"Монгол Улс сэргэн мандалтын замдаа гарна"

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Live"Монгол Улс сэргэн мандалтын замдаа гарна"

10 : 14
2022-3-15

"Үндэстэн даяараа хамтарч тууштай зүтгэх цаг болжээ"

УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Цар тахлын дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг эрчимтэй хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Гэхдээ цар тахал, томуу өвчний хэлбэрт шилжин шинэ хувилбар дэгдэх эрсдэлтэйг анхаарч халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь зайлшгүй чухал. Улсын эдийн засаг, ард олны амьжиргааг сэргээх боломж бүрийг алдалгүй ашиглаж, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, иргэд нэгдэж итгэл төгс урагшлах шинэ эрмэлзлэлийн цаг ирж байна. УИХ, Засгийн газрын гишүүдээ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гурван багц асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
Цар тахлын нөхцөл байдал саажирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж таамаглах аргагүй олон эрсдэлийг өдөөж байна.
Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлдээ эв нэгдэлтэй байж дайны хажуугаар гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх учрыг нь ололгүй яарч дүгнэлт хийж нийгмийн өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна.
Мэдээллийн дайны эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж хөтлөгдөж болохгүй. Монгол Улсын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа. Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнууд халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хатуу арга хэмжээ үргэжилсээр байна. Энэ нь эдийн засагт зарим хүндрэлийг бий болгож байна.
Тухайлбал, 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувиар буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
Үнийн өсөлт эрчимжиж, инфляци хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрлээ. Олон улсад үүссэн хурцадмал асуудал нь зарим бараа, бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр Монголын эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляци эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлнэ.
Ингэхдээ өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээ авч үнийн өсөлтийг бууруулна. Хоёрдугаарт, импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг УИХ яаралтай хэлэлцэн батлан шинэчлэх. Дөрөвдүгээрт, эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх. Тавдугаарт, нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн эрсдэлийн цаана ч боломж байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайж ажиллах хэрэгтэй. Алт, нүүрс, зэсийн үнэ өсч байна. Ази, Европыг холбосон худалдааны томоохон зангилаа нь Монгол болох боломжтой. Тиймээс дэлхийн улс орон болон хоёр хөрш оронтой тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх зөв бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг  цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын улмаас эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, аж үйлдвэржилтийг дэмжихэд чиглэсэн. "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг  амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдана. Нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин нэмэгдэнэ. Товчхондоо хэлбэл, Монгол Улс сэргэн мандалтын замдаа гарна. Сүүлийн 14 жилийн 12 жилд Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай гарснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдсэн.
Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болж нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт дөрвөн хувьд ч хүрэхгүй байна. Үүний улмаас орлогын ялгаа нэмэгдэж ажилгүйдэл ядуурал буурахгүй байна. Тиймээс хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч улс болох зорилгынхоо төлөө нийт үндэстэн даяараа хамтарч тууштай зүтгэх цаг болжээ. Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр үндэсний хэмжээнд явуулсан олон нийтийн дунд судалгаа явуулахад нийт оролцсон хүмүүсийн 45 хувь нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэж хариулжээ.
Судалгаанд оролцсон иргэд хүнсний барааны өсөлт, шатахууны үнийн өсөлт, эмнэлгийн байгууллагын хүртээмж үйлчилгээний чанар, Covid-19 халдвараас бусад өвчинд анхаарал хандуулах нь муу, түгжрэл, ядууралд санаа зовж байгаагаа хэлжээ. 
Эрхэм гишүүдээ. Энэ хаврын чуулган багагүй ачаалалтай, шахуу хуваарьтай байна. 2020 оны сонгуулиар сонгогдсон та бидний бүрэн эрхийн хугацаа дуусах нь талдаа орж байна. Шийдэл хүлээсэн бодлого, шийдвэр эрх зүйн реформын олон асуудал биднийг хүлээж байна. Тиймээс илүү идэвх санаачлагатай байж, амралтыг хойш тавьж ажиллах шаардлагатай. Энэ удаагийн УИХ хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиудад хүний эрхийг амин сүнс болгон суулгах хөгжлийн Монгол загвар бий болгож эдийн засгийн шинэ сэргэлтийн замдаа гарна. Улмаар эдгээр хоёр үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байна. Энэ бол парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллын тухай асуудал юм.
 
Монголын ард түмэн үнийн өсөлтөөс гадна шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал. Тиймээс УИХ-аас тусгайлсан ажлын хэсэг байгуулсан. Тус банкинд хяналт шалгалт хийж байгаа. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр хяналтын сонсгол хийхээр товлосон.
Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн хэчнээн хэмжээний хөрөнгийг ямар зорилгоор ашигласан болох нь олон нийтэд ил болно. Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт өгөөжөө өгсөн байх учиртай. Бүрэн бүтэн эргэн төлөгдөх ёстой. Үүний төлөө УИХ ажиллана. Зээлээ зориулалтын дагуу ашиглаж, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын улмаас эргэн төлөлт нь саатсан баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан мэтээр ойлгож болохгүй. Зориулалтын бусаар зээл авсан хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1/3 нь төрийн өмчийн үйлдвэрийн газрынх байгаа нь анхаарал татаж байна. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн ашиглалтад хяналт тавих цаг болсон.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлууллаа.
Эдгээрт тулгуурлан Улсын Их Хурал иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна.
Энэ систем хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо хэлбэрийн төдий хангагддаг байдлыг засч, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлэхэд чиглэнэ.
Энэ хүрээнд хуулийн төсөлд иргэдээс санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн дөрвөн үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм. Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдож, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.6 саяд хүрсэн.
Суурь бүтэц ийм сайн байхад иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж, Улсын Их Хурал болон иргэдийг зааглаж буй зааг ялгааг нураах зорилго амжилтад хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Цаашид бид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа цахим технологийн боломж, инновацыг шингээх нь ард түмний засаглах эрхийг хангасан парламент болж төгөлдөржихөд нэн чухал ач холбогдолтой юм. Энэ зорилтын хүрээнд зарим аймагт Улсын Их Хурлын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж, иргэддээ ардчилал, хүний эрх, Үндсэн хуульт болон парламентат ёсны мэдлэг, боловсрол олгох ажлыг эрчимтэй явуулах ажлыг Тамгын газраас хэрэгжүүлж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
08 : 33
2022-3-15

Чуулган: ҮАБЗ хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын 2022 оны Хаврын чуулган өнөөдөр /2022.03.15/  10.00 цагт нээлтээ хийнэ.  Харин чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгөх юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор ийн мэдээлэл өгөх аж. 

Хаврын чуулганаар хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.

Дашрамд дурдахад, УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсан бөгөөд  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг УИХ-ын дарга онцолж байв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж