Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 24-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийг даган гарах журмуудад Санхүүгийн зохицуулах хороо санал авч байгаа. Хуулийн онцлох заалт болон койнтой холбоотой ямар зохицуулалт орсныг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг намрын чуулганаар баталсан. Энэ хуулийн онцлох зүйл заалт нь юу байв. Хуульд койнтой холбоотой ямар эрх зүйн зохицуулалт орсон бэ?
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль арванхоёрдугаар сарын 15-ны өдөр УИХ-аар батлагдсан. Хууль хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн. Хуульд шилжилтийн үеийн зохицуулалтыг нарийн оруулж ирсэн. Тухайлбал, шилжилтийн үеийн зохицуулалт гэдэг нь нэгдүгээрт, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш дөрвөн сарын дараа Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгө үзүүлэгчийг бүртгэнэ гэж заасан. Энэ дагуу ирэх зургадугаар сарын 25-ны өдрөөс бүртгэл эхэлнэ. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй платформ биржүүд бүртгэл эхэлснээс хойш гурван сарын дотор бүртгүүлсэн байх ёстой. Нэг ёсондоо одоо үйл ажиллагаа явуулж буй платформ биржүүд есдүгээр сарын 26-ны дотор бүртгүүлэхийг хуульд тусгаж өгсөн.
-Хэрвээ дээрх хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол койн гаргах эрхгүй гэсэн үг үү?
-Ямарваа нэгэн шалтгаанаар бүртгүүлж чадаагүй, хуулиар тавьж буй шаардлагыг хангаж чадаагүй компаниудын үйл ажиллагаа нь зогсоно гэсэн үг. Мөн энэ хууль зах зээлийг зохицуулсан хууль биш. Зөвхөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу бирж, платформыг зохицуулна. Өөрөөр хэлбэл, койн худалдаж аваах хохирсон гэх асуудлыг зохицуулахгүй. Нөгөө талаас хуулиар бас нэг айхавтар зохицуулалт орсон нь койн буюу олон нийтэд санал болгож байгаа койн, токеныг зөвхөн биржээр буюу платформ дээр гаргана. Ихэнх нь ICO буюу өөр дээрээ гаргаад байна шүү дээ. Тиймээс өөр дээрээ гаргадаг койныг Монгол Улсад гаргахыг хориглосон. Зөвхөн биржээр буюу платформоор дамжуулж гаргана.
Үүнээс гадна Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж авч байгаа нь дараа нь гарсан ямар нэг үр дагаврыг төр хариуцахгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Мөн дээрээс нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үүргийг тодорхой заасан.
-Монголын зах зээл дээр койн арилжаалдаг нийт хэчнээн компани бүртгэлтэй байна вэ. Өнгөрөгч онд иргэд койн гээд нэлээд хошуурсан. Койн аваад хохирсон бол хаана хандах ёстой юм бол?
-Ер нь 2021 оноос онд койны талаарх асуудал Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэгт байгаагүй. Хууль батлагдсанаар бүртгэх, зохицуулах чиг үүрэг орж ирж байна. Нийт 14 удаагийн анхааруулга мэдээллийг иргэдэд зориулж гаргасан. Нэгдүгээрт, иргэдийг койнтой холбоотой үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой байгаарай гэдгийг анхааруулсан. Яагаад гэвэл койны үйл ажиллагаа уламжлалт бус, технологид суурилсан, санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогддоггүй учраас ямар нэгэн даатгал байхгүй, хамгаалалт байхгүй, зохицуулалт хийх боломжгүй. Ханшийн маш өндөр савалгаатай. Жишээ нь нэг төгрөг байснаа 100 төгрөг болоод дараа нь 0 төгрөг болох тохиолдол байна. Яг тэр процессыг олон улсаас анхааруулдаг.
Харин Монгол Улсад койн худалдаж авахаар бол маш болгоомжтой байх хэрэгтэйг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулсан. Анхааруулаад буй гол шалтгаан нь койноо алдсан бол хэн ч хариуцлага хүлээхгүй шүү гэдгийг хэлээд байгаа юм. Магадгүй койн гаргах замаар тодорхой хэмжээний залилангийн систем явахыг үгүйсгэхгүй. Жишээ нь, арилжаа зохион байгуулах зэргээр залилан байх нь олон улсад маш түгээмэл. Үндсэндээ дэлхийд 15 мянга гаруй койн, токен гарсан байдаг. Тэдгээрийн 4-5 хувь нь амжилттай явдаг бол бусад нь нурсан. Санхүүгийн зохицуулах хороо койн гаргагчийг бүгдийг нь бүртгээгүй. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр явж буй мэдээллийг судлаад үзэхэд Монголд 59 орчим койн гарчихаад байгаа юм байна. Гэхдээ бидний мэдэхгүй койн байгааг үгүйсгэхгүй.
-Шилжилтийн үеийн зохицуулалт гэдгийг тайлбарлавал?
-Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд эхлэхэд Санхүүгийн зохицуулах хороо бүртгэгдээгүй бирж болон бүртгэл эхлэх хугацаанд Монгол Улсад аливаа шинээр ямар ч койн, токен, шинээр бирж гарахгүй. Дараагийн асуудал нь ICO буюу жижигхэн платформ буюу шаардлага хангахгүй байгаа койныг хүмүүс авчихсан байгаа шүү дээ. Тэр нөхдүүд хоёр дахь зах зээлийн арилжаа буюу гаргаж амжаагүй байна гэсэн үг шүү дээ.
-Хууль батлагдсанаар Санхүүгийн зохицуулах хороо ямар оролцоотой ажиллаж байна вэ?
-Хуулийн хэрэгжилтийг хангах, түүний дагуу 10-аад харилцааг зохицуулсан журам гаргана. Энэ журам зааврын эхнийх нь боловсруулагдаад санал авах ёстой. Оролцогч талуудын саналыг 30-аас доошгүй хоног санал авах үүрэгтэй. Дараагийн долоо хоногоос олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй этгээд арилжаа хийж болохгүй гэж байна. Хэрвээ тийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Бүгдийг нь бүртгэж чадах уу?
-Зөрчлийн тухай хуулиар маш өндөр хариуцлагатай. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай өөрчлөлт орсон. Нэг ёсондоо бүх зүйл хуулийн дагуу явахаар болж байна. Залилан, санхүүгийн пирамид ажиллах ёсгүй. Койны жишээн дээр хэлэхэд 2021 он бол санхүүгийн хувьд “халуурсан” жил байлаа. Энд нэг ковид, тэнд койн гээд ёстой галзуурсан жил болоо шүү дээ. Койнд хэчнээн хүн ч мөнгө оруулсныг мэдэхгүй. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос зөндөө анхааруулсан. Эхний анхааруулга бол “та эрсдэл гаргавал өөрөө л хариуцна” гэсэн бол дараагийнх нь өөрчлөгдсөн. Жишээ нь хүмүүс жоохон ашиг олоод эхэлсэн чинь дараа нь ах дүү хамаатан, садангаа уруу татаад эхэлсэн. Тиймээс эхний ээлжид та алдсан ч харамсахгүй хэмжээнд ороорой. Алдлаа гэхэд та хэнээс ч нэхэх эрхгүй шүү гэдгийг хэлээд байгаа юм.
Бид нүдээр хараагүй ч зарим хүмүүс авто машинаа зараад койн авсан гэнэ. Дараа нь байраа зараад койн авсан гэсэн яриа гарсан. Энэ бол харамсалтай. Амьдралынхаа үнэ цэнэтэй зүйлийг үгүй хийх эрсдэлтэй алхам битгий хийгээч ээ.
Өөрөөсөө давсан эрсдэл битгий хийгээч ээ гэж зөвлөе. Яагаад гэвэл арилжаа урт хугацаанд хийгддэг. Богино хугацаанд ашиг олоод гарах боломж байхгүй. Гэтэл монголчууд эхэлж орсон нь хождог гэсэн давлагаа яваад хүн бүхэн койн авсан. Хаана очоод зогсохыг хэн ч мэдээгүй. Гарсан үр дагаврыг төр хариуцахгүй гэдэг нь энэ хуулийн концепц юм.
-Монгол Улсад койн арилжаалсан нийт хэчнээн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байна вэ?
-Бидний судалснаар 59 койн зах зээлд гарсан. Харин 23 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу платформ байгаа. Тэднээс зарим нь ажиллаж байна. Хууль батлагдсанаар Санхүүгийн зохицуулах хороо бүх койн гаргагчийг бүртгэх үүрэг хүлээлээгээгүй. Хуульд зааснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч үндсэн таван үүрэг хүлээнэ. Тухайлбал, төлбөр тооцоо хийнэ, гүйлгээ хийнэ, хадгална, удирдана, олон нийтээс хөрөнгө татах ажиллагаа зохион байгуулна. Нэг ёсондоо зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн этгээд явуулах үүрэгтэй.
Холбоотой мэдээ