"Эрдэнэт үйлдвэр"-ийн цаашдын 70 жилийн хөгжлийн шинэ боломжууд

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт үйлдвэр"-ийн цаашдын 70 жилийн хөгжлийн шинэ боломжууд

"Эрдэнэт үйлдвэр"-ийн цаашдын 70 жилийн хөгжлийн шинэ боломжууд

Зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” форумыг санаачилсан. Энэ хүрээнд Эрдэнэт хотноо салбар салбарын төлөөллүүдийг урьж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах, үйлдвэрийн ирээдүйн бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааг хэрхэн уялдуулж хөгжүүлэх талаар хэлэлцлээ.


УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн 2021 онд 36 сая тонн хүдэр олборлож, 32.6 сая тонн хүдэр боловсруулан, 576.6 мянган тонн зэсийн баяжмал, 6.3 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь 43 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

“Covid-19” цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон түүхэндээ анх удаа 2021 онд 3.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, борлуулалтын 1 төгрөгт ногдох зардлыг 56 мөнгө болгон бууруулж, улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд орчим төгрөг төвлөрүүлж чаджээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэг ажилтан 2017 онд дунджаар 97.4 сая төгрөгийн баялаг бүтээж байсан бол 2021 онд 170 орчим сая төгрөг болж, 1.7  дахин өссөн байна.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоол тус тус гарч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын нийт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдлын төлбөр, хураамжийг бүрэн хариуцаж, нийт 1 их наяд төгрөгөөр санхүүжүүлснийг Х.Бадамсүрэн захирал бахархалтайгаар мэдэгдсэн юм.

Төр засгаас түүхэн дээд амжилтуудаа бататган ажилласан уурхайчин, бүтээлч хамт олны хичээл зүтгэл, ажил үйлсийг өндрөөр үнэлж, “Монгол Улсын баатар” цол хүртээсэн билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 224 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 262 дугаар тогтоолоор баталсан.

Өдгөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрдэс баялгийн нөөцийг өсгөх, ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэр болон Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх, байгаль, экологид сөрөг нөлөө багатай, хамгийн орчин үеийн шийдэлтэй уусган баяжуулах технологиор хүдэр боловсруулах үйлдвэр барих, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна.

“Эрдэнэтийн Овоо” орд газрын геологи, хайгуулын ажлыг сүүлийн жилүүдэд эрс эрчимжүүлж, уурхайн ашиглалтын явцад хүдрийн нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг үе шаттай хэрэгжүүлж, ордын геологийн болон ашиглалтын нөөцийг шинэчлэн тооцож, Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны арванхоёрдугаар сард хүдрийн нөөцөө нэмэгдүүлснээ баталгаажуулснаар, цаашид 70 жил ажиллах боломжтой болсон юм.

 “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 120 ИХ НАЯД ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2050 он хүртэл гурван үе шаттай хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай аж. Эхний 10 жилд буюу 2030 он хүртэл тус бодлого цар тахлаас үүдэлтэй эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэн хэрэгжих нь. Цаашид “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гол суурь, нөхцөлийг бүрдүүлэх талаар УИХ-ын гишүүн Д.Батлут мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ онцлов.

Энэхүү бодлого нь хилийн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн, хот хөдөөгийн сэргэлт гэсэн зургаан зорилтод чиглэсэн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх тусгай.

Тус бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин, эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 58.3 ХУВИАР, БОРЛУУЛАЛТ 59.1 ХУВИАР ӨСЧЭЭ

Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Орхон аймаг 2021 онд аж үйлдвэрийн салбарт 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3.9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оныхоос 58.3 хувиар, борлуулалт 59.1 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ.

Өнгөрсөн онд аймаг орныхоо төсөвт 129.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилттай байгаа талаар Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Мөнхбат мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ онцоллоо.

НЭГ ХҮНД НОГДОХ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 2 ДАХИН НЭМЭГДЭНЭ

“Эрдэнэт үйлдвэр” улсын орлогын 7.5 хувийг бие дааж бүрдүүлдэг, экспортын орлогын 10 хувийг эзэлдэг, жилд дунджаар төсвийн орлого бүрдүүлэхэд нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлдэг. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлогыг дан ганц улсын төсвөөр хэрэгжүүлэх боломжгүй. Иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа, идэвх санаачлага, тэдэнтэйгээ хамтран ажиллаж байж бид амжилттай хэрэгжүүлнэ. Мөн төр өөрт байгаа нөөц бололцоог зөв ашиглах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 20 багц төсөл бий бөгөөд нарийвчилбал 94 дэд төсөлтэй. Цар тахлын үед эдийн засгаа тэтгэж, иргэд, ААН-үүдийн цахилгаан дулаан, уур усны төлбөрийг хариуцан төлж, нийгмийн хариуцлагаа биелүүлсэнд гүнээ талархаж, Б.Жавхлан сайдын бэлгийг гардуулъя.

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлт 6 хувь буюу тогтвортой өсөлт бий болно, нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин нэмэгдэнэ, ажилах хүчний оролцоо 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад экспорт 4 дахин нэмэгдэнэ. Эрчим хүчний эх үүсвэр хоёр дахин  нэмэгдэх зорилт, үр дүн харагдаж байгаа ажээ.

“ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙДЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН”

Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбоотой цуврал хэлэлцүүлгүүд гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэхийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэв. Энэ сарын 22-ны өдөр "Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлгийг ХЗДХЯ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалж буй Ажлын хэсэг Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа аж. Нэлээн хүлээлт үүсгэсэн хууль бөгөөд төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, эрхийг аль болох хүндрэл чирэгдэл багатай, хугацаа алдахгүйгээр, төрийн байгууллага болон албан хаагчдаас эс үйлдэл гаргахгүйгээр хурдан шуурхай олгодог байх чиглэлээр тодорхой саналууд гарч, ажил үргэлжилж буй юм байна.

Мөн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. ХЗДХЯ-наас Төрийн зарим ажил үйлчилгээг түр зогсоохтой холбогдуулан хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаагаар зогсоох үзэл баримтлалтай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Ерээд оны дундуур батлагдсан Дампуурлын тухай хууль практикт төдийлөн хэрэгждэггүй, шүүхээр дампуурлын хэрэг төдийлөн шийдэгддэггүй, бодит байдал дээр төлбөрийн чадваргүй компани маш олон болсон ч шүүхээр хэрэг нь шийдэгдэхгүй явсаар буй. Иймд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулиар орлуулж, шинээр батлах зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ. ХЗДХЯ олон улсын практикийг судалж, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарч ажилласан байна.

ХЗДХЯ Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийн төсөл боловсруулж, удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

“ҮНДЭСНИЙ ТҮВШИНД ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАЖ БУЙ 6 ЗҮЙЛИЙГ ГАРГАЖ ИРСЭН”

Эдийн засгийн хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр "Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарт хэрэгжих нь" сэдэвт илтгэл тавив. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого” үндэсний төвшинд хөгжлийг хязгаарлаж буй зургаан зүйлийг гаргаж ирсэн. Бид аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр хүргэх, тээвэр ложистикийн сүлжээ, түүнийг дагасан эдийн засгийн коридорууд, мөн бүтээгдэхүүн хүлээж аваад, хөрш орон руу гаргах боомт, түүний цаана байгаа гео эдийн засаг, геополитик, хөрш орны эрэлт хэрэгцээг дэмжих инженерийн дэд бүтэц, эрчим хүч энэ бүх зүйлийг уялдаатай хийж байж “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжинэ гэсэн үндсэн концепцтой. Хөгжлийг хязгаарлаж буй гол зүйлүүд юу байна вэ гэдгийг эхлээд олоод, үе шаттайгаар устгаж явснаар цаашид тэргүүлэх чиглэлд тулгуурласан хөгжлийн бодлого хэрэгжих суурь тавигдах юм” гэв.

51:49-ИЙН МАРГААН ЭЦЭСЛЭН ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА

"Эрдэнэт үйлдвэр"-ийн тодорхой хувийг хувийн болгох Засгийн газрын тогтоол байдаг ч одоохондоо хэрэгжээгүй байгаа талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэллээ. Түүний хэлснээр, 51:49-ийн маргаан эцэслэн шидэгдээгүй байгаа аж. Хэдийгээр төр 100 хувь мэдэлдээ авсан ч суутган тооцох асуудал дээр Сангийн сайдаар ахлуулсан нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж буй юм байна. Энэ асуудал эцсийн байдлаар шийдэгдсэний дараа цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийг аж ахуйн тооцоотойгоор нь явуулах уу, компаний засаглалаар ХК, эсвэл ХХК гэж явах уу гэсэн асуудал хүссэн ч хүсээгүй ч хөндөгдөж таарах аж. Тиймээс тэрбээр үүнийг цаг хугацааны асуудал гэж ойлгоорой гэв.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Эрдэнэт үйлдвэр” олон нийтийн оролцоотой компани болох ёстой гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хувьцаат компани болох тал руугаа явна гэсэн үг. Олон нйтийн оролцоотой, олон нийтийн хяналттай компани байх ёстой гэж үзэж буй аж.

Б.Цэнгэл хэлэхдээ “Бид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцүүлээд аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгосон. Гаргалгаа нь тийм байсан. Цаашид олон улсын зах зээл дээр, дотоод гадаадад ч нээлттэй хэлбэрээр хувьцаат компани болгоно. Тухайлбал, Хөрөнгийн биржээр дамжуулаад, "Эрдэнэт"-ийн тодорхой хувьцааг олон нийтэд санал болгох асуудлыг нээлттэйгээр авч үзэх бүрэн бололцоотой. Энэ дээр Засгийн газар тодорхой бодлого гаргаад явна гэж ойлгох хэрэгтэй.

2020 оны жилийн эцсийн байдлаар манай эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, логистик, харилцаа холбоо, банк, санхүүгийн зэрэг салбарт 106 төрийн өмчит компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байгаа статистик бий. Тэд улсын төсвийн орлогын 20 орчим хувийг буюу 2 их наяд гаруй төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЧАА ТЭЭВЭР 6.43 САЯ ТОННД ХҮРЧ ӨСЧЭЭ

Covid-19 цар тахлын үед агаарын тээврийн салбар хамгийн их алдагдалд орсон. Тээвэр логистикийн хөгжлийг хурдасгах, энэ хүрээнд гараад буй хязгаарлагч хүчин зүйлүүдийг тодорхойлжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням хэлэхдээ “2021 онд манай зам тээврийн салбарт нэлээн хүндрэл бэрхшээл тулгарсан. Статистик мэдээгээр, авто тээврийн салбар 17.9 сая тонн ачаа тээврээр буурсан үзүүлэлттэй, төмөр замын салбарт 31.19 сая тонн ачаа тээврийн өсөлттэй гарсан. Төмөр замын салбар улс орны стратегийн салбарын үүргээ гүйцэтгэж ажилласан. Агаарын тээврийн салбар ачаа тээврийн хүрээнд 6.43 сая тоннын өсөлттэй ажилласан. Агаарын тээвэр зорчигч тээврийн хүрээнд бууралттай. Карго тээврийн хүрээнд бага зэргийн өссөн үзүүлэлттэй гарсан” гэж мэдээлэв.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ӨЧИГДӨР-ӨНӨӨДӨР-МАРГААШ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Дэлхийн жишиг-Монголын бахархал” гэсэн алсын хараатай ажиллаж байгаа аж. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд технологийн, техникийн, нийгэм хүний хөгжлийн бодлого, байгаль орчны бодлого, эдийн засаг, санхүү-бүртгэлийн бодлого гэсэн таван бодлого гаргажээ. Үйлдвэрийн орлого жилээс жилд өссөн байна. 2016 онд 126 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2021 онд хамгийн их цэвэр ашиг олжээ.

Техник тоног төхөөрөмжийн 80 орчим хувийг шинэчлэх шаардлагын хүрээнд 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд нийт техник, тоног төхөөрөмжийнхөө 30 хүртэл хувийг шинэчилсэн байна.

ЦАЛИНГАА 65 ХУВИАР, АХМАДУУДЫНХАА НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙГ 1.5-2 ДАХИН ХУВИАР НЭМЖЭЭ

Валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд экспортын гэрээг аль болох сайжруулах, Монгол Улсад ашигтай байх чиглэлээр ажиллажээ. Үүнийхээ үр дүнд таван жилийн хугацаанд 128 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

“Эрдэнэт үйлдвэр” нэг ч минут, нэг ч цаг зогсох ёсгүй. Яг  амьд амьтны зүрх шиг ажиллах горимтой” гэж Х.Бадамсүрэн захирал итгэлдээ онцлон дурдсан юм. Тэр утгаар дулааны станцын өргөтгөлийг хийж, хүчин чадлаа 51 мвт болгосноор өөрийн болон төвийн эрчим хүчний найдвартай ажиллагаанд бодит хувь нэмэр оруулжээ.

Тус үйлдвэр цалингаа 65 хувиар, үйлдвэрт ажиллаж байсан ахмадууддаа нэмэлтээр олгодог тэтгэврийн хэмжээг 1.5-2 гаруй дахин хувиар нэмсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” төрийн бодлоготой адил мөнгөний бодлого явуулж байгаа нь үр дүнгээ өгч буй аж. Хуримтлагдсан авлагуудаа бүгдийг нь авчээ. Жишээлбэл, Балхаш Минскийн 20 сая ам.долларыг авч, бүтээн байгуулалтад зарцуулж буй аж. "Стандарт банк"-нд төлөх өр төлбөрийн хэмжээ 2019 онд 129 сая ам.долларт хүрчээ. Хуулийн хүрээнд бүх боломжит арга хэмжээ авсны үр дүнд 40 сая хүртэл буюу гурав дахин бууруулж төлж барагдуулжээ. Ийнхүү гадаад талын бүх асуудлыг цэглэсэн байна.

Засгийн газар дээрх 40 сая ам.доллараа буруутай этгээдүүдээс олж авах үүрэг даалгавар өгсний дагуу ажил хийгдэж буй юм байна. Анхан шатны шүүхээс 140-өөд сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-т олго гэсэн шийдвэр гарсан, эцсийн шатандаа хараахан хүрээгүй байгаа аж. 2019-2021 он хүртэл төрийн өмчийн үйлдвэрийн газар болж, гадаад, дотоодын бүх зээлээ тэглэж чадсаны дүнд зээлийн хүүгийн дарамтгүй ажиллажээ.

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖЛУУД

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, одоогийн ажиллаж буй үндсэн үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэчлэх чиглэлээр 8 төсөл хэрэгжүүлэх бол дэд бүтцийн чиглэлээр 3 төсөл, нийгмийн хариуцлагын хүрээнд 6 төсөл хэрэгжүүлэх нь. “Эрдэнэт үйлдвэр” цааш 70 жил ажиллах нөөцтэй болсон тул геологи, хайгуулын ажлыг 3 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Нэгд, Эрдэнэт овооныхоо хил хязгаарт хайгуул хийх, хоёрдугаарт, стратегийн ач холбогдолтой ордынхоо ойр орчимд буюу 60 км-ын радиуст ажил хийх аж.

Өмнө нь тус үйлдвэр геологи хайгуулын ангитай байснаа экспедиц болгожээ. Тиймээс Монгол Улсын бүс нутаг, хэрэгтэй газарт мэргэжлийн өндөр түвшинд геологи, хайгуулын ажил хийх бөгөөд гол нь нөөцөө өсгөхийн төлөө ажиллахаар төлөвлөсөн байна.

Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх юм байна. Энэ ажлыг хийснээр хүдэр олборлох өөрийн өртгийг 20 хүртэл хувиар бууруулах зорилт тавьжээ. Мөн баяжуулах фабрикийнхаа хүдэр хүлээн авахаас эхлээд хаягдлын цэг хүртэлх бүх дамжлагад өргөтгөл шинэтгэл хийх аж. Ингэснээр хүдэр боловсруулах өөрийн өртгийг 10 хүртэл хувиар бууруулж чадна гэж тооцжээ.

Энэ бүхний үр дүнд “Эрдэнэт үйддвэр”-ийн жилийн зардлыг 40 сая ам.доллараар бууруулах тооцоо хийсэн байна. Мөн хүдэр боловсруулах хэмжээгээ өсгөхөөр төлөвлөжээ.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ
УИХ-Д ӨРГӨН БАРИНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ жил Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа бөгөөд хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Мөн Биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль гээд хоёр шинэ, мөн хоёр хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж буй талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа танилцуулав.

Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого дээр 3 зорилт, 11 арга хэмжээ тавигджээ. Эхний асуудал тусгай зөвшөөрлийг шилэн, ил тод болгох асуудал. Ингэснээр эрдэс баялгийн нөөцийг арвижуулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Улсын тусгай хамгаалалттай болон хязгаарлалттай талбайнуудад эрэл, үнэлгээний ажил хийх, ямар нөөц баялагтайг мэдэх асуудал яригдах нь. Мөн “Эрдэнэт үйлдвэр” технологийн парк, Зэс боловсруулах үйлдвэр, Катодын зэс үйлдвэрлэх асуудлууд сэргэлтийн бодлогод тусгагджээ. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд тээвэрлэх, дамжуулах хоолойн асуудал, гангийн томоохон төслүүдийн асуудал ч бий аж.

Засгийн газраас өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл технологийн паркийн 11 тусгай зөвшөөрөл олгосон байдаг бол УУХҮЯ-наас Дархан-Уул технологийн парк, “Эрдэнэт техно” парк, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Уул уурхайн металлург, химийн үйлдвэрлэл, технологийн парк гэсэн гурван тусгай зөвшөөрөл олгожээ. Эрх зүйн байдлын шинэчилсэн найруулгын төслийг 6 бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулсан байна.

COVID-19-ИЙН УЛМААС ОРОЛЦОГЧГҮЙ ТЕНДЕРИЙН ТОО 300 ДАВСАН”

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагвын хэлснээр, зарласан тендерийн тоо давхардсан тоогоор 2020 онд 1772, 2021 онд 1542 байжээ. Covid-19-ийн нөхцөл байдал, бараа материалын тасалдлын улмаас оролцогчгүй тендерийн тоо 300 давсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” Монгол Улсад хамгийн олон тендер зохион байгуулдаг. Жилдээ 52810 хүн цагийг 2020 онд, 2021 онд 44469 хүн цагийг тендер зохион байгуулах буюу худалдан авах ажиллагаанд зарцуулжээ.

Мөнгөн дүнгээр илэрхийлбэл энэ нь тэрбум төгрөг бөгөөд цалин хөлс гэх мэт бүх төрлийн зардал гарсан байна. 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогод шилжүүлжээ. Өмнө нь зургаан бүтцийн нэгжээр худалдан авах ажиллагаа явагддаг байсан аж.

Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор энэ тогтолцоог нэг цонхны бодлогод шилжүүлж, тендер шагаруулалтыг tender.gov.mn цахим системд 100 хувь байршуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах хуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй юм байна. Нэг цонхны бодлого хэрэгжсэнээр олон давуу тал гарсан бөгөөд төлөвлөгдсөн бараа, материалуудыг хугацаанд нь нийлүүлэх боломж бүрдүүлэх, хэвийн жигд найдвартай ажиллагааг хангах үндсэн сууриуд тавигджээ.

 ЭРДЭС БАЯЛГИЙН НӨӨЦ ӨСГӨХ ТӨСЛИЙГ 2031 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэлэхдээ “Бид гурван таван жилийн төлөвлөгөө боловсруулж, гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэгдүгээр үе шат буюу 2017-2021 оны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлж дууссан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ажлаа тайлагнасан, хангалттай сайн хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Хоёр дахь таван жилийн төлөвлөгөөг боловсруулж буй энэ цаг мөчид өнөөдрийн чуулган зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

Эхний таван жилийн хугацаанд хэрэгжүүлж, үргэлжлүүлж буй томоохон төслүүдийн эдийн засгийн үр нөлөөний талаар товч танилцуулъя. Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөлд нийт 80.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 2031 он хүртэл хэрэгжүүлэхээр бид төлөвлөсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн насжилтыг 60-70 жилээр уртасгаж, энэ хугацаанд бид 123 их наяд төгрөгийн борлуулалтын орлого хийж, улс орон нутгийн төсөвт 47 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой нөөц баялгийг шинэчлэн тогтоож чадсан.

Дараагийн гурван төсөл бол ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, эмульсын тэсрэх бодисын төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл шинэтгэлийн төсөл юм. Эдгээр төслүүд 2020-2022 онд хэрэгжих ёстой. Баяжуулах фабрикийн төслүүд дөрвөн үе шаттай хэрэгжинэ. Үүнд бид 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн, өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 65-80 хувтай байна.

Засвар мехникийн заводын засвар шинэчлэлийн өргөтгөлийн төсөл 2019-2031 онд дөрвөн үе шаттай хэрэгжинэ. Бид Засвар механикийн заводаа Монгол Улсын машин механикийн суурь болно гэж төсөөлж, томоор харж, урт хугацааны хөгжлийн бодлогыг төлөвлөөд байна. Импорт орлох бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэлийн суурь болох төсөл юм. Дэд бүтцийн хоёр төсөл 90-95 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж