Согтуугаар хүний амь хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Согтуугаар хүний амь хөнөөжээ

Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 628  мэдээлэл  хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 136, орон нутагт 27 хүн эрүүлжүүлэгдэж, Баянзүрх, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр хамгийн ачаалалтай хоножээ.
Түүнчлэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх дуудлагыг зургаан удаа өгсөн байна. Дээрх  дуудлагын  дийлэнх нь архи хэтрүүлэн хэрэглэж, агсам согтуу тавьсан 19-39 насныхан байжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн 36 настай, эрэгтэй Б-гийн цээжинд нь хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Уг хэргийг мөн хорооны иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай О гэгч үйлдээд хэргийн газраас зугтсан байжээ. Талийгаач эмнэлгийн манаачаар ажилладаг байж. Тухайн үед сэжигтэн О согтуу байсан гэнэ. Дуудлагын дагуу хэргийн газар очсон хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Батдорж,  Г.Бат-Өлзий,  ахлах ахлагч Б.Баярсайхан шуурхай ажилласнаар сэжигтэн этгээдийг цаг алдалгүй баривчилсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд “хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн албанд ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад мөн хорооны иргэн 46 настай, эмэгтэй Б-г 31 настай, эрэгтэй Д гэгч хутгалж, танхайрсаныг тогтоожээ. Д гэгч тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэж, агсам тавин Б-г зодож, улмаар баруун өвдгөнд хутгалж танхайрсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түүнчлэн урьд шөнө  согтуугаар хүний амь хөнөөсөн нэг хэрэг гарчээ.

Н.Бүжин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж