Кино урлагийн зөвлөлд сайд "тавиулуудаа" тавих уу?

Хуучирсан мэдээ: 2022.03.14-нд нийтлэгдсэн

Кино урлагийн зөвлөлд сайд "тавиулуудаа" тавих уу?

Кино урлагийн зөвлөлд сайд "тавиулуудаа" тавих уу?

Кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Товчхондоо, УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан сурагтай.

Соёлын сайд Ч.Номин "Монгол Улс дэлхийн нэр хүнд бүхий кино урлагийн салбарын томоохон фестиваль болох Каннын наадам, дүрслэх урлагийн салбарт томоохонд тооцогдох Венецийн наадамд оролцохоор боллоо. Уран бүтээлчдийг Соёлын яамны дэмжинэ. Манай улс өнгөрсөн онд Кино урлагийг дэмжих тухай хууль баталсан. Ингэснээр дэлхийн томоохон киног эх орондоо бүтээх боломжийг бий болгосон. Холливудын дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургадугаар сард эхний киноны баг манай улсад ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн" тухай дуулгасан.

Хуулийг дагалдах журмаа баталсны дараа Кино урлагийн үндэсний зөвлөлийг байгуулна гэдгийг Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн өмнө нь хэлсэн юм. Үндэсний зөвлөл нь дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтална гэж хуульд тусгажээ. Зөвлөлийн гишүүдийн 30 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл, үлдсэн нь уран бүтээлчид, мэргэжлийн ТББ-ын төлөөлөл байх аж.

Мөн тус хуулийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна.

Мөн хуулиараа Кино урлагийг дэмжих сан байгуулах бөгөөд тэрхүү сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ. Тэгэхээр Монголын киночид кино уран бүтээлээ Кино урлагийн үндэсний зөвлөлийн 11 гишүүнээр “шалгуулж” байж визээ авахаас өөр аргагүй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн ирээдүй гэрэлтэх үү, бөхөх үү гэдэг нь Зөвлөлийн дарга, гишүүдээр хэн томилогдохоос л шалтгаална. Угтаа зөвлөлийн гишүүдийг кино уран бүтээлчдийн нийтийн хурлаас сонгох учиртай ч, сайд нь өөрийн “тавиул”-уудаа зүтгүүлэхээр бэлдсэн байх гэсэн хардлагыг төрүүлж буй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Кино урлаг бол стратегийн салбар” хэмээн үзэж, арилжааны бус киног, кино уран бүтээлчдийн хөгжил, хүний нөөц, дэд бүтцийн асуудалд онцгой анхаарал хандуулан 2019 оноос эхэлж жил бүрийн төсөвт 10 тэрбум төгрөгийг тусгахаар болсон. Салбарын хууль нь батлагдаагүй байсан учраас 2019, 2020 онуудын төсвийг Сангийн яамнаас эргүүлэн татсан.

Хяслантай нь Кино урлагийг дэмжих тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд “2022 онд улсын мөнгөөр кино уран бүтээл санхүүжүүлэхийг хориглоно” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн юм.

Кино урлагийг дэмжих тухай хууль нь 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд гурван Засгийн газар, гурван ажлын хэсгийн нүүр үзсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Уг ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо гэсэн 10 хүн ажилласан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж