь зохимжтой биш болов уу. Хоёрдугаарт, Монгол Улс гадаад харилцаан дээр нэг цонхны бодлогоор явах ёстой. Тэгж байж гадагшаа тов тодорхой, ойлгомжтой харилцааг үүсгэнэ. Нэг цонхны бодлогоор явахаасаа өмнө харин дотроо мэдээллээ солилцож хэлэлцдэг байх ёстой. Тэгэхгүйгээр эрх барьж буй нам нь тулгах байдлаар явдаг байж болохгүй. ҮАБЗ нь хуралдаад зөвлөмж өгөөд түүнийг тулгадаг байж болохгүй. Харин маш сайн ярилцаад дотроо ойлголцоод нэгддэг байх нь 3.5 сая хүн амтай, хоёр том орны дунд байдаг Монгол Улсын хувьд зүйтэй гэсэн бодолтой байгаа. Тиймээс ч иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой.
Холбоотой мэдээ