БАЙР СУУРЬ: Экспорт сэргэхгүй бол валютын нөөц нэмэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Экспорт сэргэхгүй бол валютын нөөц нэмэгдэхгүй

БАЙР СУУРЬ: Экспорт сэргэхгүй бол валютын нөөц нэмэгдэхгүй

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсаар өнөөдрийн байдлаар 2883 төгрөгтэй тэнцээд байна. Улмаар сүүлийн хоёр сарын хугацаанд валютын нөөц 4.3 тэрбум ам.доллараас 3.5 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Шалтгааныг нь бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт, экспортын урсгал тасалдсан зэрэг олон хүчин зүйлстэй мэргэжилтнүүд холбон тайлбарлаж буй. Нөгөөтэйгүүр рубль эрэлттэй болж, их хэмжээгээр цуглуулах болсон тухай  иргэдийн дунд яригдах болов. Ханшийн савлагаа, валютын нөөцийн талаар мэргэжилтнүүд дараах байр суурийг илэрхийллээ.


"ЭРЭЛТ БАЙХАД НИЙЛҮҮЛЭЛТ ТАСАРВАЛ ХАНШИЙГ ИЛҮҮ ӨСГӨХ ЭРСДЭЛТЭЙ"

Эдийн засагч Ц.ДАВААДОРЖ: 

-Экспортын хэмжээ хумигдаж байгаа нь валютын нөөц буурахад нөлөөлж байна. Гэхдээ  уул уурхайн голлох бүтээгдэхүүн нүүрс, зэсийн баяжмалын экспорт зогсоогүй учраас валютын нөөц эрс буурахгүй болов уу. Харин хил нээгдэж, худалдаачид бараа бүтээгдэхүүнээ татаж эхэлбэл ам.долларын эрэлт гэнэт ихэсч магадгүй. Ийм хүлээлт харагдаж байна. Үүнийг зохицуулах талаас урьдчилан тооцох хэрэгтэй болов уу. Ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш чангарч байгаа нь валютын нөөц буурахад нөлөөлж байна. Жишээ нь  Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар өнгөрсөн долоо хоногт ам.доллар зарсангүй. Эрэлт байхад нийлүүлэлтгүй бол ам.долларын ханшийг улам өсгөх байх. Нөгөөтэйгүүр, валютын нөөцийг бууруулахгүй байх зорилгоор ам.долларыг төв банк зараагүй байхыг ч үгүйсгэхгүй. Уг нь ам.долларыг зарж, эрэлт нь ямархуу байгааг тодорхой мэдээлэх хэрэгтэй.

Ерөнхийдөө Монголбанк  валютын нөөцийг бодлогоор барьж байна гэж харж байна. Гол нь бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого зохицуулалтыг хэрхэн хийж байгаа нь асуудал.

Үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэгцээг хангах байдлаар зохицуулалт хийвэл валютын нөөцийг зохицуулж болно. Үүнээс гадна ОХУ Монгол Улсаас валют худалдан авч зарж байна гэх хардлага хүмүүсийн дунд яригдах болсон. Арилжааны банкуудын хоорондын зохицуулалтаар ийм боломж байхгүй. Харин “найман шарга” төвөөс валютыг дуртай нь худалдан авах боломжтой. Тэгэхээр ам.долларын нийлүүлэлт нь байгаа л бол худалдан авч гарахад хориг байхгүй. Товчхондоо, валют худалдан авч байгаа гэдэг нь байж болох таамаглал юм. Үүнд нэг зүйл хэлэхэд, “найман шарга” төвөөс гарч буй валют Монголбанктай холбоогүй. Гэхдээ Монголбанк гадаад валютын худалдаанд рублиэс илүү ам.доллараар тооцоо хийдэг учраас рублийн нөөц ам.доллараас илүү гарахгүй. Хууль эрхзүйн талаас рубль худалдан авч гаргах нь харшилсан зүйл байхгүй.

"ЭКСПОРТ СЭРГЭХГҮЙ БОЛ ВАЛЮТЫН НӨӨЦ БУУРСААР БАЙНА"

Эдийн засагч Б.ЛАКШМИ: 

-Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийж, долоо хоногт хоёр удаа ам.доллар зарж байгаа. Энэ нь Монгол Улсын валютын нөөц багасахад нөлөөлнө. Уг нь зах зээлийг нь чөлөөтэй орхих хэрэгтэй болов уу. Гэхдээ гадаад худалдааны нөхцөл байдал хүндхэн байгаа тул валютын нөөц буурахад нөлөөлж байна. Учир нь, экспортын хэмжээ хангалтгүй байхын хэрээр валютын орлого буурдаг. Мөн гадаад зах зээл дэх өрийг валютаар төлж байгаа учраас эрэлт өндөр үед төгрөгийн ханш сулрах гэж байгаа учраас Монгол банк зах зээлд интервенц  хийж байна. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд валютын нөөц эрс буурсан. Өнөөдрийн нөхцөлд эдийн засаг өсөхгүй бол төв банк дангаараа интервенц хийгээд дийлэхгүй боллоо. Төгрөгийн ханшийг тогтвортой барих нь Монгол банкны үүрэг ч бусад эдийн засгийн механизм ажиллахгүй бол үр нөлөөгүй. Иймд эдийн засгийг өсгөх арга хэмжээнүүдийг үе шаттай авах шаардлагатай. Ерөнхийдөө экспортыг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийг тогтвортой барина. Нөгөөтэйгүүр валютын нөөц буурахад ОХУ Монголоос рубль цуглуулахад нөлөөлөхгүй. Гэлээ ч тус улсад ч  бас ханшийг тогтворжуулахад нөлөөлөхгүй. Тус улс нь олон улсын SWIFT системийн хоригт орсон. Энэхүү төлбөр тооцооны банканд рубль нь маш бага хувь эзэмшдэг. Ийм боловч тус улсад рублийн ханш сулраагүй. Иймд Монгол Улсад нөлөөтэй биш.

"ВАЛЮТЫН НӨӨЦ ХОЁР САРЫН ХУГАЦААНД 800 САЯ  АМ.ДОЛЛАРААР БУУРСАН"

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

   

-Валютын нөөц нэгдүгээр сарын 1-нд 4.3 тэрбум ам.доллар байсан бол одоо 3.5 сая ам.доллар болоод байна. Шалтгаан нь, цар тахлын дараа эдийн засаг сэргэж байгаатай холбогдуулан үйлдвэрийн орц, түүхий эд, машин тоног төхөөрөмжийг татан авсан. Энэ оны нэгдүгэр сард гэхэд 700 сая ам.долларын импорттой байлаа. Хоёрдугаарт, нефтийн үнэ дэлхий дахинд нэмэгдсэнтэй холбоотой. Бид ОХУ-аас шатахуунаа татан авдаг, нөөц нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдсэн. Иймд валютын нөөцөө бид өдөр тутамдаа  ашиглаж байна гэсэн үг юм. Цар тахлын үед валютын нөөц хангалттай байсан нь экспорт сайн байсных юм. Гэтэл БНХАУ "Тэг Covid-19" бодлогыг баримталснаар хил хаалттай болж, экспортын хэмжээ багасч  байна. Дэлхийн зах зээл дээрх  түүхий эдийн үнэ өндөр байгаа ч хилийн асуудлаас болж бид нүүрс, зэсээ зарж чадахгүй байна. Хил нээгдвэл бид уул уурхайн бүтээгдэхүүнээс хангалттай хэмжээгээр, өндөр үнээр зарж чадна. Ингэснээр валютын нөөц нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж