Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.03.16) болж байна. Өнөөдрийн хуралдаанаар
- Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,
- Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээ,
- Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүрэлцээ, орны нөөцийн талаар,
- Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай,
- Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг нийт 42 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн 130 хуудас дүгнэлтийг нууцаас гаргасан юм.
Мөн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хөшигийн хөндийд улсын тусгай хэрэгцээнд онгоцны буудал тойрсон 12 мянган га газрыг авсан. Энэ бол 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрөгч оноос 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Ингэснээр 31 мянган га газарт хот байгуулалтын ажлыг хийх ёстой. 19 мянган га газарт өнөөдрийн байдлаар 3100 гаруй аж ахуй нэгж байгаа. Хуулийн дагуу ашиглагдаагүй 200 гаруй нэгж талбарыг хүчингүй болгож байна. Зарим газарт нь хаашаа барьж, мод тарьсан газар байгаа. Түүнийг бид үнэлнэ. Нөхөн олговрын асуудал үе шаттай яригдана" гэдгийг мэдээлсэн.