Covid-19 цар тахлын араас монголчуудыг цахилгаан менингит халдвар айдаст автуулжээ. Он гарснаас хойш бага насны хоёр хүүхэд цахилгаан менингитийн халдвар авч нэг нь нас барсан бол нөгөө нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү мэдээллийг сонссон эцэг эхчүүд хүүхдүүдээ менингит халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулахаар ХӨСҮТ-ийг зорих болжээ. Тус төв рүү 14:00 цагт ороход эцэг эхчүүд “Менингитийн вакцинжуулалт хаана хийх вэ” гэж асууж сурагласаар угтав. Үүдэнд 22 мянган төгрөгийн хураамж төлснөөр менингит халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдах аж.
"ЭМНЭЛЭГТ 10 МИНУТ ТУТАМД 3-4 ХҮҮХЭД ИРЖ БАЙНА"
Цааш очвол Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалт хийж байсан 114 өрөөнд менингит халдварын эсрэг вакциныг хийж байлаа. Хүүхдүүдэд Хятадын 4 цент вакциныг хийж буй. Өрөөний үүдэнд зогсох хүүхдүүдийг ажиглавал ихэнх нь 2-6 насныхан байна.
Вакцин тариулсан өвдөлтөндөө уйлах хүүхдийг сонсоод үүдэнд дугаарлах хүүхдүүдийн царай нь хувьсхийнэ. Үүнийг харсан аав, ээж нь дуртай амттангаар нь аргалахыг хичээж байлаа. Ажиглаад байхад хүмүүс дор хаяж 2-3, эсхүл зарим тохиолдолд хамаатны хүүхдүүдээ хамсаар энд ирцгээжээ.
35 орчим насны эмэгтэй утсаар ээж, аавд нь “тайлангаа” тавьж байгаа бололтой “Эрдэм сая тариулчихаад гарч ирлээ. Уйлаагүй онц байсан. Зөрөөд Намуун орсон. Гарч ирэхээр нь аваад очлоо” гэж ярих нь сонсогдоно. 10 минут тутамд 3-4 хүүхэд эцэг эхийн хамт ирцгээж байв. Уг нь вакцин хийлгэсэн хүүхдүүдийг 30 минут ажиглах ёстой. Гэвч эцэг эхчүүд хайнга зан гаргаж хүүхдүүдээ шууд авч явж байгаа нь ямар нэгэн эрсдэл дагуулах вий гэж халаглахад хүргэв.
Эцэг эхчүүд дунд хүүхдүүдээ өчигдөр менингит халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж чадаагүй учраас өнөөдөр дахин ирсэн хүмүүс ч байв. Эмнэлгийн ажилтнуудын хэлснээр “Өглөө ачаалал их байдаг. Өнөөдөр өглөө гэхэд 70 гаруй хүүхэд ирсэн. Гэхдээ энэ нь өчигдрийхөөс хамаагүй бага тоо. Үүдэнд маш их хүмүүс дугаарласан байсан. Өчигдөр ганц сувилагчтай байсан учраас хүмүүсийнхээ ачааллыг яагаад ч дийлээгүй. Өнөөдрөөс үйл ажиллагаа жигдэрч байна. Ерөнхийдөө үдээс хойш буюу 13:00 цагаас хойш ачаалал арай гайгүй болж байна” гэв. Тэдний зүгээс менингит халдварын эсрэг вакцинжуулалтад нийт хэдэн хүүхэд хамрагдсан талаар хэлэхээс татгалзсан юм.
Өчигдөр лайваас харахад уртын урт дугаарт, агааргүй битүү орчинд хүүхэд эцэг эхгүй ядарцгааж, хоорондоо бүр зодолдоцгоож харагдана лээ. ХӨСҮТ вакцины үйлчлэлийг сайн тайлбарласандаа эцэг эхчүүд тэнд очсонгүй. Цахилгаан менингит хурдан хүндэрч аминд хүрдэг аюултай учир иргэд үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарсан хэрэг.
ДУНДАЖ НУУЦ ХУГАЦАА НЬ 6-7 ХОНОГ
Менингит халдварын талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул "Цахилгаан менингит халдвар нь ерөнхий хордлогын шинжээр илэрч, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Тус халдвараар өвдсөн болон хамар залгиурын үрэвсэлтэй хүмүүс аль эсвэл нян тээгчид халдварыг дамжуулдаг. Энэ халдвараар ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвддөг. Нууц хугацаа их богинотой. Дундаж нууц хугацаа нь 6-7 хоног байдаг. 20 хоног үргэлжилж болно. Менингитийн халдвар авсан тохиолдолд өндөр халуурна. Цочмог шалтгаан тодорхойгүй 38-42 хэм хүртэл халуурах, хоол унданд дургүй болох, дотор муухайрах, ядарч сульдах мөн түүнчлэн эмзэг мэдрэмтгий болох, арьс нь цонхийх зэрэг шинж тэмдэг давамгай илэрнэ.
Ийнхүү 1-2 хоногийн дараагаас үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг. Хүнд явцтай үед 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуяаас эхэлж гарна. Нэн хүнд хэлбэрийн өвчлөлтэй үед 4-6 цагийн дотор хөл, гар, нуруу, цээж, нүүрээр цусархаг тууралт гарч богино хугацаанд хүндэрч, гүн шокоор хүндэрдэг аюулт өвчин юм. Иймд шалтгаан тодорхойгүй өндөр халуурвал яаралтай харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах ёстой. Бүрэн эдгэрсний дараа эмчийн хяналт дор эмнэлгээс гаргана. Халдварын голомт гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийг антибиотик эмчилгээгээр эмчлэх, вакцинжуулах ажлыг ХӨСҮТ хийдэг" гэлээ.
ТӨЛБӨРТЭЙ ВАКЦИНААР ХӨСҮТ ОРЛОГОО БҮРДҮҮЛНЭ ГЭВ ҮҮ ?
Өнөөдөр Улаанбаатар хот 21 аймагт Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлд гэхэд вакцинжуулалтын 35 цэг өдөр бүр ажиллаж байна. Цар тахлын эсрэг вакцинжуулалтад иргэдийн хамрагдах хувь өндөр байгаа. Тиймээс менингитийн вакциныг зөвхөн ХӨСҮТ дээр хийж, багачуудыг бөөгнөрүүлж, эрсдэлд оруулахын оронд дээрх цэгүүдээр хийж болно гэдгийг эцэг эхчүүд ярьж байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн албаны хүн тайлбарлахдаа, “Бид хэвлэлд яриа өгөхгүй. Энэ вакцинжуулалтыг хүүхэд бүрт хийдэггүй. Халдварын голомт болон хавьтагч нарт хийдэг. Өөрөөр хэлбэл, тусгай заалтаар хийдэг тул мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэвлэлийнхэн бүгд энэ асуудлыг томруулаад байхаар нийгэмд айдас үүсгээд байна" гэв.
Цаашид энэ өвчний тохиолдол нэмэгдэх магадлалтай гэдгийг ч эмнэлгийн байгууллагууд мэдэгдээд буй. Угтаа бол эрүүл мэндийн байгууллагууд өвчин тархсан хойно нь мэдээлэх бус гарахаас нь өмнө сэрэмжлүүлж, арга хэмжээ авах үүрэгтэй байлаа. Жил бүр ямар халдварт өвчин хэдэн сард гардгийг мэддэг атлаа ЭМЯ болон НЭМГ-ын унхиагүй байдлаас болж иргэд вакцинд ч хамрагдах мэдээлэлгүй байсаар гарсан халдварт өвчин болгонд нэрвэгдэн, амь насаа алддагтай жил тутам эвлэрсээр байх уу. Ядаж нялхсаа вирус, нянгийн “хоол” болгочихгүй байх бодлогоор ажилладаг болмоор байна.
Холбоотой мэдээ