БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд ажиллаад ирлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга Ш.Мягмар болон албаны бусад төлөөлөл ажиллав.
Улаанбаатар хотоос 225км-т орших Говьсүмбэр аймагт БОАЖ-ын сайдыг ажиллах үеэр Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”-өө зохион байгуулав. Уг анхдугаар зөвлөгөөнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нөлөөгөөр байгаль орчны салбар дахин сэргэж буйг онцолж байлаа. Анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын санал, дүгнэлтийг тусгасан зөвлөмж гарсан юм. Говьсүмбэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван сая мод тарихаар төлөвлөжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ анхдугаар зөвлөгөөний дараагаар аймгийн удирдлагууд болон салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, БОАЖЯ төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэж ажиллах чиглэлээр шат дараатай ажлуудыг хийгдэж байгааг танилцуулаад, салбарын албан хаагчид авлигаас ангид байхыг уулзалтын үеэр сануулж байлаа.
Говьсүмбэр аймгаас эхэлсэн орон нутгийн томилолт Дорноговь аймагт үргэлжлэв. Ингэхдээ тус аймгийн Замын-Үүд сумын Эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудтай танилцлаа. Эдийн засгийн чөлөөт бүс ашиглалтад орсноор манай улсын нийгэм, эдийн засаг, ДНБ-нд эерэг нөлөөтэй. Цар тахлын нөлөөгөөр тус чөлөөт бүсийн үйл ажиллагаа түр зогсолттой байгаа хэдий ч төлөвлөсөн ажлууд хугацаандаа үргэлжилж байгааг Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга А.Энхзул танилцуулж байв.
Говийн бүсэд хэрэгжих жишиг “Агропарк” төслөөс эхлээд, чөлөөт бүсийн 900 га талбайд ногоон байгууламж байгуулах ажлуудыг изриаль технологи ашиглан хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж байгааг ч ярьж байлаа. Түүнчлэн чөлөөт бүсийн нийт 900 га талбайгаас 100.43 га газрыг аж ахуй нэгжид эзэмшүүлээд байгаа бөгөөд 2022 оны байдлаар барилгын материалын үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулах, логистикийн төв, худалдаа, үйлчилгээний төвийн ажил эхэлж, нийт 35 аж ахуй нэгж ажлын даалгавраа авч, зураг төслөө боловсруулах шатандаа явж байна гэв.
Ажлын хэсгийн уулзалт Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга, салбарын ажилтан албан хаагчидтай уулзах уулзалтаар үргэлжилж, энэ онд болон ирэх жилүүдэд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийгдэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцсан юм.
Дорноговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 20 сая мод тарих бэлтгэл ажлаа төлөвлөж, бэлтгэлээ базааж байна. Ингэхдээ дээрх тооны модыг тарих шаардлагатай нөөцийг бүрдүүлэхээр 2022-2025 онуудад нэн тэргүүнд мод үржүүлгийн зургаан талбай байгуулахаар болжээ. Тус аймгийн хувьд ойжуулалт болон газар тариалангийн салбар хөгжөөгүй, газар тариалангийн зориулалтаар олгосон газрууд худаг, усны асуудлаас шалтгаалан идэвхтэй бус байдаг. Тиймээс цаашид аймгийн хэмжээнд шинээр газар олгохоос илүүтэй өмнө нь олгогдсон газруудад хөрсний нарийвчилсан шинжилгээ хийж, худаг усны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ойжуулалт, мод үржүүлгийн газруудыг байгуулахаар төлөвлөсөн гэж аймгийн Засаг дарга О.Батжаргал танилцуулж байв.
Говьсүмбэр аймаг, Дорноговь аймагт хийсэн орон нутгийн томилолт Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай болоод байгаль орчны салбарын өнөөгийн бодит нөхцөл байдалтай биечлэн танилцахад чиглэж, үр дүнгээ өгсөн уулзалтууд болж өнгөрлөө гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дүгнэв.