Хятад 2022 оны бодлогоо хэрхэн тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2022.03.15-нд нийтлэгдсэн

Хятад 2022 оны бодлогоо хэрхэн тодорхойлов

Хятад 2022 оны бодлогоо хэрхэн тодорхойлов

Бээжинд жил бүр зохион байгуулдаг “Two sessions 2022” ээлжит хурал гуравдугаар сарын 5-11-ний хооронд болж өнгөрлөө. Энэхүү хурлыг “Ардын төлөөлөгчдийн их хурал” болон “Улс төрийн зөвлөлдөх зөвлөл” гэсэн хоёр том байгууллага зохион байгуулдаг. Хурлаар хэлэлцсэн шийдвэрүүүд нь 2022 оны Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зураглал болох тул тус улсын зах зээлийн аль ч тоглогчийн хувьд чухал ач холбогдолтой үйл явдал юм. Мөн улс орны бодлогын ерөнхий чиг хандлагыг илтгэдэг тул Хятадын дотоодын зах зээлээр тогтохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч уг хурал нь байнга татдаг.

Улс төрийн зөвлөлдөх зөвлөл нь бизнес эрхлэгчдээс эхлээд кино жүжигчид хүртэлх Хятадын нийгмийн янз бүрийн салбарын 2000 гаруй гишүүнтэй байгууллага юм. Харин Ардын төлөөлөгчдийн их хурал нь Хятадын хууль тогтоох дээд байгууллага болно. Нийт 3000 гаруй гишүүнтэйгээс тал орчим хувь нь эмэгтэй гишүүд байна. Дээрх хоёр байгууллага аль аль нь таван жил тутамд гишүүдээ шинээр томилдог.
“Two sessions 2022” хурлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, Covid-19-ийн бодлого, нүүрсний үйлдвэр, эрчим хүчний тогтвортой байдал, хүн амын насжилт, төрөлтийн хэмжээ, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх гэх мэт асуудлуудыг хөндөж хэлэлцжээ. Түүнчлэн, Орос Украины асуудлыг ч хурлын үеэр хэлэлцсэн. Хурлыг Хятадын коммунист намын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ван Ян даргалсан байна. Нийт 2758 төлөөлөгч уг хуралд оролцжээ.

Хурлын үр дүнд дараах шийдвэрүүдийг гаргав.
– Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 5.5 хувиар өсгөх
– 11 сая шинэ ажлын байр бий болгох
– Хэрэглээний үнийн индексийг гурав хувь орчимд барих
– Үр тарианы үйлдвэрлэлийг 650 сая тонн хүргэх
– Татварын буцаан олголтыг 2.5 их наяд юаньд хүргэх
– Юанийн ханшийг тогтвортой байлгах
Эдгээрээс гадна улс даяар нэгдсэн эрүүл мэндийн кодыг бий болгох, хүн амын орлогын албан татварын босгыг өндөрсгөх, 60-аас дээш насныхны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

Нэн тэргүүнд хүнсний аюулгүй байдлын асуудлыг онцолсон байна. Хятад улс дэлхийн тариалангийн талбайн есөн хувь, цэнгэг усны нөөцийн зургаан хувийг эзэлдэг бөгөөд үүгээрээ дэлхийн хүн амын тавны нэгийг тэжээж байна. “Хятадыг хэн тэжээх вэ?” нэртэй 1995 онд хэвлэгдсэн номонд “Хятадад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсвөл дэлхийн хүнсний үнэ өснө. Хятадад газрын хомсдол нүүрлэвэл хүн бүрт газрын хомсдол үүснэ” гэж бичсэн байж. Харин энэ удаагийн Үндэсний хорооны тавдугаар чуулганы хуралдааны үеэр Ши Жиньпин дарга “Хятадын 1.4 тэрбум хүн ам хоол унд сайтай байна. Хятад хэдий үйлдвэржсэн орон ч гэлээ хүнсний хангамжийн асуудлыг хэзээ ч ач холбогдолгүйд тооцож болохгүй” гэж онцлон тэмдэглэжээ.
Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 114 их наяд юань байсан. Энэ нь дэлхийн эдийн засгийн 18 орчим хувийг эзэлж, хоёрдугаар байранд оржээ. 2021 оны хувьд 8.1 хувийн өсөлттэй байсан бол 2022 онд 5.5 хувиар өсгөх зорилт тависан байна.

Жил бүрийн чуулганаар эдийн засгийн ахиц дэвшлээс гадна тогтвортой байдлаа хадгалах Хятад улсын ерөнхий зарчмын талаар ч их ярьдаг. Тухайлбал, Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг саармагжуулна гэж амласан. Тэгвэл Ши Жиньпин хэлэхдээ, “Нүүрстөрөгчийн хийг бууруулах ажлыг хийхдээ эрчим хүч, хүнс үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, ард иргэдийн хэвийн амьдралын нөхцлийг бүрдүүлнэ. Хурдан үр дүнд хүрэхийн төлөө яарахгүй” гэжээ.
Хятад, АНУ-ын асуудлыг ч чуулганаар хэлэлцэхээ мартсангүй. Хурлыг даргалагч хэлэхдээ, “Хоёр улсын харилцаа холбоо улам бүр ахисан түвшинд хүрэх ёстой. Санал зөрөлдөөнөө оновчтой, бүтээлч байдлаар зохицуулж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандана гэдэгт бид итгэж байна” гэлээ.
2022 онд Хятадын эдийн засаг эрэлт багасах, нийлүүлэлт тасрах, хүлээлт сулрах гэсэн дарамттай тулгараад буй. Тиймээс эдийн засгийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж, ахиц дэвшил гаргах ёстой юм. Энэ жилийн Засгийн газрын ажлын тайлангаас харахад эдийн засаг, ажил эрхлэлтийг тогтворжуулах нь нэн чухал асуудал болоод буй нь хэрэглэж буй үгийн сонголтын давтамжаас нь харагдаж байв. Чуулганы хуралдаан дээр хамгийн олон удаа дурдагдсан үгсийг “CGTN News” онцлон гаргажээ. Үүнд, нүүрстөрөгчгүй ногоон хөгжил, эдийн засаг, тогтвортой байдал, ажлын байр, 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө, татварын буцаалт зэрэг үгс орсон байна.

Ерөнхий сайд Ли Кэчян энэ оны гол зорилтыг “Макро эдийн засгийн тогтвортой үр дүнд хүрч, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих хэмжээнд барьж, макро бодлогоо чангатгах замаар зах зээлийг тогтвортой байлгаж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах юм” гэж тодорхойлсон. Түүнчлэн инноваци нь Хятад улсын тэргүүлэх чиглэл хэвээр байх бөгөөд цаашид татварын хөнгөлөлт үзүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэднийг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд болон эцсийн хэрэглэгчидтэй нэгтгэхийг зорих аж. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн судалгаа, хөгжүүлэлтийн зардалд 75 хувийн нэмэлт татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мөн гадаад худалдааг тогтворжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглана гэж тайланд онцолжээ.
Эх сурвалж: CHINA BRIEFING, CHINA DAILY, CN NEWS, CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж