УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийж байна. Жил бүрийн хаврын чуулганы нээлт, хавар болохоор гудамжны улс төр идэвхждэг “уламжлал”-тай ч энэ жилийн улс төр гудамжинд гэхээс илүү Төрийн ордон, саарал ордонд өрнөхөөр байна. Учир нь эрх барьж буй нам одоогоор Засгийн газрын хоёр сайдаа томилж чадаагүй, хэд хэдэн сайдад хариуцлага тооцох эсэх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх эсэх, үүнээс шалтгаалж давхар дээлтэй сайд нарын асуудал хөндөгдөх үү гээд олон үйл явдлууд хаврын чуулганыг хүлээж байна. Эрх баригчдын хамгийн их анхааралд байгаа асуудал бол “давхар дээл”. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар танхимын сайд нараа давхар дээлтэй болгох уу эсвэл дан дээлтэйгээр цаашдын улс төрөө үргэлжлүүлэх үү гэдэг хамгийн том улс төр.
МАН-ын удирдлагын түвшинд болон Ерөнхийлөгчтэй “давхар дээл”-тэй Засгийн газрын гишүүдийн тоог нэмнэ гэдэг байр сууринд нэгдэж, тохиролцсон.
Харин үүнийг цаашид хэрхэн явуулах вэ гэдэг нь тун эргэлзээтэй. Эрх баригчдын хувьд “давхар дээл”-тэй холбоотой Цэцэд сөрөг хүчний гишүүдийн гаргуулсан. Цэцийн хуралдаан өмнө нь товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Нэгэнт тохирсон учир Цэцээр хүч түрэн шийдвэр гаргаж, УИХ ажилдаа орох нэг хувилбар бий.
Харин нөгөө нэг хувилбар нь сөрөг хүчинтэйгээ ойлголцох. Хэрэв сөрөг хүчинтэй ойлголцож чадвал тэдний зүгээс хууль өргөн барих замаар өөрчлөлт хийх боломжтой гэж тооцоолж буй. Гэвч УИХ-д хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөөдөр хуваагдалтай, дотоод улс төр нь хэт халалттай байгаа энэ цаг эрх баригчидтай нэг завинд сууж чадах эсэх нь маш эргэлзээтэй.
Эрх баригчид аль ч хувилбарыг сонгосон ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх том эрсдэл бий. Түүнийгээ ч тэд тооцож байгаа учраас Засгийн газрын сайд нар нь “давхар дээл”-тэй байх нь зөв гэдэг хөрсийг бэлтгэж эхэлнэ. Тэгж гэмээн эсэргүүцэл, хаврын их улс төр, жижиг намуудын эсэргүүцлийг давж чадна.
Ердөө гурван жилийн өмнө эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Ингэхдээ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн буюу “давхар дээл”-тэй байж болно гэх заалтыг оруулсан. Гэвч түүнээс хойш УИХ-ын гишүүн биш, дан дээлтэй сайд нар улс төрийн хувьд хүчгүй байна гэх шүүмжлэлийг эрх баригчид дотроос хамгийн их шүүмжилсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “давхар дээл”-ийн асуудал сөхөгдөхөд эрх баригч нам дотор сайд болох хүсэлтэй, тэмүүлэгч нар олон байсныг тодотгоё. Тэдний хувьд намын удирдлагыг шахах, “давхар дээл”-ийн асуудлыг яаравчлах олон шахалтуудыг хийж байсан ч дан дээлтэй сайд нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хүч хавсран гацааж байсан билээ.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нартаа сэлгээ хийх нь тодорхой ч улс төрийн аль тохироог хийж, өөртөө ашигтайгаар үг, үйлдлээ нэгтгэх бэ гэдэг энэ хаврын чуулганы үеэр өрнөх хамгийн том улс төр. Сөрөг хүчин болоод бусад нам доторх өрсөлдөгч нартайгаа тохироод даваад гарах уу эсвэл Цэц, УИХ-аар “хүч” түрэн санаснаа биелүүлэх үү гэдгийг харах үлдлээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ