"Нарны садан" кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

"Нарны садан" кино нээлтээ хийнэ

"Нарны садан" кино нээлтээ хийнэ

Хангайн нурууны дайд мухарт эвлэн нэгдэж, айлсан буудаггүй Хар сарлагтынхан, Бүгээн сарлагтынхан хэмээх хоёр овог байжээ. Тэд жилдээ ганц удаа цуглаж, сүргийн манлай бухаа мөргөлдүүлэн наадам хийж, баясан цэнгээд дараа жилийн болзоот өдөр хүртэл эргэн уулзалдахгүйгээр салан одоцгоодог заншилтай юм санж. Гэтэл нэгэн наадмаар хоёр овгийн хооронд хагарал тэмцлийн хар ангал жинхэнэ утгаараа биежиж, цусан өшөө авах хатуу нэхлийн хаалга онгойно. Ийнхүү үндэсний өв соёл, ёс заншлаа эрхэмлэн бүтээсэн “Содура”, “Говийн домог”, “Нарны садах” гэх гурамсан бүтээлийн сүүлийнх нь ийнхүү гуравдугаар сарын 17-ноос бүх кино театрын дэлгэцээр гарч, үзэгч олондоо хүрэхэд бэлэн болжээ.

“Нарны садан” уран сайхны киног "UBS" телевиз, "PickPack" болон "White Arch Studios", "UB Pictures"-ийн хамтарсан бүтээсэн байна.

"UBS" телевиз нь Монголын киночдын хүрээгүй газар очиж, хөндөөгүй сэдвээр кино уран бүтээл туурвиж, үзэгч түмэндээ толилуулахыг эрхэм зорилгоо болгодог. Энэхүү зорилгынхоо хүрээнд тайгын цэнхэр хязгаараар нутагладаг цаатан түмний ахуй соёлыг харуулсан “Содура”, өмнийн шаргал говьд үүссэн гэх домогтой үндэсний бахархалт морин хуур хөгжмийн яруу эгшиглэнг дуурсгасан “Говийн домог” зэрэг уран сайхны киног бүтээж, үзэгч олноос өндөр үнэлэлт авсан билээ. Дээрх кинонуудыг бүтээсэн уран бүтээлчид энэ удаад хангайн цармыг зорьж, уулын таг, усны тунгалгийг даган хэдэн мянганы тэртээгээс идээшин бэлчээрлэж ирсэн Монгол орны унаган мал сарлагийг адгуулан маллаж, ашиг шимийг нь хүртэн амьдардаг зон олны тухай “Нарны садан” туульсын уран сайхны кино бүтээлээ.

Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод байсан хоёр жилийн хугацаанд "UBS" телевизийн зүгээс томоохон төслийг эхлүүлж, уран бүтээлч сэтгэлгээгээр бүхнийг даван туулахад түлхэц өгч, Монгол соёлоо эрхэмлэн дээдэлж, оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийсэн агуулалт, ангилалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг "PickPack"-ийн хамт олонд нийт кино уран бүтээлчид халуун талархалтай буйгаа илэрхийлсэн юм.

Эцэг өвгөдийн үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв уламжлалаа өөриймшүүлэн тодолж, бусдад “Минийх”, “Биднийх”, “Манайх” хэмээн бахархан нотолж, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө шимтэн үзэж болохоор, бүх насныханд зориулагдсанд нь  “Нарны садан” киноны ач холбогдол оршиж байна.

Энэ бүтээлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Соёлын тэргүүний ажилтан Б.Алимцэцэг, Д.Мөнхтөмөр, Г.Алтангэрэл болон “Говийн домог”-ийн Эгээрэл гүнжийн дүрийг бүтээж олноо танигдсан Б.Замилан нар тогложээ. Мөн зохиолч, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэ, ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, гүйцэтгэх продюсерээр Б.Анир, Т.Энэрэл, Д.Долгион, төслийн удирдагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Баяр, зураглаачаар Д.Цэрэнчимэд, Г.Алтаншагай, зураачаар Т.Нямсүрэн, дууны найруулагчаар Э.Эрдэнэбаяр нар тус тус ажиллажээ. Нээлтийн улаан хивсний ёслолын тасалбар ЭНД-с худалдан авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж