"Улсын бүртгэл цахимжсанаар иргэд 30 тэрбум төгрөгийг хэмнэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

"Улсын бүртгэл цахимжсанаар иргэд 30 тэрбум төгрөгийг хэмнэж байна"

"Улсын бүртгэл цахимжсанаар иргэд 30 тэрбум төгрөгийг хэмнэж байна"

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д улсын бүртгэлийн хичнээн үйлчилгээ нэвтэрсэн, хэрхэн, яаж үйлчилгээг авах гэх мэт асуудлаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр/2022.03.14/ мэдээлэл хүргэлээ.


Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Дэлхийн банкны ухаалаг засаг төслийн хүрээнд “E-Mongolia” системд улсын бүртгэлийн байгууллага 57 үйлчилгээг оруулаад байсан. Үүнээс 22 төрлийн лавлагаа, 37 төрлийн үйлчилгээг оруулсан. Өөрөөр хэлбэл, нэг шатлалтай 22 үйлчилгээ, хоёр шатлалтай 37 үйлчилгээ. 57 үйлчилгээний 41 нь бүтэн онлайн, 25 болон зургаа нь хагас хүргэлттэй буюу нэг талдаа болон хоёр талдаа хүргэлттэй. Бид онлайн болон шуудан хүргэлтийг давхар ашиглаж байна. Нийтдээ 2,150,020 удаагийн үйлчилгээ, лавлагааг иргэддээ “E-Mongolia”-аар дамжуулан хүргээд байна. Иргэдээс гарах зардал хамгийн багадаа 30 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн гэх тооцоолол гарсан.

Цахимжилт гэдэг процессыг сайжруулж, илүү зардалгүй, цаасгүй, хүнд сурталгүй, авлигагүй энэ чиглэл рүү явж байгаа шинэ, шилдэг технологи. Засгийн Газрын 2020 оны 230 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг шинээр тогтоосон. Үүний хүрээнд цахим лавлагааг үнэ төлбөргүй болгосон. Мөн хэд хэдэн үйлчилгээг онцолмоор байна. Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг 31 гаруй мянган удаа авчээ. Он гараад 6139 удаа авсан байна. Энэ дотроо хамгийн түгээмэл байсан нь иргэний үнэмлэх болон гадаад паспорт байжээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гадаад паспортны үйлчилгээ 30 хувиар өссөн байна. Иргэд маань “E-Mongolia”-аар дамжуулан паспортоо захиалж, хэрэглээ нь нэмэгдэж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 20 гаруй мянган удаа цахимаар авсан байна. Энэ дотроос хамгийн онцлох нь хуулийн этгээдийн нэр баталгаажуулах бүртгэлийн үйлчилгээ байна. Иргэд хуулийн этгээд байгуулахдаа эхлээд нэрээ баталгаажуулдаг. Үүний тулд хэд хэдэн удаа улсын бүртгэлийн байгууллага дээр ирдэг. Тэгвэл өнөөдөр 18425 хүн зөвхөн цахимаар нэрээ баталгаажуулжээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл харьцангуй сүүлд орсон. Энэ дээр 14 үйлчилгээг авсан байна. Хамгийн их авсан үйлчилгээ нь лавлагаатай холбоотой. Иргэний оршин суух, үл хөдлөх хөрөнгө, гэрлэлт, регистрийн дугаарын лавлагаа зэргийг хоёр мянга гаруй удаа авчээ.

Улсын бүртгэл дээр бүртгэгдсэн мэдээллийг бид хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг бусад байгууллага руу түгээж тараадаг. Төрийн байгууллагын үйлчилгээгээрээ улсын бүртгэлийн байгууллага мэдээлэл нийлүүлэгч гэдэг утгаараа нилээн их хувийг эзэлдэг. Улсын бүртгэл дээрх мэдээллийг төрийн байгууллагууд өнгөрсөн онд 200 гаруй сая удаа авч хэрэглэжээ" гэв.

Иргэний бүртгэлтэй холбоотой 13 шинэ үйлчилгээ “E-Mongolia”-д өнгөрсөн сард нэвтэрсэн аж. Нөхөн бүртгэлийн төрлийн төрсний, гэрлэсний, гэрлэлт сэргээсний, гэрлэлт дуусгавар болсны, эцэг эх тогтоосны, овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний, нас барсны, үрчилсний, шилжилт хөдөлгөөний зэрэг үйлчилгээ 100 хувь цахим болж, шинээр нэмэгдсэн. Мөн хуулийн этгээдтэй холбоотой эцсийн өмчлөгч өөрлөгчдөх, татан буулгах тухай мэдэгдэх зэрэг нэг болон хоёр талт шуудангийн үйлчилгээ. Үүнээс гадна эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой төрөөс худалдаж авсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, бэлэглэх зэрэг хоёр талт шуудангийн үйлчилгээ шинээр нэмэгджээ.

Д.Дэлгэрсайхан цааш ярихдаа "Бид цаашдаа цахим үйлчилгээний заалаараа дамжуулан үйлчилгээ үзүүлнэ. Удахгүй нээлтээ хийнэ. Одоогоор бэлтгэл ажлаа хийж байна. Удахгүй “E-Mongolia” систем дээр шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэлийг нэвтрүүлнэ. Энэ төрлийн үйлчилгээ иргэний улсын бүртгэлийн ихэнхи хувийг эзэлдэг. Энэ оочер дараалал үүсгэдэг үйлчилгээг цахим болгоно.

Барьцаа хөрөнгийн тэмдэглэгээ хийх үйлчилгээ улсын бүртгэл дээр ачаалал үүсгэдэг. Тэгвэл тухайн банктайгаа улсын бүртгэлийн байгууллага холбоотой ажилласнаар иргэн хоёр газар бус зөвхөн банкнаасаа үйлчилгээ авах болно.

Иргэддээ хэлэхэд, буруу мэдээлэл оруулах алдаанууд гарч байна. Жишээлбэл, хаягаа буруу оруулаад хүргэлтийн үйлчилгээ саатаж байна. Энэ талаар холбогдох байгууллагуудтай ажиллаж байна. Хурууны хээ уншуулах асуудлыг зөвхөн улсын бүртгэлийн үйлчилгээ болон сонгуулийн үеэр ашиглана гэж хуульчилсан. Хээний оронд тоон гарын үсэг ашиглана. Энэ тоон гарын үсгийг иргэний үнэмлэхний чип дээр бичнэ. Яг хурууны хээ ашиглаж байсан шиг үнэмлэхээ төхөөрөмж дээр ашиглана. Тоон гарын үсэг олгох бэлтгэл ажил ид явагдаж байна. Тавдугаар сарын 1-н хүртэл бэлдэж байна. Дөрөвдүгээр сараас эхлэн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж