Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирал А.Бүрэнбаатарыг өчигдөр /2022.03.14/ ажлын байран дээрээс нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид баривчилж, түр саатуулсан. Түүнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулах байсан ч байцаагаад суллажээ. Ямар шалтгаанаар, хэний гомдлоор байцаалт авсан талаар түүнээс тодруулах гэсэн боловч хариулт өгсөнгүй.
Албан утсаар нь мэдээлэл авахыг хүсэхэд түүний туслах нь “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Санаатайгаар гүтгэх ажил явж байж магадгүй. Ямартай ч шалгалтын дараагаар хэвлэлийн хурал товлож хэн гүтгэж байгаа талаар мэдээлэл хийнэ” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МҮОНРТ-д төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ, Хөндлөнгийн аудитын газраас санхүүгийн шалгалт хийсэн бөгөөд дүгнэлт нь гараагүй. Гэхдээ урьдчилсан байдлаар түүнийг албан тушаалаа ашиглаж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй. Мөн телевизтэй байгуулах гэрээний хөлсийг шалтгаангүй нэмсэн зэрэг хэрэгт буруутгаж буй аж. Харин энэ үнэн эсэхийг АТГ-аас асуухад мэдээлэл өгөхөөс татгалзав.
Тодруулбал, АТГ-аас өгсөн мэдээллээр мэдүүлэг авсан нь үнэн. Хорьж цагдаагүй, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэсэн юм.
Ямартай ч МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар өөрийг нь санаатайгаар гүтгэж байна гэж үзэж байгаа учир хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж буй аж.
Холбоотой мэдээ