-Монголчуудын амьдралын хэв маягт аялан жуулчлах гэдэг шинэ цэс хэдийнэ бий болжээ. Ганзагын наймаагаар гадаа ертөнцтэй танилцаж байсан монголчууд өдгөө үр хүүхдүүдээ гадаадад сургаж, өвөл, зуны амралтаа гадаадад аялан өнгөрүүлж, амьдралын сайхан нь уулзалтад, ахиулаад бодвол аялалд оршдгийг ойлгон танижээ. Одоо л аялахад сайхан хавар цаг шүү дээ…-
Монгол Улсын иргэн бүр гадаад паспорт эзэмшин хилийн чинадад эрх чөлөөтэй зорчих болсон сүүлийн 30 жилийн хугацаанд бидний амьдралд шинээр нэвтэрсэн хэв маягийн нэг нь “аялан жуулчлал” билээ. Гадаад, дотоодод явна гэдгийг хуучны цагт бол “албан ажлын томилолт” хэмээн төсөөлдөг, бас тэр боломж нь хүн бүрт олдоод байдаггүй завшаан байсан хуучны цагийг өнөөдөр бид мартах дөхжээ. Албан ажлаар, дарга нар голдуу гадаад руу зорчдог байсан цаг өөрчлөгдөж ерээд оноос монголчууд бүгд шахам “ганзагын наймаа”-нд мордсон сон. Гадаад явах нь ганзагын наймаа болон хувирлаа. Гахай зөөн ганзагын наймаа хийцгээж, амьдрал ахуйгаа босгоцгоосон бүхэл бүтэн үеийнхэн бидний дунд бий. Гэвч бүх л зүйл өөрийн цаг хугацаатай. Ганзагын наймааны эрин үе дуусаж, дотооддоо үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, бүр цаашлаад үйлдвэр байгуулж, бүтээн байгуулалтад ханцуй шамлан шамдацгаах цаг үе бас ирсэн юм.
Хөлс хүч, хөдөлмөр бүхэн өөрийн шагналтай байдаг. Монголчууд нэг л мэдэхэд гадаадад явна гэдгийг ганзагын наймаагаар төсөөлөхөө болиод гадаадад явна гэдгийг аялал, аяллыг амралт гэж үздэг болжээ.
Орон гэрээ засаж, улс орноо төвхнүүлэхэд шамдсан монголчуудын мөнгөн хуримтлал өдгөө 18 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ бол банкин дахь нийт хадгаламжийн хэмжээ бөгөөд ковид цар тахал дэгдсэн 2019 оноос хойш даруй 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдсэн байх аж. Уг нь цар тахлын үеийн эдийн засгийн бодлогын хүрээнд хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэх арга хэмжээ авсан ч иргэд банкнаас мөнгөө татах биш, харин ч хуримтлалаа нэмж байсан дүр зураг харагдана.
Дэлхий даяар аялан жуулчлал зогсож, онгоцууд далавчаа хумин зогсоолдоо эгнэн байрласан энэ гурван жилд монголчуудын аяллын зардал банкны хуримтлалыг нэмэгдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Иргэд энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийн салбар, хувьцааны зах зээл рүү их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, мөнгөө өсгөх бусад эх үүсвэрийг ч хайж байсны нэг хэсэг нь койн, крепто валют гэх зэрэг шинэ үзэгдлүүд байлаа.
Энэ дунд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид иргэдийн хөрөнгө оруулалтад өгөөж буюу хүү тооцон олгох санхүүгийн шинэ хэрэгслийг ч бий болгож байлаа. Үүний жишээнд Яармагт баригдаж буй “Актив гарден” резиденс төсөл орон сууцны захиалга өгсөн иргэдийн төлбөрийн хэмжээнээс үл хамааран барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд сарын 1.2 хувийн хүү тооцон олгож буй шинэ хэлбэрийг нэрлэж болно. Та банкны зээлээр худалдан авч байгаа бол банкны хүүг буцаан өгч байна гэсэн үг. Харин одоо байрны урьдчилгаа 30%-н төлбөрөө төлсөн эхний 15 захиалагчиддаа аялалын эрх бэлэглэх хөтөлбөр зарлажээ.
Аяллын маршрут энэ удаад Турк, Тайланд, Дубай…
Урт хугацааны хөл хорионы дараа онгоцонд суух хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг болов уу. Хэрэв онгоцонд автобусных шиг арын цонх гэж байдаг бол хойно үлдэж буй уртаа гэгч цагаан замыг харахсан… Замгүй тэнгэрийн уудамд ардаа зам үлдээн нисэж буй онгоц бидний өмнө очиж үзээгүй шинэ газар орон, хот сууринд газардах мөч бас л сайхан. Танил бус үнэр, агаар салхи, танихгүй хүмүүс. Энд та зочны ёсоор угтуулж, буцан буцталаа дайлуулж, хүндлүүлж, хамаг ажил, асуудлаа мартах болно.
Бусдын засч бэлдсэн оронд унтаж, бусдын зэхэж чанасан хоол идэж, өглөө босоод хөнжлөө хааш яйш шидсэн чигтээ буудлаасаа гараад явж болно. Өдөржин аялан зугаалж яваад ирэхэд үйлчлэгч өрөөг чинь цэмцийтэл цэвэрлэж, чемодан савыг цэгцэлж янзалсан байх болно. Энд өнөөдөр танд ажил гэж байхгүй, өрсөн шийдвэрлэх проблем гэж үгүй, ар гэртээ санаа зовлоо ч алсад үлдсэн хойно яах билээ? Аялал, амралтын сайхан нь үүндээ л байдаг болов уу.
Гадаадад очихоор стресс алга болчихдог гэж ч манайхан ярилцдаг. Амьдарч биш аялаж яваа хүнд чухамдаа тийм л мэдрэмж үлдэх ёстой билээ. Адал явдал, танин мэдэхүй бол таны аяллын нэг хэсэгт заавал байх ёстой зүйл. Шинэ газар орны түүх, тухайн улс үндэстний зан заншил, уламжлал, амьдрахуйн хэв маягийг танин мэдэж, эх оронтой харьцуулан жиших, ижил ба ялгаатай талыг нь ойлгон мэдрэх гэдэг сэтгэл, сэтгэлгээг тэлж байдаг. Тийм ч учраас монголчууд “юм үзэж, нүд тайлах” хэмээн хэлэлцэж, “агтны бийд газар үзэж, аавын бийд хүнтэй танилцах”-ыг чухалчилж иржээ.Энэ бол яв, аял, үз, танилц, суралц, ухаар гэсэн сургааль билээ.
Монголчуудын амьдралын хэв маягт аялан жуулчлах гэдэг шинэ цэс хэдийнэ бий болжээ. Ганзагын наймаагаар гадаа ертөнцтэй танилцаж байсан монголчууд өдгөө үр хүүхдүүдээ гадаадад сургаж, өвөл, зуны амралтаа гадаадад аялан өнгөрүүлж, амьдралын сайхан нь уулзалтад, ахиулаад бодвол аялалд оршдгийг ойлгон танижээ. Одоо л аялахад сайхан хавар цаг шүү дээ…
Холбоос: shorturl.at/gmAD6
Холбоотой мэдээ