Сургуулийн хүчирхийлэлд БҮГД буруутай

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Сургуулийн хүчирхийлэлд БҮГД буруутай

Сургуулийн хүчирхийлэлд БҮГД буруутай
Сурагчид

Сургуулийн орчин нь бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг, хүүхдэд ээлгүй хэвээр байна. “Есдүгээр ангийнхан  7-8 ангийн хүүхдүүдийг  жагсааж наад тамхиа тат, пиво уу гэж шахдаг.  Татахгүй бол зодно гэдэг” талаар нэрээ нуусан сурагч охин ярив. Өөр нэг хөвгүүн “Үе тэнгийхний хүчирхийлэлд нас хүйс хамаарахгүй. Анги дэвших тусам бүрт энэ асуудалтай тулгардаг. Ялангуяа харагдах байдлаас шалтгаалж ил болон далд хэлбэрээр дээрэлхдэг. Бүдүүн байна, царай муутай байна гэх мэтээр. Үүнээс болж бусад хүүхдүүд дагаж шоолдог болсон. Энэ нь миний өөртөө итгэх итгэлийг үгүй хийсэн” гэлээ. Энэ мэтээр сургуулийн орчин дахь хүчирхийлэл нийгмийн нэг эмзэг асуудал болжээ.

Дээд ангийн сурагчид пиво, тамхи авхуулахын тулд доод ангийнхнаа дээрэлхэж, мөнгө нэхдэг гэнэ.  Авч өгөхгүй бол зодно. Янз бүрийн зураг авснаа цахим орчинд нийтэлнэ гэж сүрдүүлдэг аж.

Тоо баримтаас дурдвал, Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1236 сурагчийг хамруулан хийсэн судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, 40.7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан бөгөөд бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их гарч байгааг онцолжээ.

УЛАМЖЛАЛ БОЛСОН АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ ӨӨГШҮҮЛСЭН

Боловсрол, шинжлэх ухааны яамны  Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, сургуулийн  дотуур байранд хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс  урьдчилан сэргийлэх журам гэж бий. Энэ журмууд яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ гэдгийг л эргэн харах ёстой.

Бидний зохион байгуулж байгаа уралдаан тэмцээн өөрөө ялгаварлан  гадуурхалтыг үүсгэж байна.  Тодруулбал, уламжлал болсон арга хэмжээнүүд ялгаварлан  гадуурхалтыг өөгшүүлсэн үү гэдгийг эргэн харах цаг болжээ.

Уралдаан тэмцээнд түрүүлсэн хүүхдүүд ялсан баатрын дүрд хувирч будсыгаа дээрэлхэх, би мундаг гэж бусыгаа үл ойшоодог байдал бий болсон байна. Хүүхдүүд эцэг эхдээ нарийн зүйлсээ ярих гэхээр өөрсдөө учраа ол, эсхүл багш нь дахиж ингэж болохгүй шүү гээд орхичихдог. Гэтэл  хүүхдэд зааж зөвлөх,  дахиж нэгнээ гомдоох үйлдэл гаргахгүй байх ёстой шүү гэдгийг ойлгуулахын тулд системтэй үйл ажиллагааг явуулах шаардлагатай. Үүнд дан ганц анги удирдсан багш биш бүх түвшинд анхаарах  ёстой. Нэг удаагийн арга хэмжээ яагаад ч үр дүнд хүрэхгүй” гэлээ.

“ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ ГЭХЭЭР ОЙЛГОДОГГҮЙ”

Харин сурагчдын зүгээс “Эцэг эхтэйгээ ярилцах гэхээр ойлгодоггүй учраас нарийн зүйлсээ найзуудтайгаа ярилцдаг” гэдгийг хэлэв. Мэдээж бүх зүйлд төр засаг, багш нарыг буруутгаад өнгөрч болохгүй. Хамгийн чухал нь эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал. Үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь эцэг эх бүрдүүлэх үүрэгтэй.  Гэвч яаж ч ядарч, завгүй байсан хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.

Тэгвэл сэтгэлзүйчид  хүүхэдтэйгээ ярилцахын тулд “Хүүхэд хичээлдээ дургүй болох, сургуульдаа очихгүй байх зэрэг сэтгэлд нь ямар нэгэн учир шалтгаан, үйл явдал хуралдсан учир тийм үйлдэл гаргаж байгаа. Дотроо бодоод сэтгэл хөдлөл, мэдрэмжээ цуглуулсаар байгаад эцэст нь үйл хөдлөлөөрөө гаргаж байна. Тэр нь магадгүй сургуулийн орчин дахь үл ойлголцол, үерхэл шохоорхол юу ч байж болно. Удаан хугацаанд толгойд нь эргэлдсэний дараа үйлдэл хийх хэмжээнд хүрч байгаа юм. Хүүхдийг шууд ярь гээд яриулах хэрэггүй. Илүү хүлээцтэй байх хэрэгтэй. Эцэг эхчүүд эхлээд өөрсдөө мэдрэмжээ хуваалцаарай. Тэрнээс биш уурлаж, загнавал хүүхэд тань улам л эсэргүүцнэ” гэдгийг зөвлөв.

БАГШ НАР ӨӨРСДӨӨ "ХҮЧИРХИЙЛЭГЧ"

Сурагчдын харилцаа, сургуулийн орчинд хамгийн их нөлөөлдөг хүн бол багш. Харамсалтай нь, Монголын багш нарын хандлага, ёс суртахуун сургуулийн орчин дахь хүчирхийлэл, гадуурхалтыг өдөөж өгдөг хүчин зүйлс болсоор.  Цалин хөлс муутайгаа байнга гомдоллодог багш нарын зан харилцаа Монголын боловсролын салбарын "хорт хавдар" хэвээр байна. Ялангуяа улсын сургуулиудад багшилж буй багш нартай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй.  Бага ангийн хүүхдүүдийн хувьд гол үлгэрлэл дууриал авдаг хүн нь багш байдаг. Багш нь хэн нэгнийг гадуурхвал сурагчид даган дуурайдаг. Тиймээс багш нарын харилцаа хандлагыг үндсээр нь өөрчлөхгүй бол сургуулийн орчин дахь хүчирхийлэл улам томорсоор байна.

Тухайлбал, МСҮТ Политехник коллежийн нийгмийн ажилтан “Би өөрт тохиолдсон бодит жишээг ярья. Би Багануур хотын ЕБС-д сурдаг байлаа. Анги дундаа зорилтот бүлэгт хамаардаг байв.  Ангийн багш намайг өдөр бүр гадуурхдаг байсан. Чи хиртэй хувцастай, хумсаа аваагүй байна. Сурвал сураарай, сурахгүй бол зайлаарай гэдэг байсан. Эгч бид хоёр дундаа нэг пүүзтэй байсан. Нэг удаа эгч хичээлээсээ ирдэггүй. Тэгэхээр нь би биеийн тамирын хичээлдээ пүүзгүй очлоо. Гэтэл багш намайг гуталгүй юм чинь оймстойгоо гүй гэлээ. Миний оймс цоорхой байсан ч  оймстойгоо гүйсэн. Ангийн хүүхдүүд намайг хараад “Ядуу хүүхэд” гээд шоолж байсан. Би тэр үед уйлалгүй тэвчсэн ч хичээлээ тараад яагаад багш, ангийнхандаа ядуугаараа дээрэлхүүлэх ёстой юм бэ гээд маш их уйлсан. Би тэр үед маш сайн хүн болно шүү л гэж бодсон.

Энэ зүйлийг хэлсний учир нь хүнийг сайн хүн болгохын үндэс нь бага ангийн багштай  холбоотой байдаг юм шүү. Тухайн хүүхдийн баян ядуугаар нь биш байгаагаар нь хүлээн авбал сайн хүн болж төлөвшихөд нь том дэм болно” гэдгийг онцлон хэлэв.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ БАЙХ ЮМ БОЛ ПРОКУРОР ТУХАЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОДОГ

Сургуулийн орчинд 2021 онд 42 гэмт хэрэг, 47 зөрчил бүртгэгдсэн. 2022 оны эхний нэгдүгээр сарын байдлаар 14 гэмт хэрэг, 8 зөрчил бүртгэгдсэнээс ерөнхий боловсролын сургуулийн орчинд 8 гэмт хэрэг, 6 зөрчил бүртгэгдсэн байна. Ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд зодооны хэрэгт орооцолддог учраас хоёр талын эцэг эхчүүд тохиролцох байдлаар хэрэг дуусдаг аж. Учир нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх юм бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Эрүүгийн  гэмт хэргээс гадна, иргэний зөрчил буюу бусад мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч болох эцэг эх нь хариуцна гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж