Жолооч нар зогсоол хайхад дунджаар 26 минут зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Жолооч нар зогсоол хайхад дунджаар 26 минут зарцуулдаг

Жолооч нар зогсоол хайхад дунджаар 26 минут зарцуулдаг

Нийслэл хотод хамгийн төвөгтэй асуудлын нэг нь зогсоол. Зогсоолын хүрэлцээ муу учраас авто зам дээр их асуудал үүсдэг. Авто зогсоолоос үүдэж жолооч нарын дунд маргаан гарах нь энүүхэнд. Зогсоолоос үүдэж, муудалцсаны улмаас нэгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг нийслэл хотод гарсан. Үүнээс гадна авто замын нэгдүгээр эгнээ, хорооллын дундах явган хүний зам авто зогсоолын үүрэг гүйцэтгээд удаж буй. Энэ удаагийн дугаарын сурвалжлагаар жолооч нарын "толгойн өвчин" зогсоолын асуудлыг хөндөж байна. Хотын төвийн зам дагуу зогсоолыг зорилоо. Бидний хэлж заншсанаар "Амгалан" амаржих газрын өмнөх авто зам, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрүүл мэндийн яамны орчимд авто машины хөл хөдөлгөөн их. Зарим нь эмнэлэг рүү яаран сандран гүйж, цаг алддаг. АШУҮИС-ийн хойд талд дөрвөн эгнээ замтай. Гэтэл зогсоолгүйн улмаас нэгдүгээр эгнээнд машинууд эгнэн зогсох нь жирийн л үзэгдэл. Энэ нь хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хүндрэл учруулж, жолооч нар нэгнийгээ зүхнэ.

"ӨДРИЙН ЦАГААР ЗОГСООЛ ОЛДДОГГҮЙ" 

Цаашаа "Амгалан" амаржих газрын авто зогсоолыг зорилоо. Энд мөн л адил жолооч нар дугаарлаж, сул зогсоол гарахыг хүлээж тойрно. Тэд дор хаяж зогсоолтой золголтоо 10-15 минут орчим тойрох нь энүүхэнд. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Б.Мягмар “Зогсоолын хүрэлцээ хэцүү болчихсон. Тэгээд зохион байгуулалт буюу ойрхон байшин барьчхаар зогсоол олдохгүй машинууд давхарлаад зогсчихсон ер нь хэцүү байна. Зогсоолгүйн улмаас машинаа ачуулж байсан.  Урд талд явган хүний нийтийн эзэмшлийн талбай гээд байгаа шүү дээ. Тэрэн дээр машинаа тавьчихсан байна лээ. Сая таарахад ачиж байсан. Зогсоолын асуудлыг олон жил ярьж байгаа ч яг шийдэлтэй зүйл гарахгүй байна. Болчих болов уу гэж горьдоод байна. Шийддэг хүмүүс нь дорвитой шийдээд өгөөсэй. Ер нь албан байгууллага, хорооллын дундах зам, байрны гадаа машинаа тавихад 2-3 удаа тойрдог. Тэгээд дугаар явахгүй байсан ч гэсэн заавал гарч хөдөлгөнө. Машины хойно тавьсан бол өглөө заавал гардаг. Хүн бүр ийм асуудалтай тулгарч байна” гэлээ.

Иргэн Л.Энхбаяр “Нэгдүгээр төрөхийн үүдэнд машин их байдаг. Өдрийн цагаар зогсоол олдохгүй шүү дээ. Зогсоолын хүрэлцээ хаа сайгүй муу байна. Аль болохоор машинаа ачуулахгүйн тулд зогсоол хайгаад явдаг. Машины тоог цөөлөлтэй нь биш, машинтай хүмүүсийг битгий яв гэлтэй нь биш. Хүмүүс жоохон тэвчээртэй хөдөлгөөнд оролцохоос өөр арга байхгүй байна. Ямар нэгэн механик аргаар шийдэгдэх асуудал биш байх. Би сая энд зогсох гэж хоёр тойрч орж ирлээ. Машин гарахыг хүлээж байгаад тавьдаг” гэв.

Б.Сүх “Зогсоолын хүрэлцээ тааруухан байна. Зогсоол байхгүй болохоор хэцүү. Зогсоол хайх гэж тойрч явсаар сүүлдээ зогсох газаргүй болчихдог. Тэгээд өөр зогсоолтой газар тавина шүү дээ. Машиныг дорхноо ачаад явчихна. Зогсоол хайж байтал цаг хурдан өнгөрдөг. Төв зам дээр зогсоол зарим газар олдоно. Гэхдээ л хэцүү. Төлбөртэй зогсоолд тавья гэхээр цагийн 2500 төгрөг гэж байна. Тавихаас аргагүй л байдаг. Ямар ч байсан зогсоолыг шийдэх байх”.

 

Ч.Найдансүрэн “Зогсоолын хүрэлцээ маш муу байна. Миний мэдэхийн 10 гаруй жил болж байна. Төвөөр дандаа төлбөртэй зогсоолд машинаа тавьдаг. Бараг л зогсоол олдохгүй. Байрны голын хэсгээр бол муу. Зарим нь замын боржур давуулаад явган хүний зам дээр машинаа тавьчихсан байдаг. Миний хувьд зөвшөөрөлгүй баригдсан хашаа хайсыг буулгах нь зүйтэй гэж боддог. Төрийн төмөр нүүр гэдэгчлэн зөвшөөрөлгүй барилга, хашааг буулгаж зогсоол болгох хэрэгтэй.  Машинаа ачуулж байсан удаа байдаг. Би өөрөө дотор нь сууж явсан”гэлээ.

Ердөө хэсэгхэн хугацаанд жолооч нараас тодруулахад тэд зогсоол хайж бухимдсан нь илт байлаа. Тэд зогсоол хайж явахдаа цаг мөнгө, хамаг бензинээ гарзаддаг гэдгийг хэлж байна. Дараа нь Тусгаар тогтнолын ордны арын нарийн замыг зорилоо. Энд хүний хөл хөдөлгөөн бас л их. Өдрийн цагаар зогсоол бараг л байдаггүй учраас жолооч нар машин хааж тавих, эсвэл Боловсролын яам талаасаа машинаа тавьдаг. Гэхдээ төд удалгүй ачилтын машин ирж дугаараар нь зарласан төдий болоод машиныг нь ачих нь энгийн үзэгдэл болжээ.

ЗОГСООЛЫГ ШИЙДНЭ ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРЬСАН Ч ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ДОРВИТОЙ ШИЙДЭЛ ОЛООГҮЙ 

Нийслэлд 200 мянга хол давсан машин хөлхөж байгаа. Тиймдээ ч замын түгжрэл, авто машины зогсоолын хомсдол чинээндээ тулчихсан. Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар олон нийтийн зогсоол 36.907, албан байгууллагын зогсоол 11.297, орон сууцны гаднах зогсоол 22.450 байдаг гэх мэдээллийг албаныхан өгөв. Зогсоолыг шийднэ гэж олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл олоогүй байна.

Нийслэл хот түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Түгжрэлээс үүссэн хохирол нэг жилд 947 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд зарцуулж байна гэсэн мэдээлэл бий. Үүнээс 116 сая ам.доллар нь зөвхөн түгжрэлээс үүдсэн шатахууны шаталтад зарцуулагдаж байгаа аж. Авто замын сүлжээг сайжруулсан ч авто зогсоол дутмаг байдгаас жолооч нар зогсоол хайж дунджаар 26 минут зарцуулдаг.  Иймээс ил, далд, давхар зогсоолыг 5000-аар нэмэгдүүлж, төлбөртэй зогсоолын систем нэвтрүүлэхээр ажиллаж байгааг албаныхан ярьж байв.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хэлэхдээ “Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор нийт 90 байршилд холбоос зам, туслах зам, гол замын зураг төслийн ажлыг хийж байгаа. Мөн 1800 метр гүүрний зураг төслийн төсөв, Улаанбаатар хотод шинээр хийх гэж буй тулгуур байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол, уулзвар шинэчлэлт, явган хүний зам, дугуйн зам, шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төсөл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийхээр оруулсан” гэдгийг хэлж байв.

Гэхдээ дарга нар хийнэ, шинэчилнэ гэж ярьдаг ч бодит байдал дээр зогсоолын асуудал бахь байдгаараа жолооч нар түгжрэл, зогсоолын асуудлаас болж өдөр бүр бухимдалтай яваа нь хэн хүнд ойлгомжтой асуудал болоод буй юм.

Гэрэл зургийг Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж