МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг өнөөдөр /2022.03.14/ ажлын байран дээрээс нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид баривчилжээ. Түүнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МҮОНРТ-д төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ, Хөндлөнгийн аудитын газраас санхүүгийн шалгалт хийсэн бөгөөд дүгнэлт нь гараагүй гэв.
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөл /2021.03.05/ хуралдаж, Ерөнхий захирлаар А.Бүрэнбаатарыг томилсон. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилсон ч тэрбээр Олон нийтийн телевизийн дүрэм, журмыг зөрчсөн тул албан тушаалаас нь энэ оны нэгдүгээр сарын 19-ны өдөр чөлөөлсөн юм.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Б.Ууганбаяр болон сэтгүүлч А.Бүрэнбаатар, “Bat Solution Partners” компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, сэтгүүлч Р.Гандиймаа, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Г.Гэрэл, “TV5” телевизийн ерөнхий редактороор ажиллаж байсан сэтгүүлч Э.Дагиймаа, “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэр дэвшиж байв.
Холбоотой мэдээ