“Intel” Европыг бараадаж, Украинаас шинэ хортой программ илрэв | News.MN

“Intel” Европыг бараадаж, Украинаас шинэ хортой программ илрэв

“Intel” Европыг бараадаж, Украинаас шинэ хортой программ илрэв

“Intel” Европыг бараадаж, Украинаас шинэ хортой программ илрэв

Та бүхэндээ технологийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэе.


"Intel" компани Европт 80 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ

Америкт төвтэй “Intel” компани технологийн салбарт тэр дундаа хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд 80 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тодруулбал, тус компанийн зүгээс эхний ээлжинд Германд 17 тэрбум еврогийн өртөгтэй хагас дамжуулагчийн үйлдвэр барьж, 12 тэрбум еврогоор Ирланд дахь үйлдвэрээ өргөжүүлэх гэнэ. Үүнээс гадна ирэх 10 жилийн хугацаанд Итали, Польш, Испани зэрэг улсуудад үйлдвэрлэл, судалгааны чиглэлээр салбаруудаа байгуулах аж.

Герман дахь шинэ үйлдвэрийн барилгын ажил 2023 оны эхний хагаст эхэлж, 2027 он гэхэд ашиглалтад орно.

Дээрх шинэ үйлдвэр нь зөвхөн “Intel” компанид зориулж чип үйлдвэрлэхгүй бөгөөд үйлчлүүлэгч, захиалагчдад зориулж чип үйлдвэрлэх боломжтой гэнэ. Цар тахлын улмаас чип үйлдвэрлэл доголдож, дэлхий даяар цахилгаан бараа хомсдож, үнэд орсон билээ. Видео тоглоомын консол “Playstation 5”-аас эхлэн автомашины үйлдвэрлэл хүртэл зогсч, бүтээгдэхүүний хүртээмж, үнэ зэрэгт сөрөг нөлөө үзүүлсэн.

“Intel”-эээс гадна Тайванийн “TSMC”, Өмнөд Солонгосын “Samsung” зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэгчид энэ салбартаа хөрөнгө оруулалт хийх томоохон төлөвлөгөөгөө зарласан.

Дэлхийн хамгийн хурдан тоглоомын процессор

“AMD” компани өөрсдийн цоо шинэ “Ryzen 7 5800XD3D” суурин компьютерын процессороо ирэх дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 449 ам.доллараар худалдаанд гаргахаа мэдэгдлээ. Энэхүү шинэ загвар нь “Ryzen 7 5800X” загвартай төстэй бөгөөд найман цөм, 16 трийт, AM4 сокеттой. Гол ялгаа нь, "AMD”-ийн цоо шинэ технологи болох “3D-stacking V-Cache”-тай аж. Үүний тусламжтайгаар эх хавтан дээр эсвэл процессорын модулийн дотор суулгасан санах ойн банк “L3 Cache” 32MB-ээс 96МВ хүртэл ажиллах боломжтой гэнэ. Мөн үзүүлэлт нь "Ryzen 5900X" загвараас 15 хувь илүү гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Тесла машиныхаа үнийг нэмэв

Тесла бүх төрлийн цахилгаан автомашиныхаа үнийг 5-10 хувиар нэмлээ. Ингэснээр тус компанийн хамгийн хямд автомашин болох ардаа хөтлөгчтэй “Model 3” нь 46’990 ам.доллараар зарагдаж байна. Харин хамгийн үнэтэй “Model X Tri”-ийн үнэ нь 12’500 ам.доллараар нэмэгдэж, 138’990 ам.доллараар худалдаалагдаж эхлэв.

Теслагийн автомашины үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харуулъя.

  • Model 3 Rear-Wheel Drive: 44’990 -46’990 доллар ам.доллар
  • Model 3 Long Range: 51’990-54’490 ам.доллар
  • Model 3 Perfomance: 58’990 – 61’990 ам.доллар
  • Model Y Long Perfomance: 59’990-62’990 ам.доллар
  • Model Y Perfomance: 64’990 – 67’990 ам.доллар
  • Model S Dual Motor: 94’990-99’990 ам.доллар
  • Model S Tri Motor: 129’990-135’990 ам.доллар
  • Model X Dual Motor: 104’990-114’990 ам.доллар
  • Model X Tri Motor: 126’490-138’990 ам.доллар

Илон Маск одоогоор яагаад үнэ өссөн талаар мэдэгдэл хийгээгүй байгаа ч өнгөрсөн Даваа гаригт өөрийн твиттер хуудаснаа “Түүхий эд, ложистикийн үнэ нэмэгдсэн нь манайд дарамт болж байна” гэж жиргэжээ. Мөн энэ онд АНУ-д инфляци 7.9 хувиар өсч, Украин-Оросын дайны улмаас цахилгаан автомашинд хэрэглэдэг ган, никель, палладий гэх түүхий эдийн үнэ өссөн гэнэ. Нөгөө талаараа АНУ-д бензиний үнэ нэмэгдсэн учир иргэд цахилгаан машин сонирхох нь ихэсч, томоохон эрэлт үүсчээ.

Украинаас шинэ хортой вирус илрэв

Судлаачид Украины компьютеруудад нөлөөлж буй шинэ төрлийн устгагч, арчигч программыг илрүүллээ. Энэ нь Оросын довтолгооноос хойш Украины системд халдсан гурав дахь арчигч хортой программ болж байна. “CaddyWiper” гэх нэртэй энэхүү хортой программыг Словак улсад төвтэй “ESET” кибер аюулгүй байдлын фирмийн судлаачид олж, Даваа гарагт өөрсдийн твиттер хуудаснаа нийтэлжээ. Энэхүү хортой программ нь хэрэглэгчийн мэдээлэл болон хуваагдмал мэдээллийг устгадаг аж. Твиттерт нийтэлсэн жишээ кодыг харахад, хортой программ нь компьютер дээрх файлуудын хоосон байтыг тэмдэгтээр дарж бичиж гэмтээн, сэргээх боломжгүй болгож байгааг харуулжээ.

“ESET”-ийн зүгээс өмнө нь “HermeticWiper”, “IsaacWiper” гэх хоёр хортой программыг илрүүлсэн. Тодруулбал, Орос Украин руу цэргээ оруулахаас нэг хоног өмнө “HermeticWiper”-ийг, цэргээ оруулсны дараа “IsaacWiper”-ийг тус тус илрүүлсэн гэнэ.

Дээрх хортой программ нь “ransomware”-тай ижил төстэй боловч үүнийг бүтээгчид анхнаасаа мөнгө,санхүүгийн төлөө бус зорилтот бүлэгт хохирол учруулах зорилготой байсан гэж үзэж байна. “Ransomware” нь дискэн дээрх өгөгдөл, мэдээллийг шифрлэдэг бөгөөд тухайн компьютерийн хэрэглэгч төлбөр төлсөн тохиолдолд өгөгдөл, мэдээллийг тайлж өгдөг. Гэтэл “CaddyWiper” нь дискэн дээрх өгөгдлийг түгждэггүй, сэргээх боломжгүй болгож шууд устгадаг.

Украинд криптовалют хандивлаж болно

Украины засгийн газар “FTX”, “Everstake” зэрэг крипто пүүсүүдтэй хамтран Оросын түрэмгийллийн эсрэг Украины төв банкинд хандив цуглуулах цахим хуудас нээжээ. “Aid for Ukraine” гэх энэхүү цахим хуудсаар дамжуулан “Bitcoin”, “ether”, “dogecoin” зэрэг 10 төрлийн криптовалютаар хандив өргөх боломжтой гэнэ.

Гуравдугаар сарын 16-ны байдлаар “Bitcoin”-ийн ханш 39’491.92 ам.долларт хүрчээ.

Украины дижитал шилжилтийн дэд сайд Олександр Борняков “Криптовалютууд Украины хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Криптовалют нь Украины иргэд, цэргүүдэд зориулсан санхүүжилтийн урсгалыг хөнгөвчлөх, дэлхий нийтийн мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэхэд маш үнэ цэнэтэй болох нь батлагдсан” гэж онцолжээ.

“Everstake” нь Украин дахь томоохон крипто фирмүүдийн нэг бөгөөд удахгүй “NFT”-ээр хандив өргөх боломжийг нээх гэнэ. Харин Америк тэрбумтан Сэм Банкман-Фридийн үүсгэн байгуулсан Багамын арлуудад төвтэй “FTX” платформ нь цугларсан коины хандивыг доллар руу хөрвүүлж, Украины төв банк руу шилжүүлэх аж. Украины криптовалютын платформ Куна мөн энэ санаачлагыг дэмжиж, нэг хэсэг нь болж ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар “Aid for Ukraine” цахим хуудсанд 49 сая ам.долларын хандив цуглаад байна. Тус хуудасны зорилго нь 200 сая.

Уг мөнгийг Украины арми болон хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа энгийн иргэдийг дэмжихэд зориулах болно гэж албаны мэдэгдэлд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-16 192.82.70.115

ДАЙНЫГ БИШ ДАЙНЫ ЭСРЭГ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА ҮХЭРЭЭ

Avatar

Зочин 2022-03-16 192.82.70.216

ingeed hynaltgui dain baildaan sanhuujuuleed ehellee nogoo kiripto…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж