“NEWS” агентлаг 76:1 булангаараа үе үеийн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаагийн дугаарт Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг онцолж байна.
Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёрыг эс тооцвол УИХ-д өнөөдөр Ардчилсан намын 11 гишүүний нэг нь Д.Ганбат. Түүний хувьд Баянхонгор аймгаас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулан гишүүн болж байв. Улмаар 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин ялалт байгуулсан. Тэрбээр 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын цэргийн инженерийн сургуульд механик инженерийн мэргэжил эзэмшжээ. Ардын армийн салбарын тенхникийн орлогч инженерийг анх улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Ерөнхийлөгч асан Женко Х.Баттулга гэлцдэг. Тэрбээр Х.Баттулгын баруун гар явсан цаг бий.
Одоогоос зургаан жилийн өмнө Х.Баттулгын “Баянгол” зочид буудалд цагдаа нар нэгжлэг хийх үед тэр хамгийн түрүүнд гүйж очиж, "хамгаалалтад" гарч байлаа. Түүний хэлсэн “Баянхонгорын ард түмэн Х.Баттулга гишүүнийг мэдэж байгаа. Хувийн компанийг шалгахдаа тусгайгийнхныг авчраад, олон түмнийг сандаргаад, айлгаад байж болохгүй” гэж хэлсэн үг нь гүүглд хадгалагдан үлджээ. Гэвч харамсалтай нь, Х.Баттулга өнгөрсөн УИХ-ын 2020 оны сонгуулиар А.Адъяасүрэнг балиашигласнаас болоод тэдний дунд ан цав гарсан гэдэг. Нөгөө талаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас нь унагаахаар Х.Баттулга хуйвалдсан нь ч тэдний нөхөрлөлд цэг тавих шалтгаан болсон гэдэг. Улмаар өнөөдөр тэд хоёр тал болон үзэлцэж байна. Тэрбээр өдгөө нийт олны эрх ашгийн төлөө хамгийн их дуугарч, эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг цөөн хэдэн гишүүдийн нэг. Бүлгийн хурлаа ганцаараа хийдэг гэж О.Цогтгэрэлийн талынхан шоглодог ч бууж өгөлгүй өдийг хүрсэн.
Х.Баттулгаасаа албан ёсоор "салсан"-аасаа хойш Д.Ганбат гишүүн С.Эрдэнийн талынхантай нэгдсэн. С.Эрдэнэ “Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн алга. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна” гэдгийг ч тодотгосон удаатай.
Д.Ганбат 2019 онд тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч, эцгийнхээ овгийг “Бидон” хочоор сольсон. Энэ талаараа хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол сав суулга гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байв. Мөн өнгөрөгч цагаан сарын үеэр тойргийн иргэдэд бэлэн мөнгө тарааснаа шинэ соёл гэж нэрийдсэн удаатай. Тэрбээр “Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Гэхдээ богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Энэ соёл руу бага ч гэсэн ойртуулж байна” гэжээ.
Ямар ч байсан өнөөдрийн хувьд чуулганы хуралдаан дээр эрх баригчдын эсрэг ганцаараа үзэлцэж байгаа. Бусад нь түүнийг шоолсон шигээ, зарим нь МАН-ын захиалгаар цэцэд гомдол бариад гүйж байх жишээний.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, МАЛ АЖ АХУЙ, ҮНЭТ ЭДЛЭЛГҮЙ ГИШҮҮН
Д.Ганбат 2020 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ жилийн орлого 273 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 268 сая төгрөг гэжээ. Түүнчлэн 2 тэрбум 254 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг оффистой. Харин тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, үнэт эдлэлгүй гэжээ. Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 145 сая 748 мянган төгрөг аж.
АЖИЛ
№ | Хаана | Албан тушаал | Он |
---|---|---|---|
1 | Ардын арми | Салаа салбарын захирагч | 1982 – 1989 |
2 | Ардын арми | Салбарын техникийн орлогч инженер | 1989-1992 |
3 | Монгол, Оросын хамтарсан “Баянбулаг” компани | Дэд захирал | 1992-1996 |
4 | Түүх, соёлын дурсгал сэргээх газар | Дарга | 1996 – 1999 |
5 | “Техник Импорт” ХКомпани | Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга | 1999 – 2004 |
6 | “Техник Импорт” ХКомпани | Ерөнхий захирал | 2004 – 2012 |
7 | Монгол Улсын Их Хурал | Монгол Улсын Их Хурлын гишүүн | 2012 – 2016 |
8 | Монгол Улсын Их Хурал | Хууль зүйн байнгын хорооны дарга | 2014 – 2016 |
9 | Техник импорт ХХК | ТУЗ-ийн дарга | 2016-2020 |
10 | Монгол Улсын Их Хурал | Монгол Улсын Их Хурлын гишүүн | 2020 – Одоо |
11 | Монгол Улсын Их Хурал | Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга | 2020 – Одоо |
БОЛОВСРОЛ
№ | Сургуулийн нэр | Хаана | Зэрэг | Мэргэжил | Он |
---|---|---|---|---|---|
1 | 10 жилийн дунд сургууль | Баянхонгор аймаг | 1969 – 1979 | ||
2 | Цэргийн инженерийн дээд сургууль | ЗХУ-ын Киев хот | Инженер | 1984 – 1989 | |
3 | ВГЧУ | Украйны Киев хот | 1984 – 1989 | ||
4 | МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль | Улаанбаатар | Эрх зүйч | 1996 – 1999 |
ШАГНАЛ
№ | Шагналын нэр |
---|---|
1 | Алтангадас одон |
Холбоотой мэдээ