АН нь Их хурлаар батлагдсан Үзэл баримтлал /цаашид ҮзБ гэх/, Үндсэн дүрэмтэй /цаашид ҮД гэх/ байна. ҮзБ, ҮД-ийн хүрээнд намын гишүүд, дэмжигчдэдээ улс төрийн боловсрол олгох, гишүүдийн эв эе, хамтач байдлыг хангах замаар, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт өргөнөөр оролцох бололцоог хариуцлагын хамт олгохыг зорино.
Ардчилсан намын дүрмээс…
Тархины мэдрэлийн эсүүд, мэдрэлийн холболтууд, мэдрэлийн бүтцүүд аажмаар үхэж, устаж үгүй болдог эмгэгийг хатингаршилт гэж анагаах ухаанд үздэг аж. Тархины эд эс бүр өөр өөр танин мэдэхүйн функцыг боловсруулах үүрэгтэй ч хатингаршвал тэр чадвараа алдагдана гэсэн үг. Нөгөөтэйгүүр хөгшрөлтийн хэвийн үйл явц нь тархины хатингарыг үүсгэдэг бөгөөд эдгээр тохиолдолд насжилттай холбоотой хоргүй нөхцөл гэж үздэг ажээ.
Хүний амьдралын жам юм болохоор хувьсгалч ах нарын даралт ихсэж, цус өтгөрч, зөөлөн эд хатингаршиж шинж тэмдэг илрээд байх шиг. Гэхдээ тэмцэж ялсан үзэл санаагаа өөртэйгөө адилхан болгомооргүй байгаадаа гэж горьдоно. Гэхдээ буруу ч, зөв ч бай олсон, хураасан эд хөрөнгөө өөрийн өмч. Эрх чөлөө бол Монголын өмч гэдгийг ухаармаар.
Хүнээр бол тархины хатингаршил энэ намд илэрсээр уджээ. Хэдхэн л хүн хүссэнээрээ намаараа тоглож, гишүүдээ доромжилсоор. Түүндээ намын, жирийн гишүүдийн, бүр Монголын нэрийг барьж дөвчигнөсөөр намаа ч, Монголыг ч шавартай хутгачихлаа. Эргэж сэргэх эсэх нь ч эргэлзээ төрүүлнэ. Ардчилсан намын маргалдагч талуудын санах ой, хэл яриаг ажиглавал эргэж, буцсан, будилж, мунгинасан хөгшин хүн шиг болжээ.
АН БА АЛЬЦХАЙМЕР
Ардчилсан намыг өөр өөрсдийнхөөрөө өмчлөөд байгаа нөхдийг ажиглавал энэ намын үзэл санаа, үнэт зүйл түй ч хамаагүй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Тэрхүү зорилго, үзэл санаагаа аминчхан бодлоосоо аль эрт таягдчихсан болохоор бул хар чулуу шиг байрандаа байхыг туйлаас хүсэх ажээ. Ой санамжаа нэгэнт гээсэн болохоор амьд үлдэхийн тулд амьтны зөн совингоороо албан тушаалтайгаар зууралдсаар… Өнөөдөр маргалдагч талуудын ард буй гишүүдийг нийлүүлээд тооцвол 10 мянгаас илүү гарах идэвхитэй гишүүн үлдсэнгүй. Бусад гишүүдээ энэ нам мартчихсан. Нэгэнт мартагдсан гишүүн нь арчаагүй, албан тушаалын төлөө үхэн хатан биенээ үгүйсгэдэг удирдлагаа мартсан ой санамжийг нь сэргээхээс холуур тойрхыг илүүд үзнэ. Ардчилсан намыг өөрийгөө гэж хардаг, өөрийг нь үгүйсгэснийг үл хүлээн зөвшөөрөгчтэй хэн хамт байхыг хүсэх билээ. Ганцхан хүнийг дарга болгох гэж их хурлаа хоёр, Үндэсний бодлогын хороогоо таван удаа хуралдуулаад ч мартагдсан ой санамж нь сэргэсэнгүй.
ЗАЛУУСТ ИЛЭРСЭН УДАМШЛЫН ӨВЧИН
Ардчилсан нам анхнаасаа Ардын намыг дуурайсан гэлтэй бүтэц зохион байгуулалттай явж ирсний илрэл нь Ардчилсан эмэгтэйчүүд, залуучуудын холбоо. Энэ холбоод ч арваас хорьхон хүний л “өмч” болчихсон. Тиймээс гадаадад мэргэжил боловсрол эзэмшиж, үзэл санаа, үнэт зүйлсийнхээ төлөө нэгдсэн жирийн залуус удирдлага болно гэж горьдох хэрэггүй.
Дүрэм журам, үзэл санаа, үнэт зүйлсээс илүү хувьсгалд оролцсоноороо түрээ барьж, дүү нараа дарж ирсэн нь залууст нь удамшчихсан. Дөч гарчаад дүү нартаа халаагаа тавьж өгдөггүй “залуус”-ыг удирдлагынх нь CV-нээс харж болно. Дээр нь нөгөө л хөгийн жалга довны үзлээр битүү өвчилсөн нь харагдана.
ӨӨРИЙН ХҮН
Ардчилсан нам дүрэмдээ “барууны төвийн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгосон” гэж заасан ч бодит хөрсөн дээр буухдаа хийсвэр ойлголт гэдгийг болоод буй үйл явдал бэлхэнээ харуулаад өгнө. Харин Монголын хэдэн үеийг хүмүүжүүлсэн дайн, тулаантай Орос кинонд гардагчилан “өөрийн хүн” гэх ганцхан философи тэнд үйлчилнэ. Өөрийн хүнийг харанхуйгаар дэмждэг, бусдыг нь үгүйсгэдэг үзэлд нэгэнт нэрвэгдсэн болохоор өөрийг хүсээд ч нэмэргүй. Өөрсдийн хүнийг бүрдүүлэх эсвэл хэн нэгний хүн болох сонголт л бий.
ШУДАРГА ЁС ХААЧИВ?
Ардчилсан нам хоёр хуваагдсан болохоор шударга ёс ч мөн л төдий чинээ хуваагдсан. Бүгд шударга ёсын тухай ярьдаг ч хоёр тал өөр өөрсдийнхөөрөө шударга ёс ярих ажээ. Нэгэнт жирийн гишүүдээ намын ажилд оролцуулах бололцоог олгодоггүй, шинэ хүн гарч ирэх ротациа үгүй хийчихсэн, халаагаа өгдөггүй болохоор хамгийн өндөр дэмжигчтэй асан нийслэлийн сонгогчдоо ч алджээ. Даргаа ч сонгож чадахгүй байгаа намаас иргэд шударга ёс горьдох нь утгагүй учраас нийгмийн дэмжлэгээ ч Ардчилсан нам алдсан билээ.
ЛИДЕРГҮЙ НАМ
Ардчилсан намд намдаа төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн олон лидертэй байсан үе бий. Үүний цаад шалтгаан нь лидерээ бүх гишүүдээс сонгодог байсан төдийгүй байнга цус сэлбэдэг, санал зөрөлдсөн тохиолдолд фракциуд дотроо яриад удирдлагын түвшинд шийддэг байв. Тэгвэл өдгөө лидерээ бүх гишүүдээс бус Үндэсний бодлогын хороогоороо сонгодог болох тухай ярьж байна. Ингэснээр намын даргын хэрүүлийг нэг тийш болгож болох ч Ардчилсан намын асуудлыг үгүй.
Дээр нь шийдвэр гаргаж чаддаг институт байсан нь өнөөдөр үгүй болжээ. Нэгэнт хувийн ашиг сонирхолоороо нэгнийхээ эсрэг тэмцэж буй учраас намд яаж лидер байх билээ.
МОНГОЛД ОДООГИЙН АН БУС УХААЛАГ НАМ ХЭРЭГТЭЙ
ХХI зуун гарчаад байхад ХХ зууны уламжлалт, хоцрогдсон бүтцээр оршихыг оролдож буй нь өнөөдөр ганц Ардчилсан намын бус улс төрийн бүхий л намын асуудал болжээ. Сонгогчид улс төрийн хүчнээс илүү шилэн, ухаалаг, цахим нам байхыг шаардаж байна. Гэхдээ цахим гэдэг нь Ерөнхий сайдын ярьдаг цахим бус асуудлыг ухаалгаар шийддэг гэсэн үг. Түүнээс нэг даргыг нөгөөгөөр сонгоод нийгэм хүлээж авахгүй. Монголд Ардчилсан нам түүхэн үүрэг гүйцэтгэсэн нам гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Харин өнөөдрийнх шиг АН хэрэгтэй юу гэвэл үгүй. Монголд урьд урьдынхаас илүү ухаалаг, ууж идэх хүслээс ангид, урагшаа харж, холыг зорьсон, үзэл баримтлал нь тодорхой, түүнийгээ үнэт зүйлсээ болгосон нэгдэл хэрэгтэй. Түүнээс эрх чөлөө, үзэл бодлыг өмчилсөн өнгөрсөн цагийн хуучин нам хэрэггүй.
Тиймээс шинэчлэлийг даруй хийх эсвэл өдөр хоногоо хүлээх л сонголт тэдэнд байна.
Холбоотой мэдээ