"Үнэт эдлэлийн худалдаачид татвараас зугтаж, бараагаа нууж байна"

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

"Үнэт эдлэлийн худалдаачид татвараас зугтаж, бараагаа нууж байна"

Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар Гаалийн ерөнхий газраас өнөөдөр/2022.03.14/ мэдээлэл хийлээ.


Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар:

-Гаалийн байгууллага өнгөрсөн 2021 онд хууль зөрчиж, худал мэдүүлсэн, үнэ, тоо хэмжээг дарагдуулсан 933 удаагийн зөрчлийг илрүүлж, улсын төсөвд 2 тэрбум 772 сая төгрөгийг татварыг нөхөн төлүүлж, 1.6 тэрбум төгрөгийн торгууль, шийтгэлийг ноогдуулсан. Илрүүлсэн зөрчлийн 80 хувь нь улсын хил рүү орох чиглэлд, 15 хувь нь гарах чиглэлд үйлдэгдсэн. Зөрчилд холбогдсон субъектуудын 55 хувь нь зорчигч буюу иргэн. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллагын хэмжээнд 192 зөрчил илрүүлж, 251.3 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 450 сая гаруй төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх буудал дээр 60 зөрчил илэрсэн нь бүгд гаалийн болон бусад татвараас зайлсхийх байсан. Тус гаалийн газрын илрүүлж буй зөрчлийн 64 хувь нь орох, 36 хувь нь гарах чиглэлд тус тус үйлдэгдсэн.  Турк улсаас Монгол руу чиглэсэн бараа, зорчигч эргэлт нэмэгдсэн. Гэвч үүний дагуу хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны хууль бус эргэлт нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш бид дөрвөн удаагийн мансууруулах бодис, хорт бодис нэвтрүүлэх үйлдлийг илрүүлсэн. Африкаас илгээмж авахдаа мөс нэвтрүүлэх гэсэн тохиолдол бий. Сүүлийн үед үйлдвэрлэгдсэн синтетик хар тамхийг нэвтрүүлж байж болзошгүй учир холбогдох ажлыг хийж байна. Удахгүй тодорхой мэдээлэл хийнэ.

Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын дарга н.Баасандорж:

-Сошиал орчинд тавигдсан бичлэгийн талаар мэдээлэл өгье. Өнгөрсөн долоо хоногт тухайн мэдүүлэгч маань гаальд мэдүүлэхдээ 19.9 тонн 472 хайрцаг ачааг мэдүүлсэн. Энэ сарын 7-ны өдөр мэдүүлсэн. Маргааш нь бүх нийтийн амралтын өдөр байсан. Ингээд бид өнгөрсөн долоо хоногт шалгалт хийсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хажууд хяналт шалгалт хийдэг. Мэдүүлэгч ирэхгүй, ирэхээрээ шалгуулахгүй байсан. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнгөрөгч Баасан гаригт шалгарсан. Одоогоор тус иргэн ирж ачаагаа шалгуулаагүй байна.

Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа:

-Иргэн гаальд бараагаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Сошиалд яваад байгаа бичлэгийн эзэн гаальд бараагаа дутуу мэдүүлсэн. Иргэн Ю-тай холбоотой 307 боодол ачаа шалгахад өнөөдрийн байдлаар 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн. Дахиад 122 боодол ачаа шалгахад ямар тоо хэмжээг гарахыг мэдэхгүй байна. Иргэн Ю лайв хйихдээ “Гаалийн байгууллага иргэдийг хүндрүүлж байна”, “Долоо хоног ачаа шалгалаа” гэж байна лээ. Гэвч шалгуул гэхээр ирэхгүй байна. Гаалийн байгууллага нэг хүний биет шалгалт хийж байна гэж шүүмжлэл дагуулсан. Онгоц буухаар бүх ачааг нь рентгенээр шалгаж, сэжигтэй ачаан дээр үнэрч нохой ашигладаг. Тухайн иргэний ачаа нь анхнаасаа худал мэдүүлсэн байх магадлалтай учир биет шалгалт хийсэн. Гаалийн байгууллага татвар ноогдуулаад нэвтрүүлэх үүрэгтэй. Илт худлаа мэдүүлсэн, зөрүүтэй тохиолдолд зайлшгүй биет шалгалт хийдэг. Үүний үндсэн дээр шалгалт хйиж байгааг ойлгох хэрэгтэй. Улсын төсвийн гуравны нэгийг гаалийн байгууллага бүрдүүлдэг. Он гарснаас хойш ачаа барааны онгоц долоо буусан. Бусад нь зорчигчийн онгоц. Бүгдэд дээр нь хяналт шалгалт хийсэн. Бараагаа дутуу мэдүүлсэн, нуусан тохиолдолд бид хяналт шалгалт хийхээс өөр сонголт байхгүй. Магадгүй энэ дотор ирээдүйд минь аюул учруулах хар тамхи, алт, үнэт эдлэл, түүхийн ховор олдвол байж, гарч эсвэл орох эрсдэлтэй. Тухайн иргэн 22 мянган ам.доллар буюу 66 сая төгрөгний бараагаа авчирсан гэсэн. Ингээд шалгахаар 330 сая төгрөг байсан. Бараагаа нууж, үнийг нь дардаг. Өнөөдөр тухайн иргэнийг ирээрэй гэсэн. Гэвч ирээгүй л байна. Ингээд шалгалт хойшлоод байна.

-Дан алт илрүүлэх технологи бий юу?

-Манай тоног төхөөрөмжүүд бүрэн ажиллаж байгаа. Металл илрүүлэх бүрэн боломжтой. Мөн хар тамхи илрүүлэх боломжтой. Рентген ухаалаг төхөөрөмж боловч барааны тоо хэмжээг гаргаж ирдэггүй. Тиймээс биетээр шалгалт хийсэн.

-Алт, мөнгө яг илэрсэн юм уу?

Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар:

-Гаалийн байгууллага иргэн Ю-ийн бүрдүүлэлт хийсэн ачаанаас алт, үнэт эдлэл илэрсэн гэх албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Хяналт, шалгалт дуусаагүй байна. Эхний удаад багахан зөрчил илэрсэн. Удахгүй тодорхой мэдээлэл хийнэ. Нийт илэрч буй холбогдогчийн 95 хувь нь монгол иргэд байгаа.

Зорчигч өөрт байсан дэлгүүрийн тороор алт, үнэт эдлэлээ багласан байсан.

Алт, үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид татвараас зугтааж, бусдад дамжуулах, нуух зэрэг үйлдлүүд гарч байгаа. Сүүлийн таван сарын байдлаар 10 удаагийн зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгаж, 335.2 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 167 сая төгрөгийн татвар ноогдуулсан. Хамгийн сүүлийн байдлаар Турк-Улаанбаатар чиглэлийн зорчигч алт, үнэт эдлэлээ нисэх буудлын бие засах газар нууж, бусдад дамжуулахыг оролдсон.

-Электрон тамхины хяналт шалгалт?

Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа:

-Электрон тамхийг нэвтрүүлэхийг хориглосон зохицуулалт байхгүй. Хүүхэд залуучуудын хэрэглээ өндөр гэж байна. ДЭМБ-аас хэрэглээг нь хязгаарлаач гэсэн зөвлөмж ирсэн. Албан ёсоор хориглосон зохицуулалт байхгүй. Тамхины хяналтын тухай хуулийн төсөл яригдаж байгаа. Үүн дээр гаалийн байгууллага саналаа өгсөн. Татварыг нь нэмэх эсвэл хориглох талаар саналаа өгсөн. Жилдээ 1.2-1.3 сая орчим тоо хэмжээгээр нэвтэрч байгаа гэх үзүүлэлт байна.

Замын-Үүдийн боомтоор 520 тонн тахианы мах орж ирсэн. Лаборатори шинжилгээ хийхэд асуудалгүй байсан. Ингээд эргэлтэд чөлөөт оруулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж