ХӨРСӨНДӨӨ БУУСАН САЙХАН САНААЧЛАГА
2021 оны эхээр Б.Баярсайхан, Ч.Ундрам тэргүүтэй УИХ эмэгтэй гишүүд нийлж, орон нутгийн 819 сургууль, цэцэрлэгийг цэвэр, тохилог ариун цэврийн өрөөтэй болгох 100 тэрбумын санхүүжилттэй сайхан төсөл санаачлав. Санхүүжилтийг нь Эрдэнэт УБҮ-ээс гаргуулахаар болж, УИХ-ын гишүүн, одоогийн Сангийн сайд Б.Жавхлан төслийн ажлын хэсгийг ахалж байсан учраас тэдэнд тусалж, 2021 оны улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн юм. Энэ бол цаг үеэ олсон, хөрсөндөө буусан, амьдралд нэн хэрэгцээтэй маш оновчтой төсөл гарцаагүй мөн байв. Гэвч цаасан дээрхи энэ сайхан төсөл хэрэгжилд дээрээ бүтэлгүйтэж, хэдхэн сарын өмнө УИХ-ын чуулганы хуралдаанд Л.Энх-Амгалан сайд, Б.Баярсайхан гишүүн нар нэгнээ буруутгаж, ам мурийсныг зарим нь санаж буй.
Эргэн сануулбал чуулганы үеэр Л.Энх-Амгалан сайд хэлэхдээ, “100 тэрбум төгрөгийг гарын салаагаар урсгахгүй юмсан гэсэндээ их сэтгэл гаргаж ажиллаж байгаа.. Энэ бол их хэцүү төсөл, маш хэцүү төсөл.. алдаа гаргасан маш олон жишээ байдгийг би мэддэг.. ганц яамны шийдэх ажил биш учир гурван яамны төрийн нарийн бичгийн даргын түвшинд ажлын хэсэг гаргаад гол шийдлээ хэрэгжүүлэх болсон.. Гол нь юун дээр алдсан бэ гэхээр манай яамны ажил хариуцаж байсан хүмүүс алдаа гаргасан уу гэвэл гаргасан.. Тендерийг зарлахдаа өөрсдөө жишиг зургаар зарлаад ийм том алдаа болсон.. та ганцаараа микрофон олдсон дээр хашгираад байх шаардлагагүй.. чи хариуцаж байсан ажлаа хийхгүй яасан юм тэгвэл..” гэв.
Үүний хариуд Б.Баярсайхан гишүүн харин, “Та намайг хашгирч байна гэлээ, яах аргагүй хашгирмаар нөхцөл байдалд байгаа юмаа.. Төрийн албан хаагчдын буюу дэд ажлын хэсгийн өөрсдийнх нь 100 хувь гүйцэтгэх ажил дээр, тендерийн асуудал дээр УИХ гишүүд шууд оролцоод явж болохгүй гэдгийг та маш сайн мэдэж байгаа.. бид нэг жилд 10 удаа хуралдсан, маш их цаг хүч, сэтгэл зарцуулсан, гэхдээ дэд ажлын хэсэг дээр унаад байгаа ажлыг яах вэ? Бид нар туугаад явах уу? Энэ дэд ажлын хэсгийн нөхдийг туугаад явах уу? Яаж ажлыг нь хийлгэх вэ?”
Гэх зэргээр маргалдсан байдаг. Эндээс нэг зүйл тодорхой байна. Гурван яам, УИХ гишүүд, Эрдэнэт үйлдвэр гэсэн томчууд бүгд санал нэгтэй зүтгүүлж буй ажил дунд шатны гүйцэтгэл дээр, дунд шатны дарга нар дээр очоод унажээ. Тэнд чухам юу болсон бэ?
ЦЭВЭР, БОХИРЫН СИСТЕМИЙН КОМПАНИУДААС “БАРИЛГЫН ЗӨВШӨӨРӨЛ” НЭХЭЖ, ТЕНДЕРЭЭС УНАГАЖЭЭ
Хоёр гишүүний маргалдаж байсанчлан тендерийн сонгон шалгаруулалтыг үнэхээр БСШУЯ хариуцсан бөгөөд, бүр тодруулбал тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Батбаатар гардаж гүйцэтгэсэн байдаг. Уг нь орон нутгийн сургуулиудад боловсон ариун цэврийн өрөө, цэвэр, бохирын систем амжилттай шийдсэн Мобиком, Дэлхийн зөнгийн сайн үйлсийн аян гээд амжилттай явсан олон жишээ бий.
100 тэрбум төгрөгийн ажил сонссон, цэвэр бохирын системээр дагнасан үндэсний 30 орчим компани бүгд энэхүү тендерийг баярлан хүлээж, бүгдээрээ материалаа явуулсан ч харамсалтай нь төрийн хүнд суртлын хаалга мөргөжээ. Боловсролын яамны Д.Батбаатар дарга компаниудаас гэнэтхэн тендерийн ажилд “барилгын тусгай зөвшөөрөл” шаардсан байна. Гэтэл цэвэр бохирын системээр дагнасан үндэсний компаниудад барилга барих ямарч шаардлага байдаггүй учраас алинд нь ч барилгын зөвшөөрөл байсангүй. Яамнаас “Сумын төвийн сургууль, дотуур байрны цэвэр, бохирын системд 7 давхар барилга барих тусгай зөвшөөрөлтэй компани ямар хэрэгтэй юм бэ” гэж асуугаад ч тусыг эс олжээ.
МОНГОЛД ТУРШИГДААГҮЙ ТӨХӨӨРӨМЖ, ГАНЦХАН ЖИЛИЙН ӨМНӨ БАЙГУУЛАГДСАН КОМПАНИЙГ ШАХСАН НЬ
“За энэ нь ч дүүрчээ” гээд цэвэр, бохирын системийн компаниуд барилгын компаниудын доор зөвхөн туслан гүйцэтгэгчээр орох санал хүргүүлэв. Гэтэл тендерийн шаардлага дээр нь зөвхөн “Алтай Эколос ХХК”-ын ОХУ-аас оруулж ирдэг “Топ Аэро” төхөөрөмжийг заавал тавих шаардлага оруулсан байлаа. Тендерт оролцохыг хүссэн цэвэр, бохирын системээр дагнасан 30 орчим байгууллага бүгд ийм тулгалтанд орсон байна. Гайхалтай нь тендерийн шалгаруулалтаас ч өмнө “Алтай Эколос ХХК” нь “Топ Аэро” төхөөрөмжүүдийг зарим сумын төвүүд рүү зөөж, аваачаад бэлдчихсэн байв. Гэтэл энэ компани нь дөнгөж 2019 онд байгуулагдсан, цэвэр бохирын ажил дээр туршлагагүй,, “Топ Аэро” төхөөрөмж нь анх удаа орж ирж байгаа, Монголын хүйтэн өвөлд тэсэх эсэх нь туршигдаагүй төхөөрөмж байлаа. 100 тэрбумын тендерийн ажлын зургийг зурсан "Наран Рашаан" ХХК яагаад заавал ганцхан тус компанийн төхөөрөмжийг нэр зааж өгөв, сонгогдоход нь ашиг сонирхол, авилга орсон уу гэдгийг Авилгатай тэмцэх газрынхан шалгах биз ээ.
2021 оны 4 -р сард Цэвэрлэх байгууламж технологийн үзэсгэлэнг ШУТИС-ийн зааланд зохион байгуулсанаас үзэсгэлэнд “Алтай Эколос” ХХК бараг дангаараа оролцов. Бусад байгууллагуудад ердөө хагас өдрийн өмнө ийм үзэсгэлэн зохион байгуулж байгаа талаар мэдэгдсэн зэргээр энэ тендерт олон завхралууд гарчээ. Ингээд Монголдоо гайгүй гэгдэх цэвэр бохирын бүх компаниуд шахагдаж, ганцхан “Алтай Эколос”-ын төхөөрөмж 2021 онд 50 тэрбумын төгрөгийн ажилд төхөөрөмжөө нийлүүлжээ.
50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АЖИЛ БҮТЭЛГҮЙТЖЭЭ
Л.Энх-Амгалан сайдын чуулганд маргалдахдаа хэлсэнчлэн “Жишиг зургаар тендер зарлах нь бид нар цаг хожъё л гэж бодсон..” гэж хэлсэний жишиг зураг гэдэг нь “Алтай Эколос” ХХК -ын өнөө “Топ Аэро” гэдэг төхөөрөмж нь бололтой. “Цаг хожьё” гээд яаран эхэлсэн ажил нь бүтэлгүйтэж, 2021 онд барьсан ариун цэврийн өрөө, бохирын системүүд нь ганцхан өвөл үзээд, ажиллахаа больж, доголджээ. Хамгийн гол шалтгаан нь “Топ Аэро” гэдэг төхөөрөмж нь сумын төвд тохиромжгүй, ажиллуулахад заавал хүн хүч шаарддаг, байнгын цахилгаан хэрэглэдэг, Монголд туршигдаагүй тул өвөл нь хөлдчихдөг гэх мэт бөөн асуудал дагуулах нь тэр.Б.Баярсайхан гишүүн, Л.Энх-амгалан сайд хоёулаа сэтгэл, цаг зав гаргасан нь ч үнэний ортой бөгөөд тэдний хэрүүлийн шалтгаан нь ч энэ “Топ Аэро” гэгч төхөөрөмж, Д.Батбаатар сайдын тендэрийн будилаан бололтой юм.
Ингэж том бүтэлгүйтсэн учраас БСШУЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжилзүйн газар, Барилга хөгжлийн төв, тендерт оролцсон компанийн төлөөллүүд хамтарч яаралтай хуралдаж, Барилгын хөгжлийн төвийнхөн яагаад бүтэлгүйтсэнийг тодорхойлж, гаргасан албан дүгнэлтээ ч бусдадаа танилцуулжээ. Албан дүгнэлтэнд:
- Тухайн орон нутгийн хөрсний нөхцөл, цаг уурын онцлогийг харгалзаагүй, сургууль цэцэрлэгийн хүчин чадалд нийцсэн энгийн хялбар, өөрийн урсгалаар нийлүүлэн зайлуулах технологийг сонгоогүй,
- ”Эколос” цэвэрлэх байгууламжийг хөлдөлтийн гүнээс дээш угсарсан,
- Цэвэр, бохир усны шугамын угсралт норм дүрэм зөрчиж, замбараагүй угсарсан,
- Бохир усны шугам, болон цэвэрлэх байгууламжийг хөлдөлтийн гүнд суулгасан,
- Бохир усны худгийг зориулалтын бус хашааны блокоор өрж хийсэн гэхчилэн ноцтой фактууд дурдагджээ. Энэ хурал дээр ШУТИС-ын доктор профессор, усны зүтгэлтэн, усны нөөцийн инженер Д.Басандорж “Та нар бохирын системын маш олон сонголт байхад ганцхан компанийн төхөөрөмжийг суурилуулдаг нь буруу, наад төхөөрөмж чинь Монголд таарна гэж хэн хэлээд байгаа юм бэ” гэж хэлсэн дарга нарын орой руу орсон гэдэг.
2022 онд үлдсэн 50 тэрбум төгрөгөөр ахиад тендер зарлаж, үлдсэн сургууль цэцэрлэгүүдэд ариун цэврийн өрөөнүүд, цэвэр бохирын системыг тавих юм байна. Харин Д.Батбаатар гэгч нь одоо яамнаас гарчихсан, өөр ажил эрхэлж буй. Тэрээр энэ төслийн хяналтыг эргээд өөрөө хийе гэж санал хүргүүлсэн нь бас хоржоонтой. Дунд шатны ийм завхралд яаж хариуцлага тооцох вэ? Хувь хүний өчүүхэн эрх ашгийн төлөө 819 сургуулийн хэдэн мянган хүүхдүүд хохирсоор үлдэх үү?
Барилга хөгжлийн төвөөс хийсэн дүгнэлт:
С.НОМИНЖАРГАЛ