Зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон осол өнгөрсөн амралтын өдөр гарсан байна. Урьдчилсан байдлаар гурван настай хүүхэд амь насаа алдсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ, “Бага насны хүүхдийн амь нас хохирсон осол энэ сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 61-ийн гармын орчимд гарсан. Машин мөргөлдсөний улмаас хүүхдийн амь нас хохирсон. Урьдчилсан байдлаар тухайн хүүхэд тээврийн хэрэгслийн урд суудалд зорчиж явсан гэх мэдээлэл байна. Одоогоор ослын шалтгаан нөхцлийг илүү мэдээлэх боломжгүй. Хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас нийслэлд гурван хүүхэд гэмтсэний нэг нь амь насаа алдсан байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд амь насаа алдаж, 65 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна. Орон нутагт гарч буй зам тээврийн ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой. Гэвч хүүхэд бэртэж гэмтсэн амь насаа алдсан шалтгааны дийлэнх нь зориулалтын суудалд тээвэрлээгүй, хамгаалалтын бүс зүүлгээгүй болохын цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Сүүлийн хоёр жил гаруйн дараа сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч, хөл хориог цуцалснаар хөл хөдөлгөөн ихэссэнээр хүүхдүүд авто осолд өртөж, амь насаа алдах эрсдэл ч дагаад нэмэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Иймд 10 хүртэл бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг санууллаа.
Холбоотой мэдээ