Орос, Украины дайны ялагч нь Хятад байх уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.16-нд нийтлэгдсэн

Орос, Украины дайны ялагч нь Хятад байх уу?

Орос, Украины дайны ялагч нь Хятад байх уу?

Орос, Украины дайн дөнгөж эхлээд дуусах ирээдүй бүрхэг байна. Тэгвэл олон улсын харилцааны энэхүү зөрчилтэй нөхцөл байдалд нэг улсын ганцаар тодорч гарч ирэх боломж улам нэмэгдэж байна. Энэ бол Хятад. Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагаанд олон улс эсрэг байр суурийг илэрхийлж байгаа бол Москвагийн ойрын холбоотон Хятад улс нь “уснаас хуурай гарах” аргыг сүвэгчилж байна.  Орос, Украины хоорондох дайны улмаас учирч болох хамгийн муу нөхцөл байдлаас Хятад нь улс төр, эдийн засгийн хувьд хамгаалагдах аргыг эрэлхийлж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Хятадын дарга Ши Жиньпин нь Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг шууд шүүмжилж буруушаахаас зайлсхийхийн зэрэгцээ Москвагаас аль болох зайгаа барихыг хичээж байна. Оросын эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээг Хятадын талаас эсэргүүцсэн боловч хятад компаниуд тэдгээр хоригийг дагаж мөрдөнө гэдгийг тодруулжээ. Хятад нь дайны асуудалд Баруун хоригоос өөрийн улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахыг хичээж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Европын холбооны удирдлагуудад хандан Орос, Украины дайныг зогсоох яриа хэлэлцээнд зуучлагчийн үүргийг гүйцэтгэх саналыг тавьсан. Нөгөө талд Умард Атлантын цэргийн эвсэл буюу /NATO/, АНУ-ын эсрэг Оросын улстөрчдийн сөрөг мэдээллийг Хятадын албаныхан түгээн дэлгэрүүлэх хандлага ч ажиглагдсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан Даваа гаригт Хятадын албаныхантай Ром хотноо уулзсан. Энэ үеэр АНУ-ын албаныхан Хятадын Оростой түншлэлийн харилцаа гүнзгийрч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Харин энэхүү зөрчил, мөргөлдөөний нөхцөл байдлыг Хятад улс өөрт ашигтайгаар ашиглаж, олон улсын харилцаанд тодорч, дэлхийн энх тайвныг хамгаалахад хүч түрэн гарч ирэх боломжоо гэж харж байгааг ажиглагчид хэлж байна. Хонгконгийн Хятад их сургуулийн профессор Жэн Юньяны тодорхойлсноор, “Стратегийн алдаа гаргахгүй л бол Хятадын орчин үеийн шинэчлэл тасрахгүй, харин ч эсрэгээрээ олон улсын шинэ дэг журмыг бий болгоход Бээжин нь илүү чухал үүрэг гүйцэтгэх чадвар, хүсэл эрмэлзлэлтэй байх болно” гэжээ.

Гадаад бодлогын алдаатай шийдвэрүүдийн улмаас АНУ-ын сүр хүч, нөлөө суларсан нь Хятадын хувьд боломж болж, Орос, Украины зөрчил нь шинэ тоглогч болж гарч ирэх сэдлийг өгчээ. Сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр цацагдаж буй мэдээллүүдээс харвал Украин дахь Оросын эзлэн түрэмгийлэл нь АНУ-ын анхаарлыг Европ руу чиглүүлсэн. Ингэснээр Жо Байден болон АНУ-ын удаах удирдагч нарын анхаарлыг Ази-Номхон далайн бүс нутаг тэр тусмаа Хятадаас холдуулах боломжийг олгох гэнэ. Олон улсын харилцааны ажиглагчдын үзэж буйгаар Украин дахь Оросын түрэмгийлэл нь алсдаа Москваг “муу тал” болгож харагдуулах бөгөөд Кремьд Хятадыг түшихээс өөр сонголт үлдэхгүй гэнэ. Гэтэл Орос, Украины асуудалд Хятадын баримталж буй байр суурь нь эргэлзээтэй, тодорхойгүй байна.

Гэхдээ Герман, Франц улс болон бусад холбоотнууд амласнаараа Европыг хамгаалахын төлөө сөрөн босвол Жо Байден Хятадын заналхийллээс хараагаа салгахгүй гэсэн амлалтдаа хүрэх боломжтой. Нөгөө талд АНУ-ын Номхон далай дахь холбоотнууд болох Япон, Австрали нь Хятадтай таарамжгүй харилцаатай байгаа.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан өнгөрсөн долоо хоногт Ром хотноо мэдээлэл хийхдээ, ОХУ нь Хятадаас цэргийн тусламж хүссэн талаар мэдэгдсэн. Хятадын талаас санхүүгийн болон цэргийн тусламжийг Орост үзүүлнэ гэх мэдээлэл цацагдсан ч Бээжингийн албаныхан үүнийг үгүйсгэсэн.

Ши Жиньпиний хувьд Орос, Украины дайны дараах олон улсын нөхцөл байдалд Хятад улс ямар байр суурь, бодлого баримтлах нь анхаарал татаж байна. Одоогоор Хятадын дарга Франц, Германы удирдагч нартай уулзахдаа дайны галыг зогсоох яриа хэлцлийн талаар хөндөн ярилцжээ.

Хэрэв Бээжин нь Оросыг илтэд дэмжвэл Москваг буланд шахах барууны эдийн засгийн хоригт өртөж, худалдаа наймаа саатаж, санхүүгийн системээс тусгаарлагдах эрсдэлтэй. Хэдийгээр Хятадын эдийн засаг нь Орос, Украины дайнаас  ирэх эдийн засгийн хямралыг шингээх хэмжээний том боловч хохирол хүлээхээс илүү ашиг олохыг эрэлхийлнэ гэж ажиглагчид дүгнэжээ. Тухайлбал, 2014 онд Крым хойгийг Украинаас салгаж авсны хариуд Оросын эсрэг барууныхан хориг тавьсан нь Хятадын талд ашигтай туссан.

1991 онд ЗХУ задарсны дараах АНУ-ын давамгайллын эсрэг Хятад, Орос улс нь геополитикийн гол тоглогчид гэдэг статусаа эргүүлэн олж авахыг  хичээсэн. Хятад нь өөрийгөө захирах Тайванийн арал дахь АНУ-ын дэмжлэгийг дайсагнал гэж харж, өөрийн ашиг сонирхлоо хамгаалахыг хичээжээ. Харин сүүлийн хэдэн долоо хоногт Хятадын ажиглагчид Евразийн бүс нутагт хэн хяналтаа тогтоох нь цаашид дэлхийд ноёрхлоо батална гэж маргаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж