Орос улс Хятадаас цэргийн тоног төхөөрөмжийн тусламж хүссэн тухай “Financial Times” болон “Washington Post”-оос өчигдөр /2022.03.13/ мэдээллээ.
Украин дахь түрэмгийллээ "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэсэн Орос улс болон хүний эрхийн асуудлаас болж дэлхийн анхаарлыг татаад буй Хятад хоёр барууны орнуудын хүчтэй шахалтанд өртөөд байгаа билээ. Тиймээс тус улсууд нь хамтын ажиллагаагаа улам нягтруулах төлөвтэй байна. Хятад улс Оросын түрэмгийллийн талаар эсэргүүцсэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалсан.
“Вашингтон Пост” сонинд мэдээлснээр, уг зэвсгийн хүсэлтэнд Хятад улс ямар хариу өгсөн нь тодорхойгүй байгаа аж. Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пенгю “Оросоос цэргийн тусламж хүссэн тухай би огт сонсоогүй” гэв. Мөн тэрбээр Украины нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, “Хятад улсаас Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн, цаашид ч үзүүлэх болно” гэжээ.
Түүнчлэн, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнөөдөр /2022.03.14/ Ром хотноо Хятадын дээд дипломатч Ян Жечитэй уулзана гэж Цагаан ордноос мэдэгдсэн. Жейк Салливанаас гадна төрийн департментын хэд хэдэн албаны хүмүүс уг уулзалтанд оролцох аж. Тэд Орос Украины дайн бүс нутаг, дэлхийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцах юм.
Эх сурвалж: REUTERS, HINDUSTIAN TIMES
Холбоотой мэдээ