Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам монголчуудыг "тэжээнэ”

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам монголчуудыг "тэжээнэ”

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам монголчуудыг "тэжээнэ”

Дорнын цэнхэр талд бүтээн байгуулалтын салхи сэвэлзэж, зах нь үгүй  говьд төмөр зам зурайна, галт тэрэг давхина. Экспортын шинэ гарц болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 километр төмөр замаар “Оюутолгой”-н зэсийн баяжмалыг туршилтаар  тээвэрлэж эхэлжээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын “ам гарсан” уг төсөл ийнхүү товлосон хугацаандаа ашиглалтад орсон нь энэ аж. "Оюутолгой" компанийн олборлосон баяжмалыг Тавантолгойгоос Сайншанд руу холбож Замын-Үүд боомтоор гаргаад байна.

2022.03.11 Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын туршилтын тээвэр…

Төмөр замын 111 дүгээр километр дэх шинээр төлөвлөсөн өртөөнөөс үргэлжлүүлэн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр замын барилгын ажил эхэлжээ. Дорноговь  аймгийн Хатанбулаг сумын нутаг хилийн Ханги боомт хүртэл үргэлжлэх уг хөндлөн төмөр замын хөдөлгөөнийг ердөө хагас жилийн дотор нээхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амлав. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй хоёр дахь томоохон төсөл бол Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр хувийн түншлэлээр эхлүүлж хагас жилийн дотор ашиглалтад оруулах томоохон зорилгыг дэвшүүлж байна.

Ханги-Мандал бол Гашуунсухайт-Замын-Үүд боомтын яг голд нь байрлаж буй боомт.  Эл төмөр зам бол төрийн олон жил төлөвлөсөн стратегийн шинэ гарц гэж ойлгож болно.

Учир нь бидний хувьд зөвхөн Баяннуур дахь гангийн компаниудтай холбогддог байсан бол уг төмөр замыг ашиглалтад оруулснаар 262 километрт байрлах Бугат хот буюу гангийн үйлдвэрлэгчидтэй холбогдох боломжтой. Товчхондоо, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго нь эдийн засагт эргэлдэж буй 40-50 их наядыг 150-200 их наядад хүргэх явдал. Ингэснээр эдийн засгийн суурь тэлж бусад томоохон зорилтуудад хүрч чадна” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Ханги-Мандал боомт хоёр дахь Гашуунсухайт, хоёрдахь Замын-Үүд болно гэж эрх баригчид үзэж байна. Учир нь, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлснээр улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. Энэ нь боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болно гэсэн хүлээлт бий.

Ерөнхий сайд тэргүүтэй Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлснийг  мэдэгдэж, замын үет бэхэлгээг хийсэн билээ.

Эл төмөр замыг урьдчилсан байдлаар, 1520 мм-ийн өргөн царигтай,  хоёр өртөө, зургаан зөрлөг, удирдах хэвгий 6/9, хамгийн бага радиус 1200, есөн хос галт тэрэг нэвтрүүлэх чадватай, 20 сая хүртэл тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий гуравдугаар зэрэглэлийнх байхаар тооцож байгаа.  Цаашид хүчин чадал 20 сая тонноос илүү байх боломжтой хэмээн тэд үзэж байгаа юм.

Гэсэн ч уг төмөр замыг эдийн засгийн үр ашиг талаас нь харвал нарийн царигаар холбосон бол илүү ач холбогдолтой. Үүнийг ч мэргэжилтнүүд сануулж, салбарынхан нь ч санал нэгдэх нь бий. Уг нь хоёр дахь Гашуунсухайт гэж тодотгоод буй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нарийн царигаар холбох боломж бий. Гэвч мөн л нарийн цариг бус өргөн царигтай байхаар төлөвлөжээ. Энэ талаар салбарын сайд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

ТӨМӨР ЗАМ ӨРГӨН ЦАРИГТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨСӨН

Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 

 -Монгол Улс төрийн бодлогын баримт бичгээр нэг царигтай байхаар тусгасан. Одоо бол нарийн цариг гэсэн ойлголт бидэнд байхгүй. Амьдрал баян учраас цаашид үйлдвэрлэлийн болон боомтын чиглэлд нарийн царигтай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам бол өргөн царигтай байна. Үүнийг 2010 онд УИХ-аас баталсан төрөөс төмөр замын талаарх баримтлах бодлогын баримт бичигт маш тодорхой тусгасан. Одоо ашиглаж буй төмөр замын салаалсан бүх төмөр зам 1520 мм буюу өргөн царигтай байна гэж заасан.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь галт тэрэг зогсч байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаас салаалсан учраас өргөн царигтай байх юм. Уг төмөр замыг зургаан сарын дараа ашиглалтад оруулна гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Ийм богино, давчуу хугацааг хэлж байгаа нь трассын хувьд бид судалсан,  говийн бүсэд замын хэвгий харьцангуй сайн.

Төмөр замын трасс өмнөхүүдтэй харьцуулахад ажиллагаа багатай. Ханги чиглэл рүү уруудаж байгаа тул хүнд жинтэй галт тэрэг явуулахад зардлын хувьд харьцангуй бага байх давуу талтай. Эдийн засгийн талаас нь авч үзвэл, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар 20 сая тонн хүртэл уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Цаашид 6 зөрлөгийг 8-12 болгосноор 20 сая тонныг 35 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Энэ бол хоёр дахь Гашуунсухайт болох юм. Энэ замаар цаашид транзит тээвэр явахыг үгүйсгэх аргагүй.

Газрын хэвгийн сайн учраас энэ бүс нутаг дахь уул уурхайн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж эхэлбэл дараагийн ээлжид хоёр замтай болж өргөжихийг ч үгүйсгэхгүй. Ийм том ирээдүй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хүлээж байгаа учраас төмөр замын төслүүдээс хамгийн үр ашигтай нь.

Тиймээс богино хугацаанд барихаар төлөвлөж байна. Магадгүй хүмүүс итгэхгүй. Дарханы замыг гурван жил барьчхаад төмөр замыг зургаан сарын дотор барина гэдэгт гайхах болов уу. Гэхдээ бүтээн байгуулалт ирэх аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сард туршилтын тээвэрлэлтээ эхлүүлэх болов уу гэсэн итгэл байна гэсэн юм.

Цаасан дээрх төсөл, мөрөөдөл ажил хэрэг болж говьд “овоолсон шороо” төмөр зам болох эхлэл тавигдсан ч өнөөгийн нөхцөлд экспорт үндсэндээ “тэг” зогсоод байна. Өмнө нь өдөртөө л 2000 гаруй тээврийн хэрэгсэл хилээр гардаг байсан бол одоо дээд тал нь 150-аас хэтрэхгүй. Улсын төсөв, цалин тэтгэврийн гол эх үүсвэр болсон  эдийн засгийн зүрх нь цохилох төдий,  нүүрсний экспорт нь зогсонги шахуу байгаа нь нууц биш. Нөгөө талаар, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын эдийн засгийн үр ашиг, ач холбогдлыг төрийн эрхийг баригчид гайхан шагширцгааж, ам амандаа л уралдаж магтаж байна. Угтаа бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаас илүү үр ашигтай болохыг ч мэргэжилтнүүд бас онцолдог билээ. Энэ асуудалд Сангийн сайдын зүгээс “Аль ч төмөр замын бүтээн байгуулалт үр ашигтай” гэсэн байр суурь илэрхийлж байв.

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙН СТРАТЕГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-Хилийн боомт түгжирсэн үед  экспортыг үргэлжлүүлэх гол тээврийн сонголт төмөр зам. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги-Мандал зэрэг чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүгд л шат дарааллын дагуу үргэлжилж байна. Үр ашгийн тухайд бүгд л ижил.  Жишээ нь, сүүлийн хоёр жил бүтээн байгуулалт нь үргэлжилсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх долдугаар сард ашиглалтад орвол Тавантолгойн нүүрс олборлолтыг эхлүүлэх боломж нээгдэнэ.

Одоогоор Цагаанхаданд овоорсон нүүрстэй тул олборлолтоо эхлүүлж чадахгүй, АМНАТ-ын орлого зогсчихоод байна. Иймд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор АМНАТ-ын орлогоо нэмэх ч бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг.

Мөн өнөөдрийн байдлаар Замын-Үүд дэх ачаалал их байна. Энэ хүнд үед экспорт, импортыг зогсолтгүй үргэлжлүүлж байгаа нь Замын-Үүд байгаа юм. Иймд эл боомттой өрсөлдөх хэмжээний бүтээн байгуулалт өрнөж байна.  Өнөөдөр Замын-Үүдээр экспорт транзитын өдөртөө 14 цуваа гарах л боломжтой. Энэ ачааллыг Тавантолгой-Зүүнбаян,  Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам хуваалцснаар экспортын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.

Ханги Мандал бол Бугатын үйлдвэртэй хамгийн ойр тул бүс нутгийн хувьд, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Ялангуяа боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажил болох буюу Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замын барилгын ажлыг эхлүүлж байгаа нь бидний хувьд эдийн засгийн стратегийн маш том ач холбогдолтой.

 Уг төмөр замын бүтээн байгуулалтын явцад төдийгүй ашиглалтад орсноор үр өгөөжөө өгнө. Нийт зардлын тухайд, 380 сая ам.долларын ТЭЗҮ-ийн хөрөнгөөр бүтнэ. Үндсэндээ нэг километр нь 1.5-7 сая хүртэл ам.долларын өртөгтэй байх юм. Төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгаа тул улсын төсвөөс бус хувийн хэвшлээс хөрөнгө оруулалтыг шийднэ.

Ерөнхийдөө нэг километрт ногдох эдийн засгийн үр өгөөж харьцангуй ашигтай. Бүтээн байгуулалтаас гадна боомтуудыг бүлэг нүүрсний орд, дэд бүтцээр бүрэн холбосноор боомтын эдийн засгийн бүрэн утга нь гарна хэмээв.

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХАД УЛСААС Ч НЭГ Ч ТӨГРӨГ ГАРГАХГҮЙ

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн-Жининь-Хөт хот-Бугат /1722 км/ гэх тээвэрлэлтийн маршрут Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404 км/ болж багасч байгаа аж. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 388 километрээр богиносч, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах юм байна.

Ханги мандалын төмөр зам бол Бугат руу гарах хамгийн дөт гарц болох юм. Эл замыг барихад Засгийн газраас нэг ч төгрөг гаргахгүй бөгөөд “Монголиан транс лайн”, “Монголиан трасс ложистик” компанийн нэгдэл төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж 20 жил ашиглаад төрд буцааж өгөхөөр концессоор гэрээлжээ.

Энэ талаар “Монголиан транс лайн” ХХК-ийн захирал Б.Баяржаргал хэлэхдээ ”Манай компани концессийн гэрээгээр зураг төсөл боловсруулах, ашиглах шилжүүлэх гэсэн нөхцөлөөр эл бүтээн байгуулалтад оролцож байна. Төслийн нийт санхүүжилт 400 орчим сая доллар. Төслийн эхний хэсгийг өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлээд дарааагийн санхүүжилтийг төмөр замын төслөөс босгоно. Манай компани өмнө нь Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд 130 орчим км төмөр зам барьсан туршлагатай. Одоогийн байдлаар туслан гүйцэтгэгч компанийн 90 орчим инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна” гэв.

Нийт 226.9 километр төмөр замын бүтээн байгуулалтад 32 аж ахуйн нэгж оролцож байгаа аж. Нэг компани хамгийн бага нь дөрвөн км ба түүнээс дээш 10 км зам барихаар гэрээлжээ.

Төмөр замын үеийг Улаанбаатараас заримыг нь Хятадаас авахаар төлөвлөсөн аж. Энэ онд багтааж төмөр замын дээд доод бүтэц буюу далан хоолой, гүүр, ул шороо, буталмал чулуун чигжээс зэргийг гүйцэтгэж ирэх онд барилга байшин, дохиолол холбоог ашиглалтад оруулах аж.  Төмөр замын бүтээн байгуулалтын хамгийн том ажил нь ул шороо далангийн ажил байдаг тул техник хүчин чадал сайтай, ажиллах хүчнээ сайтар хангасан тохиолдолд ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд галт тэрэг явуулж утсан харилцаагаар удирдах боломжтой гэж тооцож байгаа юм.

МАЛЧИД: ХОГ ХАЯГДАЛ БАЙГАЛЬ ЭКОЛОГИД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

Төмөр зам дагасан бүтээн байгуулалт нь 1300 орчим ажлын байрыг нэмэгдүүлэхийн сацуу бас байгаль экологи, малчин өрхүүдийн санааг чилээх болжээ. Орон нутгийн иргэдийн зүгээс уг төмөр замын бүтээн байгуулалтыг эсэргүүцэхгүй ч харганаас өөр чимэггүй, онгон зэрлэг шахам газарт нь архи, ундаа, хоол хүнсний элдэв хог хаягдал алаглах болсон гэнэ. Нутгийн уугуул иргэдийн хэлдгээр Хулангийн шанд буюу Мандах сумын дөрөвдүгээр багийн нутаг Сэрвэн баян хошуу  багийн Халзан цав орчмын малчид ийнхүү ярьсан юм. Тэдний төлөөлөл малчин  “Улсын бүтээн байгуулалтыг эсэргүүцэх шалтгаан бидэнд байхгүй.

Гол нь төмөр зам дагасан хүмүүсийн хог хаягдал хаа сайгүй хөглөрч байна. Үүнийг шийдэхгүй бол байгаль орчин, экологийг л бохирдуулна. Энд санаа зовж байна” гэлээ. Түүнтэй адил малчид уг асуудал санал нэгдэж байсан ч төмөр замд мал нь үрэгдэх болжээ. Иймд хашаа хатгах шаардлагатай гэдгийг ч малчид илэрхийлж байсан. Говь учраас тэмээгээ зам дээр алдсан айл ч цөөнгүй байлаа. Энэ талаар аймаг, сумын Засаг дарга нар 98 километр төмөр зам дагасан хашаа татахаар болсон гэнэ. Мөн төмөр зам нь эдийн засгийн үр ашигтай ч байгаль экологид сөрөг нөлөөтэй бүтээн байгуулалтад тооцогддог. Иймд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хамгаалах талаас ч бас мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж судалж байгааг нутгийн удирдлагууд нь хэлж байлаа. Ийнхүү говьд бүтээн байгуулалтын салхи аль хэдийнээ сэвэлзсэн  даруйд монголчууд өөрсдийн төмөр гэсэн үндэсний төмөр замын сүлжээтэй болох эхлэл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж