Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2022.03.16/ үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бус байгуулах тухай асуудлаар хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Дагуул хот байгуулах шийдвэртэй нийцүүлж шинэ чөлөөт бүс байгуулна
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Зарчмыг бол дэмжчихмээр байна. Бид өмнө Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах тухай зөндөө ярьсан. Алтанбулагийн чөлөөт бүс байна. Эд нар амь орохгүй одоо болтол үйл ажиллагаа явуулж, бэхжиж байгаа юм алга. Өмнөх чөлөөт бүс байгуулна гэсэн шийдвэр бодитой ажил хэрэг болохгүй байна вэ. Засгийн газар энэ дээр ямар дүгнэлт өгч байгаа юм. Юунаас болоод эдийн засгийн агуулгаар хөгжиж чадахгүй байна вэ. Дүгнэлт хийж чадаж байна уу.
Хоёрдугаарт, дүгнэлтэд үндэслээд Хөшгийн хөндийд чөлөөт бүсийг эдийн засгийн агуулгаар нь хэрэгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшил хэр байна вэ. Чөлөөт бүс байгуулахад хөрөнгө санхүү орно. Танилцуулгыг харахад төсөв мөнгөтэй холбоотой асуудал харагдахгүй байна Б.Жавхлан сайд аа. Ямар эх үүсвэрээр ямар хугацаанд барьж байгуулна гэж тооцож байна вэ. Чөлөөт бүс байгуулагдсанаар татвар санхүүгийн бодлогод өөрчлөлт орох уу?.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Сүүлийн үед эдийн засгийн чөлөөт бүсийг тойрсон төрийн бодлого алдагдсан. Тийм ч учраас УИХ-д 2022 оны төсвийг батлах явцад Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр Загсийн газрын бүтцэд оруулж ирж эдийн засгийн чөлөөт бүсийн асуудлыг яамны хэмжээнд ач холбогдол өгч төрийн бодлогод оруулж ирэх ёстой гэсэн бодлогын шийдвэр гаргаад ажилдаа ороод эхэлж байна.
Өмнө байгуулагдсан чөлөөт бүсээс олон улсын харилцааны ойлголт руу дөхөж очиж байгаа нь Замын-Үүдийн чөлөөт бүс юм байгаа юм. Замын-Үүдийн чөлөөт бүс нь Хятадын чөлөөт бүсийн бодлоготой нийцүүлж явж байгаагаар арай жоохон урд нь яваа. Алтанбулагийн чөлөөт бүс зөвхөн манай талд газраа шийдчихсэн, тухайн бүс дотор хэдхэн "duty free" ажилладаг, архи согтууруулах ундаа худалддаг ийм цэгийн эдийн засгийн чөлөөт бүс болчихсон байгаа юм.
Тиймээс цаашид хуурай замын боомтуудад нэгэнт байгуулсан чөлөөт бүсийг эргэлтэд оруулах тал дээр Засгийн газрын хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Хөшигийн хөндийн чөлөөт бүс нь Чингис хаан нисэх онгоцны буудал буюу агаарын боомтыг тойрсон газар нутгийг түшиглэж Улаанбаатар хотын дагуул хот байгуулах шийдвэртэй нийцүүлж шинэ чөлөөт бүс байгуулахаар бодлого оруулж ирж байгаа юм.
Тухайн бүсэд татвар болон салбарын бодлогоор дэмжих дунд хугацааны төлөвлөлтөд бүгдийг багтаасан. Агаарын боомтын эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад хамгийн тулгамдсан асуудал нь газрын асуудал. Ер нь бол Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд яригдаж буй боомтын сэргэлтийн томоохон бүтээн байгуулалтын ажил төсвөөс хөрөнгө оруулах ажил маш бага байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, эрх зүйн хүрээнд концессоор шийдэгдэх асуудал байгаа.
Энэ жил УИХ-аас тогтоол гаргаж, төсөв бэлэн болоод ирэхээр 2023 оны төсөвт багтааж болох стратегийн хувьд оролцох ёстой газар доорх дэд бүтэц, бусад зөөлөн дэд бүтцийг хөрөнгө оруулалтын ажилд оролцоно. Тэрнээс газар дээрх ил бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн ажлуудад аль болох төр оролцохгүй бизнесийн зарчим дээр тулгуурлана.
Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:
-Хөшигийн хөндийд байгуулагдах чөлөөт бүс нь нисэх онгоцны буудлыг дагасан чөлөөт бүс байж худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, технологид суурилсан санхүүгийн төвийг байгуулж ажилласнаар амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан. Өнөөдөр зөвхөн 1000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг оруулж ирж байна.
Гол нь аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн төлбөрт бооцоо тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн, залуус очиж ажиллаж амьдрах боломжтой ажлын байр бий болсон хөгжлийн агуулга бий болно. Өмнөх алдааг давтахгүйн тулд төр хувийн хэвшлийн түншлэлээр явагдах хууль эрх зүйн орчин санхүүжилтийн механизмыг маш тодорхой болгож тогтвортой байдлын гэрээ байгуулж газар олголтыг дэмжих ёстой юм билээ.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газарт санхүүгийн чадавхтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар олгох, шилэн байлгах бололцоог олгоно гэсэн бодолтой байна. Нөгөө талаас тус чөлөөт бүсэд мэдээлэл технологийн төвийг байгуулахаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй IT чиглэлийн компаниудтай уулзалт хийхэд бүрэн боломжтой гэж үзсэн.
УИХ, Засгийн газраас өмнө батлагдсан Чөлөөт бүсийн тухай хууль түүнийг дагаж татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд хангалттай сайн боловсруулагдсан юм билээ. УИХ эдийн засгийн чөлөөт бүсийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан хууль бол эдийн засгийн чөлөөт бүсүүдийг амь “орох” ажиллах бүх боломжийг хангасан юм билээ. Тиймээс санхүүгийн төв байгуулах олон улсын санхүүгийн төвийг бий болгох асуудлыг Засгийн газар, УИХ-тай зөвшилцөж тодорхой шийдвэр гаргах шаардлага бий.
Аялал жуулчлалыг татсан бизнесийг бий болгох, хүний урсгалыг Монгол руу татан оруулахын тулд Казино байгуулах хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөл нь явж байгаа. Энэ дээр ажлын хэсэг сайн сууж ажиллаж байж оруулж ирэх байх.
Холбоотой мэдээ