Төрийн хүнд суртал, авлигыг бууруулъя гэвэл цахим үндэстэн бол!

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Төрийн хүнд суртал, авлигыг бууруулъя гэвэл цахим үндэстэн бол!

Төрийн хүнд суртал, авлигыг бууруулъя гэвэл цахим үндэстэн бол!

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар “их хэмжээний алт, монет” хилээр татваргүй нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Мэдээж ийм зүйл гаалийн шалган дээр өдөр бүр шахуу л болдог үйл явдал. Гэхдээ энэ удаагийнх нь арай илүү хэмжээтэй байсан аж. Гаалийн ерөнхий газар Монгол Улсын хилээр гарч, орж байгаа хүн, бараа, бүтээгдэхүүн гээд бүхий л зүйлд хяналт шалгалт хийх үүрэгтэй байгууллага. Гэхдээ энэ удаагийн их хэмжээний бөгөөд том илрүүлэлтийн өмнө гааль дээр иргэдийн ачаа барааг нэг бүрчлэн гаалийн байцаагчид нь гараар шалгаж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Ингэхдээ олон сар саатсан ачаа бараагаа авах гэсэн иргэдийн барааг нэг бүрчлэн гараар болоод биеэр шалгаж байх юм, гаалийн байцаагчид.  Гаалийн байцаагчид ямар тохиолдолд иргэдийн барааг нэг бүрчлэн шалгадаг вэ. Эсвэл мэргэжлийн шалгадаг, хянадаг зүйл байхгүй учраас гараар шалгадаг уу гэдэг асуулт үүсч буй.

Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалт нь үндсэн ногоон, улбар шар, улаан гэсэн гурван төлөв байдаг гэнэ. Улаан төлөвтэй нөхцөлд 100 хувь шалгалт хийнэ. Ногоон төлөвтэй нөхцөлд бичиг баримтын шалгалт хийнэ. Хориглосон, хязгаарласан бараа оруулж ирэхийг завдсан байж болзошгүй мэдээлэл дээр үндэслэж шалгалт хийдэг аж. Тухайлбал, хар тамхи, буу, сум гэх мэт бараа оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл дээр шалгалт хийж байгаа талаар мэдээлжээ. Тэгэхээр иргэн бүрийн барааг шалгаад байдаггүй, шаардлагатай тохиолдолд шалгадаг гэх мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн хэлжээ. Гэхдээ түүний хэлсэн, иргэдийн ярьсан хоёр зөрүүтэй байгаа юм.

Дан ганц ачаа бараанаас гадна Замын-Үүд-Эрээний боомт дээр ачаа, тээврийн “түгжрэл” үүсчихсэн байгаа энэ үед гаалийн байцаагчид хамгийн их ашиг хонжоо харах болсон хэмээн жолооч нар хэлж буй.  Ядаж байхад Хятадын талаас нь шаардлагаа өндөрсгөж, хэн дуртай нь ачаа, тээвэрлэхээ больж, ачаа тээврийн үнэ 20 саяд хүрсэн нь байцаагчдын шуналыг хөдөлгөсөн хэмээн өнгөрч буй долоо хоногт тэд мэдээлэл хийж, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн.

Энэ мэтчилэн гаалийн байцаагч нартай холбоотой авлигын асуудал үеийн үед яригдсаар ирсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажлаа авсныхаа дараа сүр дуулиантайгаар Замын-Үүдэд очид баахан дарга нарт банга хүртээж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон. Гэвч энэ асуудал замхарч, зарим дарга нар нь өөр алба руу шилжиж, баахан “өөрийн” хүмүүсээ томилсон сураг л дуулдаад өнгөрсөн. Хуульзүйн сайд нь газар дээр нь очоод ч Замын-Үүдийн ачаа тээвэртэй холбоотой авлигын асуудал шийдэгдээгүй байсаар байна.  Хятадын талаас нь танай Замын-Үүд боомт дээр хяналт сул, ер нь дотоод асуудлаа шийд гэдэг шаардлага тавьчихсан энэ үед Гаалийн ерөнхий газар нь ганц нэгхэн хүний гар тээшнээс татвараас бултах гэсэн оролдлогыг илрүүлснээ сүр дуулиантай ажил мэтээр “үзүүлэх тоглолт” хийгээд гаалийн байгууллагын хүнд суртал, бодит байдал, иргэдийн бодол өөрчлөгдөнө гэдэг юу л бол.

Дэлхийн аль ч улс орны хил, гаалийн шалган нь автомат, цахимжсан болсон, монголчуудаас бусад нь гэхэд буруудахгүй биз. Цахимжих хэрээр төрийн албаны хүнд суртал буурч, Хууль зүйн сайд нь очоод тэмцэж чаддагүй авлигын асуудал буурна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа цахим үндэстэн болно гэдгээ зарлаж, бүр Цахим хөгжил, харилцааны яам байгуулчихсан. Одоогоор энэ яам нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сайдгүй, өөр сайд давхар хашиж буй. Яам байгуулагдаж, бүтцээ батлуулсан ч одоогоор энэ яам яг юу хийж байгаа нь нүдэнд харагдаж, гарт баригдсан юмгүй. E-Mongolia төслийн хүрээнд төрийн 500 гаруй үйлчилгээ цахимжсан гэдэг. Мэдээж иргэний үнэмлэхтэйгээ яваа хүнийг заавал нотариатаар баталгаажуулдаг байснаа бодвол сайжирсан, өөрчлөгдсөн зүйл байгаа л байх.

Гэхдээ төрийн хамгийн их хүнд сурталтай, хамгийн их авлига яригддаг хилийн шалганаа, гаалийн байгууллагаа цахимжуулж, орчин үеийн техникээр хангахаас өөр гарцгүй. Цахим үндэстэн шүү дээ, монголчууд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж